М.ГАНЦЭЦЭГ
Өвөрхангайн Уянга. Улаанбаатарыг дуурайн хөгжиж буй хотожсон сум. Хотоос ялгаатай нь гэвэл хэд дахин жижигхэн, хоггүй цэвэрхэн, бас утаагүй. Ийм нэгэн сумын нэг өдрийн амьдрал, Засаг дарга П.Загарзүсэмийн ажлыг сурвалжиллаа. Уянга сум гэхээр уул уурхай буцалсан, шороо тоосондоо булагдсан, “нинжа” нар хөлхөлдсөн нутаг гэж төсөөлж байв. Бодсоноос тэс өөр сум биднийг угтсан юм.

ЖИЖИГРҮҮЛСЭН ЕРӨНХИЙ САЙД
Сумын Засаг дарга П.Загарзүсэм өглөөний шуурхайгаа эхлүүлжээ. Тамгын газрын дарга З.Дагвасүрэн, газрын даамал С.Саранцэцэг нар Засаг даргын өрөөнд хуралдав. Сумын төвийн худгийг тойруулаад хашаа барьсан нь энэ өглөөний асуудал болжээ. Засаг дарга өмнөх өдөр нь хашааг зориуд тойрч үзсэн гэнэ. Сумын иргэд тийм том хашаа хэзээ, хэн яагаад барьсныг даргаасаа асууж шалгаагаад амар заяа үзүүлэхгүй байна гэнэ. Юу болоод байгааг газрын даамлаасаа лавлаж асуудлыг өнөөдөртөө багтааж шийдэх үүрэг өглөө. Хашаа барьсан хүмүүст нь аятайхан ойлгуулаад, худгийн хамгаалалтын, ариун цэврийн бүсэд андуураад хашаа барьчихжээ гээд сайн хэлж ажлаа зогсоох ёстойг сануул гэлээ.
Сумын хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн Ш.Долгорсүрэн гуай орж ирлээ. Сумын иргэд ажилтай, орлоготой байх гол ажлыг нугалдаг эмэгтэй юм байна. 2001 оныг Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгосон. Энэ жилийг тус аймаг ажлын байрыг нэмэгдүүлэх жил болгон зарлажээ.Уянга сум жилд 747 ажлын байр бий болгож хамгийн олон ажлын байр бэлдсэн сумаар шалгарч Засгийн газрын өргөмжлөл хүртжээ. Тус сум блокны цехтэй, тоосгоны үйлдвэр, гэрийн мод, нарийн боов, хэрчсэн гурил, оёдлын чиглэлээр иргэд нь голдуу ажилладаг байна. Засаг дарга хэдэн тушаал, шийдвэрт гарын үсэг зурж тамгалчихаад “Алив гарцгаая, гадуурх ажил юу болж байна. Та хэдэд танилцуулъя, миний хийх ажил юу байна” гэсээр гарлаа. Дарга л гэхээр өрөөндөө шигдээд суудаггүй бололтой. Төрөл бүрийн ажилтай юм уу даа. Тэрээр “Хөшөө дурсгалаа хийх гэж уран барималч болно, цэвэр, бохир ус, дулааны инженер, хөдөө мал аж ахуйн мэргэжилтэн болно, иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудлаар цагдаа ч болох юм. Заримдаа ч учир зүггүй юм болно оо, жижигрүүлсэн Ерөнхий сайд л гэсэн үг. 10 мянган хүнтэй суманд асуудал мундахгүй юм. Одоо сэрүү орлоо. Сумынхан сургууль, эмнэлэгтэй ойр буумаар байна. Газар олгож өгөөч, бараг л эмнэлгийн чинь хашаанд гэрээ барьчихмаар байна гэх нь холгүй байдаг” гэж ярив.

Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэн Уянга сумынх юм билээ. 1912 онд томилогдож тухайн үедээ Ерөнхий сайдын ажлаа нутгаасаа явуулж байсан ч гэдэг. Түүний 100 жилийн ойд зориулсан хөшөө, талбай, нэрэмжит гудамж, ёслол хүндэтгэлийн өргөөг барьж байгаа аж. Т.Намнансүрэнгийн нэрэмжит талбайд ид ажил өрнөж байлаа.
