
Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Ц.Цогзолмаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа. Тэгвэл манай сонины “Асуултын тэмдэгтэй хүн” булан өнөөдөр түүнийг онцлон “урьж” байна. Учир нь Сүхбаатар, Багануур дүүргийн 62 дугаар тойрогт нэр дэвшиж буй Ц.Цогзолмаатай холбоотой хэдэн хэдэн асуудал хэвлэлүүдэд нийтлэгдсэн байдаг. Харин тэрээр өнөөг хүртэл тоймтой хариу өгөөгүй байдаг ажээ. Ингээд мэдээллийн сайтууд дахь зарим мэдээллийг тоймлоё. 2012 оны зургадугаар сарын 19-нд news.mn сайтад /http://news.niigem.mn/content/30947.shtml/ Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа нар “зодолджээ” гарчигтай нийтлэл хэвлэгдсэн байдаг. Түүнд “... Автобусанд сууж, дугуй унаж, гудамжаар гүйж, талхны үнэ ярьж яваа Сангийн дэд сайдын сурталчилгааны арга барил олон жил юм үзэж, нүд тайлсан Ц.Цогзолмаа хатагтайд ч мөн таалагдаагүй бололтой. “Ерөнхий сайдын хүн” гэсэн тодотголтой Ч.Ганхуяг “шинэ” хүн гэсэн имиж бүрдүүлэхээр зүтгэж байгаа бол Ц.Цогзолмаа туршлагатай нэгэн болж харагдахыг хүсчээ. Нийслэлийн Засаг даргын орлогч, МАН-ын нарийн бичгийн дарга тэрээр залуу нэр дэвшигчийг өөрт нь тохирох хамтрагч гэж үзээгүй аж.
Ц.Цогзолмаа 2004 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан ч ажлаа муу хийсэн гэж хугацаанаасаа өмнө ажлаа өгсөн. Хэрэв ажлаа сайн хийсэн бол энэ жил Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэрээр сонгуульд хүчтэй орж ирэх байлаа” гэж бичсэн байдаг. Мөн 2014 оны нэгдүгээр сарын 21-нд 24 tsag.mn сайтад “......Сүхбаатар дүүргийн Засаг дарга байхдаа тэрбээр нэлээд болж, бүтэхгүй асуудалд нэр холбогдож байжээ. Түүнийг төсвийн олон сая төгрөгийг хувьдаа завшсан нь аудитын шалгалтаар илэрсэн хэмээн хэвлэлүүд бичжээ. Тиймээс түүнийг ажлаас нь огцруулж байжээ. Түүнийг МАН-ын хотын фракцийг тэргүүлдэг М.Энхболдын хүн гэж ярьдаг” хэмээн нийтэлсэн байна. 2005 оны арванхоёрдугаар сарын 31-нд bolod.mn сайтад /http://www.bolod.mn/mobile.php?nid=83609/ “...2006 онд Нийслэлийн аудитын газраас Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт тасалбар болгон гаргасан төсвийн санхүүгийн тайланд аудит хийсэн байна. Аудитын дүнгээр тус байгууллага нь Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 12.1.1, 14.1..5 заалтуудыг зөрчиж батлагдсан төсвөөс 223.4 сая төгрөг илүү зарцуулсан нь Тамгын газрын нийт зардлын 38.8 хувь, Орон нутгийн гүйцэтгэлийн зардлын 28.1 хувийг эзэлж санхүүгийн тайланд сөрөг дүгнэлт өгөхөд нөлөөлсөн гэсэн байна.
Энэ мэтчилэнгээр тэрээр олон зөрчил гаргажээ. Хамгийн том нь тэрээр цалингийн хүснэгтээс өөртөө 10 сая төгрөг бичин бэлнээр авсан байна. Дүрэм журмаар бол Засаг дарга ингэж бэлэн мөнгө авах нь битгий хэл цалингийн хүснэгтэд ч хүрэх эрхгүй ажээ. Сүхбаатар дүүргийн Засаг дарга Ц.Цогзолмаа нь энэхүү 10 саяын хэргээ эмзэг бүлгийн иргэдэд гэр олгох нэрээр тагласан байна.
Тэрээр урьд нь хоёр ч удаа огцорч байсан ажээ. Энэ удаад түүнийг огцруулахад Нийслэлийн Засаг дарга эрх мэдлээ ашиглан Сүхбаатар дүүргийн иргэдийг хохироож байна гэдгийг мөн тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Ардчилсан намын гишүүд онцлон дурьдаж байсан юм” гэж бичсэн байна.
Энэ мэтчилэн Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан, дараа нь Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажилласан. Өдгөө НАМЭХ-ны тэргүүнээр ажилладаг түүнээс асуух асуултууд олон нийтэд байгаа нь тодорхой юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин