Ч.ҮЛ-ОЛДОХ
Оюутолгой Монголын талд ашгаа өгнө, өгөхгүй хэмээн маргаж байгаа С.Ганбаатар, С.Баярцогт нарын “дуэль” өнөөдөр болно. Одоогоос хоёр жилийн өмнө яг өдийд Оюутолгойн гэрээ батлагдаж, түүнд оролцсон болгоныг МАНАН-гийн Засгийн газар “будаатай хуургаар” дайлсан шигээ Төрийн ордныг замын гуанз шиг болгочихоод байсныг олон хүн санаж байгаа биз. Тэгвэл тэрхүү “будаалгын” танхимд өнөөдөр хоёр гишүүн халз мэтгэлцэж, нээлттэй “зодолдох” бөгөөд хэвлэл, мэдээллийнхэн шууд дамжуулна. Нэг нь тухайн үед Сангийн сайдаар ажиллаж, Оюутолгойн ордын хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн биржид зарагдаж эхэлсний таван жилийн ойд оролцон “Айвенхоу майнз” компанийн удирдлагуудын хамт нээлтийн хонх цохиж явсан эрхэм.
Нөгөө нь “Оюутолгойн гэрээ Монголд ашгаа өгөхгүй. Хувийн зардлаараа гадаадад очиж хонх цохисон Сангийн сайд огцор” хэмээн гудамжнаас хашгирч, Үйлдвэрчний эвлэлүүдийг жагсаалд уриалж явсан юм.
Өдгөө Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ тойрсон асуудал ямар байна гэвэл, Үндсэн хууль болон бусад хуулиудыг илэрхий зөрчсөнийг нь амтай болгон ярьж, УИХ-ын төвшинд гэрээ батлахаас эхлээд өнөөг хүртэл тэмцэж ирсэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын эсэргүүцэл үргэлжилсэн хэвээр байна. Тэдний шаардлагаар эхний ээлжинд Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах, сайжруулах 57 тоот тогтоолыг УИХ 2009 онд баталсан ч Засгийн газар хэрэгжүүлээгүй. Тиймээс тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярт хариуцлага тооцох, түүний залгамжлагч Сү.Батболдыг огцруулах шаардлагыг 19 гишүүн УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барьж байв. Хамгийн сүүлд “Шинэчлэлийн” Засгийн газар мөрийн хөтөлбөртөө Оюутолгойн гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолд нийцүүлэн сайжруулахаар тусгасныг ажиглагчид өмнөх танхимын алдааг засах нь хэмээн харж байв.
Гэтэл тэр нь дүр эсгэсэн төдий, харин ч тэрхүү нэхэл хатуутай 57 дугаар тогтоолыг дахин нэхэгдэхгүй болтол алга болгочихлоо. Тухайлбал, энэ асуудлыг УИХ-д оруулах, эсэхийг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд нэг хүний саналаар унагаж орхисон. Ингэснээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн “Ажил, орлоготой Монгол хүн” гэсэн бүлгийн уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын 15 дахь “Гадаадын хөрөнгө оруулагчтай харилцан ашигтай байх зарчмыг баримтлан ажиллана. Оюутолгойн бүтээн байгуулалтын анхны хөрөнгө оруулалтын нөхцлийн дараа хоёр тал харилцан ашигтай байх зарчмыг баримтлан гэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээрийг үргэлжүүлнэ” гэсэн зарчмын заалт ч “дашийн шог” болсон.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт одоо Оюутолгой гэсэн үг, үсэг ч алга. Гэрээний тухай заалтад “.... уул уурхай, эрчим хүч, газрын тосны салбарт өмнө байгуулсан тогтвортой байдлын, хөрөнгө оруулалтын, бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдэд өөрчлөлт оруулах асуудлыг судалж, хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцож хийнэ” гэсэн ерөнхий бөгөөд бүрхэг заалт л орсон байна. Үүнээс үүдэж С.Ганбаатар Оюутолгойн гэрээг батлуулах гол хорыг найруулсан Сү.Батболдын танхимын сайд нар, тэр дотор гоцлоочийн үүрэгтэй оролцсон С.Баярцогтыг ийнхүү ирүүлд дуудаад байгаа нь энэ. Хэн ялахыг харах л үлдлээ.
С.Баярцогт Оюутолгойн гэрээ эхнээсээ одоог хүртэл ямар шат дамжлагаар явж, юу болсныг хамгийн сайн мэдэх хүн. Гэтэл С.Ганбаатар түүнийг хамгийн сайн мэдэх сэдвээр нь дуэльд дуудчихаад байхад өдөр, цагаа товлохгүй өрөөндөө бүгж, аймхай хулчгараараа дуудуулав. Боксоор бол рингэнд тулалдаж буй тамирчны нэгдүгээр дүрэм нь үзэмжийн алдаа гаргахгүй байх. Өөрөөр хэлбэл, ямар ч сайн боксчин хальтираад уначих юм бол үзэгчид доош нь хийж, шүүгч тэр л хандлагаар шүүдэг нь туршлагаар нотлогдсон зүйл. Тэгвэл, С.Баярцогт хасах оноотойгоор халз мэтгэлцээнийг эхлүүлэх нь. Гэхдээ хэл үгээр С.Ганбаатараас дор орохгүй байх. Гэсэн ч яаж ч мэтгэлцсэн Оюутолгойн гэрээ Үндсэн хууль болоод бусад хуулиудыг зөрчсөн нь үнэн. Монголчуудад ашиггүй болсон нь үнэн. С.Баярцогт Сангийн сайд байхдаа Оюутолгойн ордын хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн биржид зарагдаж эхэлсний баярт хувийн зардлаараа оччихсон нээлтийн хонх цохиж явсан нь ч үнэн. Гэвч түүнд давуу тал бий. Өнөөдөр нам нь засгийн эрх барьж байгаа учраас тэр дуэльд ялагдсан ч, уснаас хуурай гарах нь үнэн.

С.Ганбаатар Оюутолгойн гэрээг Монголын талд ашигтайгаар өөрчлөх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа юм. Гэхдээ Оюутолгойн гэрээг ид ярьж, УИХ-аар баталж байхад тэрээр УИХ-ын гишүүн биш, гудамжны тэмцэгч байв. Тиймээс гишүүдийн хаалган доогуур шургуулсан 500 орчим хуудастай хөрөнгө оруулалтын гэрээг дагалдсан “Ордны нууц хор”-ын учрыг олж, хужрыг тунгаасан болов уу. Хэдийгээр тухайн үед нэг нь сайд, нөгөө нь гудамжны тэмцэгч байсан бол өнөөдөр хоёулаа УИХ-ын гишүүн. Хэл, үгээр байлдахад хэн нь ч хэнээсээ дутахгүй болсон. Хамгийн гол нь өнөөдөр С.Ганбаатарын ард “Оюутолгойн гэрээг Монголын ард түмэнд ашигтайгаар өөрчил, сайжруул” гэсэн 2.7 сая хүнтэй том арми байна. Олон нийт ямагт сөрөг хүчний талд байдаг. Тиймээс шударга үнэн гэж байдаг бол С.Ганбаатар ялах нь үнэн. Халз мэтгэлцээн, нээлттэй “зодоон”-ыг хэвлэл,мэдээллийнхэн шууд нэвтрүүлснээр Оюутолгойн гэрээ, түүнийг баталсан “Ордны нууц хор” болоод “Жор баригч түшмэл”-үүдийн хэрэг илчлэгдэх нь үнэн.