П.Загарзүсэм даргын аавынх нь зургийн цомогт анхны Ерөнхий сайдын залуугийн зураг байж. Түүнээс нь хөрөг татаж хөшөөг нь хийх санаа төрсөн байна. Зүүн талдаа мөнх цэвдэгтэй гэсэн учир Уянгынхан баруун тийшээгээ тэлж буй тухай Засаг дарга танилцуулахад талбай дээр ажиллаж байсан яриа хөөрөөтэй өвгөн ирж сумын сонин сонсгов. Түүнийг Д.Даваасүрэн гэдэг, сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын ажилтай. Тэрээр ийм талбайтай сум Монголд байхгүй, бүтээн байгуулалт хаана буцалж байна, манай энд л байна даа гэсээр бидэнтэй үгсэв. Арай л жижигхэн болохоос Сүхбаатарын талбайтай дүйхээр харагдана. Талбайн дунд Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн хүрэл хөшөөг байрлуулжээ. Хүрэл нь хөшөө хийдэг хамгийн дээд зэргийн материал. Өвөрхангайн хамгийн анхны хүрэл хөшөөнд тооцогддог байна. Мөн аймгийн хэмжээнд хамгийн том хөшөө бөгөөд Ерөнхий сайдын залуугийн дүр төрхийг мөнхөлжээ. Хөшөөний эргэн тойрны хөрсийг хуулж хайрга асгаж, дээр нь бетон, цементэн зуурмаг асгаад ажил үргэлжилж байлаа. Хааш, хаашаагаа 50 метртэй талбай байх бөгөөд ойр орчимд нь гэрэлтүүлэг, цэцгийн мандал , мод тарих юм гэсэн.
Сумын өмнөх хэсэгт 10 гаруй га газарт цэцэрлэгт хүрээлэн барьж байгаа аж. Хүүхэд залуучуудын парк гээч юм Улаанбаатарт бий дээ, яг тэр чинь энэ шүү дээ гэсээр хурлын нарийн бичиг Д.Даваасүрэн Засаг даргынхаа тайлбар дээр нэмж хэллээ. Тэнд хэдэн мянган мод тарина. Энэ жил хашааг нь барьчихлаа. Энэ сургуулийн дээврийг хар даа. Улаан төмрөн байгаа биз. Орон нутгийн хөгжлийн сангаас 16 сая төгрөг гаргаж зассан юм. Шар айрагны лааз шиг нимгэн юм шүүр шанага шиг болчихсон. Орон нутагтаа байшингийнхаа дээврийг шийдчихдэг жишээ энэ дээ. Бусад аймаг, сум сургуулийнхаа дээврийг засах гэж учраа олохгүй УИХ, Засгийн газар, яам хүртэл явдаг. Манайд бол сургуулийн захирал, сумын Засаг даргатай ярилцаад шийддэг жишээ энэ гэдгийг нарийн бичиг өвгөн дарга танилцуулав. Сумынхан өөрсдөө барилга байшин барьж, дээвэр туургаа янзалчихаар аймгийн санхүү, Сангийн яамнаас шалгаад тайван суулгадаггүй зовлонтойг Д.Даваасүрэн гуай учирласан. Тэгэхээр сангийнхаа мөнгөөр хийхээр төлөвлөсөн ажлаа шалавлан дуусгаж санаа амрах хэрэгтэй гэж ИТХ-аас Засаг даргыг шамдуулж байгаа гэнэ.
Энэ тухай тодруулахад, Уянга суманд уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулдаг учир тэднээс хандив тусламж авч Орон нутгийн хөгжлийн сан байгуулжээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нэг тэрбум төгрөг хуримтлуулж, түүгээрээ хөшөө, талбайгаа барьж, сургуулийнхаа дээврийг засчээ. Сум өөрийн мэдлийнхээ мөнгөөр ажил хийхээр Сангийн яамнаас олон удаа шалгадаг гэнэ. Энэ тухай Д.Даваасүрэн гуай “Яамнаас шалгаад, шалгаад даанч юм илрээгүй. Одоо ажлаа дуусгая, сангаа ч өндөрлөе, ядаргаатай юм” хэмээн халгав.
П.Загарзүсэм даргын дараагийн ажил нь цэвэр, бохир ус дулааны инженер. Талбай тойруулан цэвэр, бохир усны шугам ухаж, дуулааны шугамын хоолой татжээ. Цэвэр ус нь аль хоолойгоор урсах, бохир ус нь хаагуур дамжиж яваад цэвэрлэх байгууламжинд очих гээд бүгдийг нь Засаг дарга танилцуулав. Т.Намнансүрэнгийн талбайгаас сумын зүүн тал, түүнээс хойш чиглэсэн 500 км хатуу хучилттай автозам барихаар сайжруулсан засч байлаа. Орчин үеийн жижигхэн хот болон хөгжих төлөвлөгөөтэй гэнэ. Энэ бүгдийг иргэдийнхээ амьдрах таатай орчинг бүрдүүлэх зорилготой хийж буйг онцолсон.
Засаг дарга хөдөө аж ахуйн мэргэжилтэй юм билээ. Наймдугаар ангиа төгсөөд, техникумд суралцсан. Онц төгсөөд ХААДС-д сурсан. Тэндээ хоёр жил сураад Румины хөдөө аж ахуйн академид таван жил сурчээ. Хотод мэргэжлийнхээ чиглэлээр ажиллаж байгаад Уянга сумын Засаг дарга болж хөдөө ирсэн хотын залуу юм байна. 2008 онд сумын сонгуульд бие дааж өрсөлдөөд ялжээ. Уг нь сумын Иргэдийн хуралд Ардчилсан нам олонхи, Ардын нам цөөнх юм билээ. Гэсэн ч бие даагч, хотоос ирсэн төлөөлөгчийг Засаг дарга болгосон нь сонин байв. Уг нь Засаг дарга Ардын намын угшилтай гэнэ. Гэтэл Ардчилсан намынхан дэмжиж Засаг даргаар томилсон нь Уянга сумын төлөө ажиллах зүтгэл байгааг нь анзаарсан бололтой. Одоогоор намын гишүүнчлэлээ сэргээсэн, гэхдээ сумын сонгуульд дахиж өрсөлдөх бодолгүй гэсэн. Засаг даргын олон төрлийн ажлын дундуур нам, сонгуулийн тухай ярьж амжаагүй л дээ. Үдийн хоолны үеэр улс төрийн тухай сонирхоод олж мэдсэн маань энэ. Хотоос ирсэн дарга гэхээр гэр бүлийг нь асуух шаардлагатай болов. Хүүхдүүд нь сургууль, соёлтой учир хөдөө ирээгүй, хотдоо үлдсэн гэнэ. Гэр бүл нь хотод, ажил нь хөдөө юм байна. Ийм дарга нарыг хотоос ирсэн “үүргэвчтэй дарга” гэж нэрлэдэг юм билээ. Байсхийгээд л хот орж гэр бүлээ эргэж тойрохын хажуугаар сумын ажлыг амжуулна гэдэг боломжгүй мэт. Гэхдээ П.Загарзүсэм дарга бүх цаг хугацааг Уянгадаа өнгөрүүлж, улиралд 1-2 удаа л хот явдаг гэсэн. Үдийн хоолонд хамт орсон хурлын нарийн бичиг өнөөх хэл амтай Д.Даваасүрэн гуай хажуугаас ярианд оролцов. Тэрээр “Манайхан хурлын дарга, Засаг даргаа сонгохдоо л намаараа талцсан. Түүнээс биш ер талцаагүй. Нэр төдий намын бүлэг байгуулаад л мартсан. Хөдөө ажил хийж, сум орон нутгаа хөгжүүлэхэд нам гэж хоёр талдаа суух хэрэггүй гэж бодсон. Ажил асуудлын төлөө бол өөр хэрэг, улстөржиж болно. Үр ашиггүй юмаар талцаад юм хийх билээ” хэмээн бие даагч Засаг даргынхаа улс төрийн амьдралыг тодотгов.
Суманд паар, паалантай жорлон хэрэг байна уу гэсэн асуултад “Би хотод ажиллаж байсан хүн. Илүү боловсон байдал руу орох хэрэгтэй гэж бодсон юм. Хот маягтай хөдөө яагаад байж болохгүй гэж. Энд боловсон 00, душь гээд хотын нөхцөл бүрдвэл заавал утаатай, түгжрэлтэй газар руу хошуурч бие сэтгэлээ чилээж, нервтэх ямар шаардлага байна” гэлээ. Суманд төрийн албан хаагчдын орон сууц барих боломжийн талаар Засаг дарга судалж байгаа аж.
Мөн Ерөнхий сайдын ёслол хүндэтгэлийн гэр өргөө байх. Хүндэтгэлийн өргөөнд ИТХ-ын анхны хуралдааныг хийдэг, 18 хүрсэн хүүхдүүдэд иргэний үнэмлэхийг нь гардуулах, ёслолын хурал зөвлөгөөнийг энд хийдэг байна. Т.Намнансүрэнгийн эдэлж хэрэглэж байсан сандал, ширээ, номын тавиур энд бий. Ерөнхий сайдын сандал хүрэн өнгөтэй, халзарч элэгдсэнээс үзвэл удаан хэрэглэсэн бололтой. Хүндтэй суудалд хүн бүр залраад байдаггүй. Суманд ирсэн ганц, нэг хүн сууж үзсэн ч Засаг даргад арай ахдах болов уу гээд тухалж үзээгүй гэсэн.
Уянга суманд өрнөж буй их бүтээн байгуулалтын зах зухаас дурдахад ийм байна. Нөгөөх алт нь яасан бол гэж уншигчид сонирхож байгаа болов уу. 1989 онд “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбат Геологи, уул уурхайн сайд байхдаа энд алт байгааг мэдэж хайгуул судалгаа хийлгэсэн гэдэг. Тэрээр 3-4 жилийн өмнө Чехийн хөрөнгө оруулалттай компанид лицензээ худалджээ. Тэр компани нь тус сумын иргэнд түрээсийн гэрээгээр эрхээ шилжүүлсэн гэхээс илүү мэдээлэл сумын удирдлагуудад алга. Хоёр хүний хооронд болсон наймаа юу, аж ахуйн нэгжийн наймаа юу гэдгийг төрд төлөөлдөг дарга нар мэддэггүй гэнэ. Ямар боловч жил ирэх тутам алтны нөөц нь багасдаг, хэдэн нинжа эргэлддэг аж. Өнгөрсөн жил 100 гаруй га-д техникийн нөхөн сэргээлт хийсэн байна. Хэдий нөхөн сэргээдэг ч хаягдал шороог нь нинжа нар дахин ухдаг байна. Болдог бол нэг ч нинжа, уурхай ажиллахгүй бүрэн зогссон үед сэргээх нь зөв гарц гэдгийг Засаг дарга ярьсан.
Сумын хойд талын нөмөр хэсэг газар уяачид морьны жүчээ барьжээ. Тус сумынхан морь хурдлуулж, уяачид ч ийм ажилсаг, чамбай амьдардаг, гэр хорооллын зарим хэсгийг уул уурхайн нэгэн компаниас шугам татаж байнгын цахилгаад холбогдсон тухай газар дээр нь очиж танилцууллаа.
Сумын өмнөд хэсэгт орших нарийн бичгийн яриад байсан хүүхэд залуучуудын паркыг очиж үзлээ. Орон нутгийн хөгжлийн сангаас 42 сая, Тогтвортой амьжиргаа төслөөс 16 сая нийт 88 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бетонон суурьтай төмөр хашаа барьжээ. Нийт есөн га газрыг хашсан байна. Энд усан оргилуур, сумынхаа байгалийн үзэсгэлэнт газрын жижигрүүлсэн байдлаар хийх бодолтой байгаа гэнэ. Бээжинд дэлхийн долоон гайхамшгийг жижигрүүлээд дүрсэлсэн шиг Найман нуурыг энд хийж болох санаа Засаг даргад төржээ. Энд сумын хөгшид амарч тухлах, хүүхэд, залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлнэ. Сагсан бөмбөг, хөл бөмбөг, волейболын талбай ч хийхээр зураг төслийг нь бэлджээ.
Сумын төвийн урд хэсэгт өндрөөс өндөр хүндэтгэлийн багана бий. Энэ нь Засаг даргын өөрийн санаачилгаар хийсэн ажлын нэг. Есөн метр өндөр бөгөөд энэ нь тус сумын хүн ам, мал сүрэг, хөрөнгө мөнгө үржиж олон болохын бэлэгджээ. Баганын дэргэд сандал ширээ, сүүдрэвч, хогийн сав бүгд бий. Онги гол, найман нуурын мандал, ой, Уянгын эрээн гэрийн тооныг дүрсэлж, 1655 он гэж хошуу анх бий болсон он цагийг сийлж, энэ нутгаас оюуны сор болсон хүмүүс, анхны Ерөнхий сайд төрснийг бэлгэдэн ном дүрсэлжээ. Баганын гурван тулгуур сумынхны эв нэгдлийн бэлгэднэ. Орчныг нь аль болох цэвэрхэн байлгах гэж боддог. Жолооч бид хоёр байнга ирж цэвэрлэдэг юм. Суманд ямар шар, ягаан хантааз өмссөн хүн байх биш, бид л цэвэрлэдэг гэж Засаг дарга сонирхуулав.

ТЭРБУМ ТӨГРӨГТЭЙ БАЯН СУМ
Сайхан сум болж хөгжихөд мөнгө хэрэгтэй, Мөнгө байлаа гээд ажил хийдэггүй хойрго дарга нартай сум ч бий. Ажил хийе гэвч мөнгөгүйн зовлон бас байгаа. Харин Уянга алт дагаж хөгжжээ. Баян сум мөнгөө хаанаас олж хэрхэн зарцуулж буй тухай ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнгээс тодруулав.
-Орон нутгийн хөгжлийн санг анх хэний санаачилгаар байгуулсан бэ?
-Орон нутгийн хөгжлийн санг ИТХ-ын дарга, Засаг дарга нар санал оруулж 2009 онд байгуулахаар шийдвэрлэж журам баталсан. Ихэнх хөрөнгийг манай суманд ажилладаг аж ахуйн нэгж, уул уурхайн компаниас бүрдүүлсэн. Мөн хувь хүмүүс, Уянгын гаралтай өөр аймаг,суманд ажиллаж амьдардаг иргэд, аж ахуйн нэгжүүдийн удирдлага хандив тусламж үзүүлсэн. 2009 оноос хойш нийт нэг тэрбум төгрөг хуримтлагдсан. Нэг сум тэрбум төгрөгийн сантай байна гэдэг юу л бол. Улсын төсвөөс манай суманд 200 сая төгрөг төсөвлөдөг. Түүнээс тав дахин их мөнгө. Бие даасан сантай, ийм мөнгөтэй сум манай улсад одоогоор байхгүй. Сангийнхаа хөрөнгөөр маш олон бүтээн байгуулалт хийлээ. Сайн ноён Т.Намнансүрэнгийн хүрэл хөшөөг бүтээлээ. Сүхбаатарын талбай шиг сайхан талбайтай болно. Цэцэрлэгт хүрээлэн, зам, сургуулийн дээвэр гээд зөндөө юм бий. Засаг дарга бүгдийг нь ярьсан биз дээ. Одоогоор 600-700 сая төгрөгийг бүтээн байгуулалтад зарцуулаад байна. Манайх бүтээн байгуулалтын ажлаараа аймагт төдийгүй улсад тэргүүлж яваа. 2,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 640 хүүхдийн сургуулийн барилга удахгүй ашиглалтад орно. Манай соёлын төв 400 хүний суудалтай аймгийн театр шиг юм болно шүү дээ. Бүжгийн талбай энэ тэр бүгд бий.

-Сангийн хөрөнгийг яаж цуглуулдаг вэ. Зүгээр мөнгө өгөх хүн ховор биз?
-Уул уурхай нэг талдаа байгаль орчин сүйтгээд хэцүү юм. Нөгөө талаасаа сум орон нутагтай хамтран ажиллавал хэрэгтэй юм байна. Манайх компаниудтай гэрээ хийж хамтарч ажилладаг. Сум орон нутгийн хөгжлийн санд тэдэн төгрөг өгье, эсвэл наадмын талбайг чинь бариад өгье гэдэг юм. Зарим том компани мөнгө өгдөггүй, бүр татвараа ч төлөхгүй гүрийдэг. Олон хүнтэй маргана, мэтгэлцэнэ, ойлгуулна нэлээд юм болно. Тэгж байж тэрбум төгрөг цуглуулсан. Ер нь мөнгө олно гэдэг амаргүй ажил. Тэглээ гээд алдсан юм алга. Цоорхой дээвэртэй байшингүй боллоо. Цаашид үйлдвэрлэлээ хөгжүүлнэ. Дарга нар ч мэдэж байгаа.
-Та сум орон нутагтаа хэр удаан ажиллав?
