Таамаг зөгнөл

Т.АНАНДА

Оросын сошиал медиа ертөнцөд хамгийн олон шерлэгдээд байгаа сонирхолтой мэдээллийг толилуулъя. Украины дипломатч Орост хувьсгал гарч болох огноог таамаглан зарлажээ.

Украины дипломатч Юрий Щербак 2017 онд Орост хувьсгал гарна гэж “Радио Свобода” радиод өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. “Миний бодлоор бол энэхүү хувьсгалын гол үндэс суурь нь зөвхөн эдийн засгийн төдийгүй мөн Орос орны хөгжлийг тодорхойлогч сэтгэл зүй, түүхийн хүчин зүйлстэй ч холбоотой. Би нүглийн төлөөс байдаг гэх Бурханы сургаал номлолыг тунхаглаж байна, хийсэн үйлийнхээ төлөө хүн ч, ард түмэн ч Бурханы шийтгэлийг хүлээдэг. 2017 он нь түүхэн дэх хамгийн аймшигтай, хамгийн цуст хувьсгалын 100 жилийн ой болохынхоо хувьд их чухал гэж үзэж байна” хэмээн тэр хэлжээ. Түүний үзэж байгаагаар 1917 оны хувьсгал, иргэний дайны үед гарсан олноор нь хядах, хэлмэгдүүлэн хороох аймшигт хэргүүд Орос оронд 2017 онд эргэн ирэх гэнэ. “Ингэж үзвэл миний таамаг зөгнөлийн эхний хэсэг нь цэвэр метафизик шинжтэй. Орос орон үүнд ойртон очиж байгаа нь надад мэдрэгдсээр байна. Учир нь Орос улс шударга дайн хийж байхдаа, өөрийгөө хамгаалж байх үедээ хүчирхэг байдаг. Үүнийг нацистын түрэмгийлэгчдийг бут цохисон 1941-1945 оны дайн нотлон харуулсан. Харин одоо бол Орос улс ямар ч хариуцлагагүй, шударга бус тэмцэлд оролцож байна” гэж Юрий Щербак тодорхойлов. Тэрбээр цааш нь “Хэрвээ Орос орныг шударга бус тэмцэлд татан оролцуулж, Турктэй түнжин хагарахад хүргэн Орос орны түүхэн хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа Путиныг ямар нэгэн аргаар зайлуулахгүй бол аймшигтай зүйл тохиолдоно. Оросын элитүүд ч, цэргийнхэн ч, улстөрчид ч Путиныг зогсоох ёстой” гэж оросуудад хандан уриалжээ.

Эх сурвалж: www.polit.mn