Х.ЦОМ
МАХН-ын сонгуулийн төв штабын дарга Э.Эрдэнэжамъян болон УИХ-ын сонгуулийн 75 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвшигч О.Цолмонгийн сонгуулийн штабын менежер Ц.Уугангэрэл нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр 75 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвшигч О.Цолмонгийн сонгуулийн штабын менежер Ц.Уугангэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.
- Нэр дэвшигчидтэй холбоотой бараан мэдээллүүд их байна. Ялангуяа цахим орчинд. МАХН-аас нэр дэвшигч О.Цолмонтой холбоотой таагүй мэдээлэл ч цацагдсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Менежер хүн өдийд сонгуулийнхаа сурталчилгааны ажлыг зохион байгуулаад явж байх ёстой байтал энд мэдээлэл хийгээд сууж байна. 2016 оны зургадугаар сарын 15-ны өдөр буюу уржигдар Монгол мессенжер цахим хуудсаар нэр дэвшигч О.Цолмонгийн сонгуулийн сурталчилгааны үеэр хүн нас баржээ гэсэн худал мэдээлэл цацсан. Манай нэр дэвшигч 75 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа. Гэтэл өөрийнх нь зургийг тавиад 72 дугаар тойрогт нэр дэвшигч О.Цолмон гэж хэвлэж тараасан байгаа юм. Тэгэхээр О.Цолмон 72 дугаар тойрогт нэр дэвшээгүй, 75 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа. Мөн манай нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үеэр ямар нэг асуудал гараагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
-Сурталчилгааны самбарийг устгах, сүйтгэх явдал 75 дугаар тойрогт их гарч байгааг та хэлж байсан?
-УИХ-ын сонгуулийн 75 дугаар тойрогт нэр дэвшигч О.Цолмон сонгуулийн сурталчилгааны албан ёсны цахим хуудастай. Ононгийн Цолмон цахим хуудас 6000 гишүүнтэй байсан. Гэтэл хакердаад устгачихсан. Тиймээс бид цахим хуудсыг шинээр нээгээд явж байна. Зөвхөн манай тойрог дээр гэхэд сонгуулийн сурталчилгааны зурагт хуудсыг устгах явдал хэрээс хэтэрлээ. Өнгөрсөн шөнийн байдлаар гэхэд 15 зурагт самбарыг устгачихлаа. Энэ явдал хэрээс хэтэрлээ. 2*9 метрийн хэмжээтэй есөн ширхэг зурагт самбарыг устгасан. Энэ бол маш их хөдөлмөр, асар их мөнгө. Ингэж хорлон сүйтгэсэн байдлаар шударга бусаар сонгууль явуулах ямар хэрэгтэй юм хэмээн иргэдээс зураг, мэдээлэл ирсээр байна. Мөн нэр дэвшигчийг сонгогчидтой уулзалт хийх явцад бүлэг хүмүүс дагаж яваад уулзалтыг саатуулах үйл ажиллагаа явуулж байна. Бид ямар хүмүүс яваад байгааг мэдэж байна. Тэдэнд мөнгө төлсөн байна. Тиймээс зохих байгууллагуудад мэдэгдсэн. Нэр дэвшигчид хуулийн дагуу шударгаар өрсөлдөхийг уриалж байна.
Эх сурвалж: www.polit.mn