-30 гаруй жил ажилласан. Багийн Засаг даргаас эхлээд ажиллаж байна. Би уг нь хүний эмч мэргэжилтэй. Эмчээр 10 гаруй жил ажиллаад сүүлд төрийн албанд шилжсэн. Багийн дарга, сумын хурлын дарга, одоо нарийн бичиг гээд явж байна. 20 жилийн өмнө Тамгын газарт би хамгийн залуу нь байсан бол одоо ахмад нь болчихжээ. Сүүлийнх үед өндөр мэдлэг боловсролтой сайхан залуучууд ажиллаж байна. Нэг зүйл ярихаа мартчихжээ. Манайх ерөөсөө хоггүй, цэвэрхэн сум. Бараг 80 жилийн хур хогтой сумыг 2-3 жилд цэвэрлэж чадлаа. Өдөр, шөнөгүй ажил асуудал болгож, гудамж хороогоор ярьж явсаар, олон хүнийг дайчилж цэвэрхэн болж чадлаа. Онги голын эрэг хогийн цэг шиг байсан. Одоо нэг ч хог байхгүй. Онги голын дагуух 6-7 км газрыг Засаг дарга өөрийн биеэр оролцож цэвэрлэсэн. Хэчнээн машин хог гарсан гэж санана. Манай хогийн машин тэр урд явна лээ. Бүр машинтай болчихсон шүү дээ. Одоо сумын тохижилт үйлчилгээний тасаг бий болсон. Хамгийн цэвэр орчинтой сум болсон. Манайхан өглөө босоод хашааныхаа гадаахыг цэвэрлэдэг, бүүр сурчихсан. Манай Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчид ярьж байгаад сумын төв төдийгүй байгалийн түүхт дурсгалын газрыг цэвэрлэсэн. Хурлын төлөөлөгчид нэг, нэг газар дааж аваад цэвэрлэдэг юм. Засаг дарга Өлтийн даваа цэвэрлэсэн, хашаанд нь дөрвөн шуудай хог байна лээ. Намайг ав гээд л байгаа юм.
Д.Даваасүрэн гуайн ярианаас Засаг даргын бас нэг ажлыг олж мэдлээ. Тэрээр бас цэвэрлэгч ажилтай. Ногоон эрээн хувцас өмсөөд л хогондоо гардаг гэнэ. Иргэдээ хог цэвэрлэ гэж тушааж суухын оронд өөрөө цэвэрлэчихдэг, тэр хэмжээгээр сумынхандаа үлгэр дуурайл болдог бололтой. Тэрээр энэ тухай ярихдаа “Чихэр идээд цаасыг нь даахгүй хүүхэд байхгүй биз дээ. Зажилсан бохьныхоо цаасыг даадаггүй хүүхэд гэж юу байх билээ. Хүүхдүүдийг хавар, намартаа их цэвэрлэгээнд гаргана. Хагас, бүтэн сайнд хог цэвэрлүүлнэ. Би жаахан хатуу байж магадгүй юм. Багаас нь хүүхдүүдийг хог хаядаггүй байх үзэл хүмүүжилд төлөвшүүлье гэж бодож явна” гэв.
Саяхан хэдэн айлд гэр олгожээ. Бодвол улсаас, гишүүдийн багцаас л олгосон байх. Засаг дарга өөрөө мэдээд хоёр өдөр хог цэвэрлүүлж байгаад гэрийг нь өгч гэнэ. Зүгээр өгсөн гэрийг Загарзүсэм хог цэвэрлүүлж байж өглөө гэж муу ярьж байгаа байх гэж Засаг дарга санаа нь зовно лээ. Ер нь 21 мянган төгрөгийг ч гэсэн зүгээр өгмөөргүй байсан. Ядаж сард нэг удаа хог цэвэрлэсэн хүн өгдөг байхгүй юу. Иргэд маань ажил хийж сурах хэрэгтэй гэж тэрээр ярьсан юм.
Сумын хүндэтгэлийн баганыг танилцуулах зуур Засаг даргын жолооч хажуу ойрын хогийг түүчихлээ. “Аан манай жолооч ажлаа хийж явна” гэв. Сумаас гарах, ирэх болгондоо П. Загарзүсэм дарга жолоочтойгоо хүндэтгэлийн баганы ойр орчмын хогийг цэвэрлэчихдэг гэнэ. Тэрээр “Би их ухаан муутай хүн юм” гэсэнд гайхаж “Яаж байна” гэвэл “Бүхэл бүтэн сумын иргэдээр хог цэвэрлүүлж сургана гэж зүтгээд байдаг” гэж. Ёстой л түүний хэлснээр аймаг, сум бүрийн Засаг дарга ийм “ухаан муутай” бол Монгол Улс хөгжинө. Ядаж хоггүй цэмцгэр орчинд ая тухтай амьдрахгүй юу.