М.ХҮСЛЭН
Египетийн шүүх тус улсын Ерөнхийлөгч асан Мохаммед Мурсид хоёр дахь удаагаа бүх насаар нь хорих ял оноосон байна. Түүнийг Катар улсад тагнуулын мэдээлэл дамжуулсан хэмээн яллажээ. Дээрх хэргээр шүүхээс зургаан хүнд цаазаар авах ял оноосон байна. Тэдний дунд гурван сэтгүүлчийг эчнээ яллав. Түүнчлэн хоёр хүн бүх насаараа хоригдох ял авчээ. Ял авсан хүмүүс давж заалдах эрхтэй аж.
Египет улсад үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон “Мусулман ахан дүүс” байгууллагын тэргүүн Мохаммед Мурси өмнө нь бас цаазаар авах болон бүх насаар нь шоронд хорих ял сонсч байсан. Тэгэхэд түүнийг хэд хэдэн хэргээр буруутгаж байв. Түүний дотор 2011 онд Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн эсэргүүцсэн жагсаал, хөдөлгөөний үеэр хоригдлууд шоронгоос олноороо зугтахад нөлөөлсөн болон Палестины “ХАМАС” бүлэглэл тагнуулын мэдээлэл дамжуулсан зэрэг олон ял тулгасан билээ.
2013 оны долдугаар сард Египетийн цэргийнхэн тус улсын түүхэнд анх удаагаа ардчилсан зарчмаар сонгогдсон Ерөнхийлөгч Мохаммед Мурсиг албан тушаалаас нь хүчээр огцруулж, баривчилсан аж. Түүний дараа Мурсийн хамсаатнуудыг мөрдөн мөшгих ажиллагаа эхэлж “Мусулман ахан дүүс” хөдөлгөөний олон мянган гишүүд баривчлагдсан. Олон зуун хүнд цаазаар авах ял оноож, олон мянган хүн шоронд хоригдсон юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин