С.УЯНГА

МАХН-аас Дархан-Уул аймгийнханд  хуульчдын баг илгээжээ. Тус аймагт УИХ-ын сонгуулийн 43 дугаар тойрогт  Л. Мөнхсайхан, 44 дүгээр тойрогт Ж.Сүхбаатар, 45 дугаар тойрогт Д.Араажив нар нэр дэвшиж байгаа бөгөөд гурвуулаа хуульч, эрхзүйч мэргэжилтэй хүмүүс юм. Тиймээс дарханчууд улс төрийн шинэ сонголтоо хуульчдын багийнхан гэж тодорхойлжээ. МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нэр дэвшигчдээ дэмжин богино хугацаанд амжилттай ажиллаж байна. Тэрээр Дархан-Уул аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзсан юм.

МАХН-аас УИХ-ын сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрт тусгагдсан 150 мянган хүн амтай, төмөрлөг хими, эрчим хүчний үйлдвэрлэл бүхий аж үйлдвэр инновацийн цогцолбор төв болгон хөгжүүлэх Жаргалын найман хотын нэг Дархан болох юм. Ингэснээр хот тус бүрийн онцлогт тохирсон их, дээд сургууль, иж бүрэн цогцолбор эмнэлэг, соёл урлаг, биеийн тамир спортын төвтэй болох аж. Дарханчууд ч Жаргалын найман хот төдийгүй 3500 мегаваттын хүчин чадал бүхий эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох ажлыг дэмжиж байна. Ялангуяа ахмадууд үр хүүхдийнхээ ирээдүйн амьдралыг баталгаажуулахын тулд 450 мянган өрхийг тэг түрээсийн зарчмаар орон сууцтай болгох, сургалтын төлбөрийг үе шаттайгаар төрөөс хариуцах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийг хүсч байгаагаа хэлэв. Тус аймгийн иргэн А.Цэцгээ “МАХН-ын дарга Н.Энхбаяр мянганы төмөр зам, үдийн цай хөтөлбөр, ахмад дайчдад орон сууц олгох гээд иргэдийн амьдралд үр шимээ өгсөн олон ажлыг эхлүүлж амжилттай хэрэгжүүлж чадсан. Улс даяараа доройтсон энэ үед яг л тэр үеийнх шиг зоригтой шийдэмгий зөв бодлоготой улс төрийн хүчин, улстөрчид хэрэгтэй байна. Эрүүл мэндийн хувьд хамгийн эрсдэлд байдаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, эх хүүхэд, малчдын эрүүл мэндийг төрөөс хамгаална гэж байгаа нь нүдээ олсон ажил. Мөн төр хувийн хэвшлийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг төрөөс дэмжиж чинээлэг дундаж өрхийг бий болгож байгаа нь маш зүйтэй ажил. МАН, АН эрүүл мэнд, сургалтын төлбөр, орон сууцаа зээлээр ав гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан байна лээ. Зээл дахиад л өр болно. Н.Энхбаяр дарга их өрийг тэглэж байсан. Одоогийн 22 тэрбум ам.долларын өрийг тэглэж чадна. МАХН-ынханд итгээд үзье” хэмээн сонгогчдод уриалсан юм.

МАХН-аас УИХ-ын сонгуулийн 44 дүгээр тойрогт нэр дэвшигч Ж.Сүхбаатар 23 насандаа Хуулийн сургуульд багшилж 24 насандаа ууган намын хуулийн зөвлөх, 25 насандаа хуулийн номуудаа гаргажээ. Улмаар 33 насандаа дарханчуудын сонголтоор төрийн түшээ болж түүнээс хойш Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга, байнгын хорооны дарга зэрэг хариуцлагатай өндөр албыг хашиж ирсэн туршлагатай тулхтай шударга улстөрч гэдгийг дарханчууд хэлж байна.  Тэрээр сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр Монголын төрийн босгыг намхан болгож улсын хөгжлийг мухардуулан сааруулагч нь намчирхал. Их Монголоо босгох гол арга зам бол чадварлаг хүмүүсээ дэмжин ажиллах юм. Оюун санааны хувьсгал хийх замаар өөрчлөлт хийх цаг болсон. Аль ч нам төрийн эрхэнд байхаас үл хамааран хүний нөөцөө, монголчуудын нийт хүчийг ашиглаж ажиллах нь чухал. Товчоор хэлбэл хөгжил гэдгийг монгол хүн эрүүл саруул орчинд амгалан тайван амьдрах гэж ойлгож байгаа” гэсэн юм.

Харин нэр дэвшигч Л.Мөнхсайхан, Д.Араажав нарын хувьд улсын чанартай 17 үйлдвэрийг 30 жил дарагдуулсан явдлыг шийдвэрлэж хотын өмчид буцаан авах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхийг зорьж, Дархан-Уул аймгийг хот болгож 100 мянган хүний ажлын байртай болгох, Хараа голын дагуу байгальд ээлтэй аялал жуулчлалын бүс бий болгох асуудлыг хөндөж тавихаар болжээ.

САЙХАН СУМЫНХАН АМЖАА ГАВЪЯАТЫН ХҮҮГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЭВ

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэдтэй өргөн хэмжээний уулзалт ярилцлага хийв. Тус аймгийн УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрогт эдийн засагч А.Энхболд нэр дэвшиж байгааг Хөтөл хотынхон талархан хүлээн авч байгаагаа ярьж байна. Сайхан сумын иргэдийн амьжиргааны түвшин доогуур, олон иргэн банкны зээлтэй байгаа энэ үед мэдэхгүй чадахгүй салбар ховорхон. Банк санхүү, эдийн засаг, газар тариалан бизнес спорт гээд олон зүйл сонирхолтой, түүнийгээ хөгжүүлэх чин эрмэлзлэлтэй нутгаа хөгжүүлье гэсэн сэтгэлтэй залууд итгэл хүлээлгэхээ уулзалтын үеэр онцоллоо. Мөн МАХН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан сумандаа амьдарч байгаа иргэдэд нээгдэх олон боломж, хөгжлийн гарцыг хэрхэн тодорхойлсныг сонирхож байв. Тухайлбал, сумын иргэд ажлын байртай, шинэ бизнес эрхлэх, тохилог орон сууцтай болох, үр хүүхдүүддээ чанартай боловсрол эзэмшүүлж, эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах зэрэг бүхий л боломж нээгдэж байгаа талаар иргэд байр сууриа  илэрхийлж МАХН-ын дарга Н.Энхбаяраас сонирхсон асуултдаа хариулт авав.

Иргэд, хөдөл­мөр­чидтэй хийсэн уулзалтын үеэр УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрогт нэр дэвшигч А.Энхболд “Хамгийн түрүүнд газар тариалангийн банк байгуулах эрхзүйн орчныг бүрдүүлэхийг зорьж ажиллана. Би банкны салбарт 10 гаруй жил ажилласан. Зээлдэгч, зээл олгогч хоёрын хэн юу хүсдэгийг сайн мэднэ. Хаана үржил шимтэй хөрс, газрын гарц байна тийшээ нүүдэллэж байна. Тэр нутаг Сэлэнгэ аймаг юм шүү. Энэ суурьшлыг орон нутаг, төр засаг зөв менежментээр зохицуулах үүрэгтэй. Аливаа зүйлд лидер хамгийн чухал. Лидергүй нам олон толгойтой ажил урагшлахгүй, шийдвэр гаргаж чадахгүй. Зууны түүхтэй лидертэй байна гэдэг манай намын хамгийн том давуу тал. Ю.Цэдэнбал дарга ч манай намын лидер байсан. Одоо Н.Энхбаяр дарга байна.Аав маань ч тэдний нэг байсан гэж боддог” гэв.

А.Энхболдын аав А.Амжаа гавъяат сэлэнгэ­чүүдийн төлөө олон зүйл хийсэн нэр хүндтэй гавъяатан байсан. Тиймээс аавынхаа ажил үйлсийг үргэлжлүүлэх нутгийн хүүг дэмжинэ гэдгийг Хөтөлийнхөн уриалав. Мөн Сэлэнгийн газар тариалангийн салбар уналтад орсон 1990-ээд оны үед А.Энхболдын авга ах тухайн үед Ард банкийг удирдаж байхдаа зоригтой шийдвэр гаргаж тариалан эрхлэгчдэд бага хүүтэй зээл олгож энэ салбарыг дампуурлаас аварсан түүхтэй. Дараа нь А.Энхболд яг тийм “Уриншийн зээл” хөтөлбөр хэрэгжүүлсэн  гэдгийг Сайхан сумынхан дурсч ямар ч үед том асуудлыг шийдвэрлэж чаддаг МАХН-ын багийнханд амжилт хүссэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин