М.ГАН
УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулах, Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагыг чөлөөлөх, томилох болон Монголбанкны дэд ерөнхийлөгчийг томиллоо. Дээд шүүхийн шүүгчдэд Х.Сонинбаяр, Х.Батсүрэн нар нэр дэвшив. Гишүүд нэр дэвшигчдэд асуулт тавьж, хэд хэдэн санал хэлснээс заримыг дурдвал Ц.Даваасүрэн гишүүн шүүгчдийн томилгоотой уялдуулан шүүхийн байгууллагын ажиллагаа сайжрахгүй, янз бүрийн нөлөөнд автаж шударга бус шийдвэр гаргаж байгаа, шүүгчийг хараат бусаар ажиллуулахын тулд ахуй амьдрал, хангамжинд нь төдий л анхаарахгүй байгааг шүүмжлээд тэднийг ямар шалгуураар оруулж ирснийг асуулаа. Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг “Одоогийн дагаж мөрдөж байгаа хуулиар УДШ-ийн шүүгчээр нэр дэвшигчийг УИХ-д танилцуулснаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ гэж байгаа. Хяналтын шатны шүүхэд ямар шүүгч томилогдох гэж байгааг хууль тогтоох дээд байгууллага УИХ-д танилцуулдаг байх заалт нь өөрөө шүүхийн хараат бус байдлыг хангаж байгаа болов уу. ШЕЗ-ийн олонхийн санал авсан энэ хоёр хүн шүүгчийн сонгон шалгаруулалтад орж, мэргэжлийн шалгалтад тэнцсэн учраас нэр дэвшсэн. Ер нь ШЕЗ-ийн даргын захирамжаар батлагдсан журмын дагуу шүүгчээр ажиллах болзлыг хангасан хүмүүс сонгон шалгаруулалтад ордог. Шүүхийн тухай багц хуулийг шинэчилснээр Шүүгчийг сонгон шалгаруулах журам үндсээрээ өөрчлөгдөж олон улсын жишигт нийцэж байгаа. Хоёр нэр дэвшигчийн хувьд 20-25 жил ажилласан, мэдлэг туршлагатай, шударга ажиллаж байгаа, цаашид ч ингэж ажиллана гэсэн үүднээс оруулж ирж байгаа” хэмээв. Мөн Д.Тэрбишдагва гишүүн “Шүүхийн орчин шинэчлэгдэж байгаа өнөө үед шүүхийн практик дээр шүүгч нар ёс зүйгүй, харилцаа муутай байгаа, шүүгч хүн шударгын дээр ёс суртахуунтай байх учиртай” хэмээн хэлж байв. Мөн гишүүн О.Баасанхүү “Тэтгэвэрт гарах болсон хөгшин шүүгчдийг тэтгэвэрт гаргая, шүүгчид шударга ажилладаг байх ёстой” гэв. Ийнхүү хуульд зааснаар шүүгчид нэр дэвшигчдийн талаар нэгдсэн чуулган дээр санал хураалгүй, УИХ-д танилцуулсан тухайд УИХ-ын дарга Ерөнхийлөгчид танилцуулахаар боллоо.

УИХ-аар хэлэлцсэн хоёр томилгоо нь Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн байв. СЕХ-ны дарга Н.Лувсанжавыг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Тэрээр ажлын ачаалал их байна, эмчлүүлэх шаардлагатай гээд ажлаа өгч байгаагаа өргөдөлдөө дурджээ. Энэ тухай Ө.Энхтүвшин гишүүн “Н.Лувсанжавын ачаалал ихэдсэн биш, түүнийг шахсан” гэсэн бодолтой байгаагаа илэрхийлж, асуудлыг зөвшилцөхийн оронд шууд намын, улс төрийн томилгоо хийж байна хэмээн шүүмжилсэн юм. Харин Д.Тэрбишдагва гишүүн орон нутгийн сонгуулийн өмнөхөн шинэ удирдлага томилогдож байгаа тул ирэх сонгуулийг шударга, маргаангүй явуулна гэж найдаж байгаагаа илэрхийллээ. Тэрээр “Н.Лувсанжав их ядарсан байх. Буруу шийдвэр гаргасан хүн ядарч таараа. УИХ-ын сонгуулийн үеэр манай намын нэр дэвшигчдийг боловсролгүй, чадваргүй, эх орноо гэх сэтгэлгүй гэсэн шалтгаанаар жагсаалтаас хассан. Ажлаа дийлэхгүй ядрах нь зөв. Ажлаа өгч байгаа нь ч зөв” гэв.
Үүний дараа СЕХ-ны даргыг томилох асуудлыг хэлэлцсэн бөгөөд тус хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ч.Содномцэрэнг энэ албан тушаалд томилов. СЕХ-ны нарийн бичгийн даргаар Б.Алтанжаргалыг, СЕХ-ны гишүүнээр Д.Дэлгэрцогтыг томиллоо.
Э.БАТШУГАР: ӨНДӨР ИНФЛЯЦ, ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛНА
Мөн Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Э.Батшугарыг томиллоо. Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн тухай тус хорооны санал, дүгнэлтийг С.Одонтуяа гишүүн танилцуулав. Э.Батшугар нь 1987 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994-2000 онд нийслэлийн 14 дүгээр дунд сургуульд суралцаж байгаад 2000-2004 онд АНУ-д суралцан бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2004-2008 онд АНУ-ын Вентлигийн их сургуулийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр дүүргэсэн, 2008-2010 онд Же Пи Морганд санхүүгийн мэргэжилтэн, 2011-2012 онд “Сод маргад” компанийн гүйцэтгэх захирал, 2012 оноос МАХН-ын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Англи, орос хэлтэй түүний мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзан ийнхүү нэр дэвшүүлж байгааг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ж.Батзандан мэргэжлийн ур чадварыг нь харгалзан нэр дэвшүүлснийг дэмжиж залуу хүн эрч хүчтэй, сайн ажиллахыг хүсэв.
А.Бакей гишүүн “Чухал хариуцлагатай албанд залуу хүнийг нэр дэвшүүлснийг дэмжиж байна. Төрийн албанд мэргэжлийн ёс зүйгээ баримтлан ажиллаарай. Монголын санхүүгийн хоёр гол хүний нэг болох гэж байна. Монголбанкинд багаар ажиллаж чадах уу” хэмээн асуув. Нэр дэвшигч Э.Батшугар “2013 онд Монголбанк томоохон зорилт тавьсан. Тэр бүгдийг хэрэгжүүлэхийн тулд гар, сэтгэл нийлж өөрийн туршлага, мэдлэгийг дайчлан ажиллана. Ирэх онд өндөр инфляц, зээлийн хүүг бууруулах том зорилт бий. Энэ бүгдийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана” гэв. Гишүүд ийнхүү хэлэлцэн санал хурааснаар хуралдаанд оролцсон гишүүдийн 85,4 хувийн саналаар Э.Батшугарыг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томиллоо.