Ч.ЗОТОЛ

Эмэгтэйчүүд эв нэгдлийн элч байя, аливаа асуудлаар ээжүүд үгээ хэлдэг байя. Эх хүн худал хэлдэггүй, хуурдаггүй, хуйвалддаггүй, урвадаггүй учраас хэн ч ямар ч тохиолдолд, тэр байтугай төр, засгийн төвшинд эхчүүд, эмэгтэйчүүдийнхээ үгийг сонсдог байя хэмээн  “Эмэгтэйчүүдийн их хуралдай”-н 800 төлөөлөгч өчигдөр нэгэн дуугаар уриаллаа.

Хуралдайг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн анхны эмэгтэй, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нээсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ   эмэгтэйчүүд ая тал харах бус өөрсдөө манлайлж, улстөрчдийн эрхшээлд орж шилний цаанаас мөсөн чихэр “долоох”   бус шударгаар тэмцэж, байр сууриа илэрхийлж байх ёстой. Ийм уриалгыг би бүх улс төрийн хүчин, ТББ, нийгмийн бүх салбарын эмэгтэйчүүдэд уриалж байна гэлээ.  

“Эмэгтэйчүүдийн их хуралдай”-н үеэр МАХН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага /АШЁМЭХ/    улс орны хөгжилд эмэгтэйчүүдийн оруулах хувь нэмрийг чухалчилж байгаагаа мэдэгдэв. Мөн үндэсний язгуур эрх ашиг, үндэсний бахархал, эрх чөлөө, хүний эрх, ардчилал, шударга ёс, эх оронч үзлийг үнэт зүйлээ болгон  эрхэмлэж, энэ үүднээс  нээлттэй нийгмийг төлөвшүүлэхийн төлөө зорилт тавин ажиллаж байна гэв.  “Шударга ёс-Монголын эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо”  өнгөрсөн онд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тэмцэгч ээжүүдийн санаачилгаар “Монгол ээжүүдийн анхдугаар их хуралдай”-г зохион байгуулсан юм. Энэ удаа  хүрээгээ тэлж 800 хүний төлөөлөлтэйгээр хийж байгаа ажээ. Цаашид  “Монгол ээжүүдийн хуралдай” ТББ болгон зөвхөн нэг намын бус улс төрийн бүх хүчин, нийгмийн салбар бүрийн тэгш оролцоог хангаж,  асуудал дэвшүүлсэн өргөн сэдвээр хуралдахын зэрэгцээ гаргасан  шийдвэрээ төр, засагт хүргүүлдэг байх талаар  төлөөлөгчдийн олонх нь  санал дэвшүүллээ.

Эмэгтэйчүүдийн их  хуралдайд МАХН-ын  удирдлагууд, улс төрч  эрчүүд  ихээхэн ач холбогдол өгч, биечлэн оролцож, үг хэллээ.  Тухайлбал, тус намын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва,  Сангийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Улаан, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, О.Баасанхүү, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба болон нарийн бичгийн дарга нар, Гүйцэтгэх товчооны гишүүд хүрэлцэн ирсэн юм.  МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва улс орон, нийгмийн бүхий л салбарт шударга үнэнийг тогтоохын төлөө өөрсдийн дуу хоолойг хүргэж, үнэ цэнэтэй хувь нэмрээ оруулж буй эмэгтэйчүүдэд баяр хүргэлээ. Мөн сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг газар авч түүний золиос нь эмэгтэйчүүд болж, амь насаа алдах нь жилээс жилд өсч  байгаад төр, засаг анхаарал хандуулах, өрх толгойлсон эмэгтэйчүүд нийт өрхийн 12 хувийг эзэлж байгаад сэтгэл эмзэглэж байгаагаа тэмдэглээд шийдвэр гаргах төвшинд санал дэвшүүлж, шийдвэрлүүлэхийн төлөө ажиллахаа амлав. Тус намын  Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба   МАХН-ын дарга Н.Энхбаяраас  Эмэгтэйчүүдийн их хуралдайн төлөөлөгчдөд баяр хүргэснийг уламжлаад “Улс оронд тулгамдаж байгаа чухал асуудлуудыг шуурхай хүлээж авах, зөв бодлогыг нь хүлээн авч, бурууг нь шүүмжлэх хүмүүс нь хамгийн түрүүнд эхчүүд, эмэгтэйчүүд юм. Эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудал нь нийгмийн өмнө тулгамдсан асуудал гэж болно. Ямар асуудлууд байгааг хуралдайгаар  хөндөж, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн байр суурийг хүргэж байгаа нь чухал” болохыг тэмдэглэв.

МАХН-ын эмэгтэй­чүүдийн байгууллагаас хуралдайн төлөөлөгчдөд  таван сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо сэдвээр,  АШЁМЭХ-ны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Л.Сэлэнгэ Монгол орны байгаль экологи, газар шороо, үндэсний аюулгүй байдал сэдвээр,  нарийн бичгийн дарга Л.Лхагвацэдэн  эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлаар,  МАХН-ын гишүүн, эдийн засгийн ухааны доктор  Ц.Долгорсүрэн  өнөөгийн эдийн засаг, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт, бага хүүтэй зээлийн бодлого  сэдвээр, Монгол ээжүүдийн анхдугаар их хуралдайг санаачлагч, “Хүүхдийн төлөө халуун болор” ТББ-ын тэргүүн А.Одончимэг эмэгтэйчүүдэд тулгамд­сан асуудал сэдвээр  тус тус илтгэл тавилаа. Хуралдайн төгсгөлд эмэгтэйчүүдийн квотын асуудлыг сонгуулийн  хууль болон улс төрийн намын тухай хуульд суулгаж өгөх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тэтгэмжийн асуудал зэрэг илтгэлд  хөндөгдсөн асуудлууд, төлөөлөгчдийн саналыг нэгтгэн  төр, засгийн бодлогод тусгуулахаар  зөвлөмж, уриалга гаргасныг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарт гардууллаа.