Д.ОЮУН

УИХ, НИТХ-ын тэргүүлэгчдийг  сонгох 2016 оны сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу өнөөдөр албан ёсоор эхэллээ. Энэ сарын 29-нд болох УИХ-ын 76 суудлын төлөө 12 нам, гурван эвслийн 429 нэр дэвшигч, 69 бие даагч нийт 498 хүн өрсөлдөхөөр болж буй. Эдгээрээс 129 нь эмэгтэй нэр дэвшигч ажээ.

Улс төрийн намуудаас эрх баригч АН болоод сөрөг хүчин МАН тойрог бүрт нэг буюу 76 хүнийг нэр дэвшүүлсэн. Мөн МАХН 71, УИХ-ын гишүүн Г.Уянгын толгойлж байгаа Тусгаар тогтнол, эв нэгдлийн эвсэл 44 тойрогт, Бүгд найрамдах нам 36, Иргэний хөдөлгөөний нам 27, Социал Демократ нам 17, ИЗНН 15, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч болоод Хаан сонголт эвсэл тус бүр есөн нэр дэвшигч нэр дэвшжээ. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн 51 дүгээр тойрог болон Чингэлтэй дүүргийн 65 дугаар тойрогт хамгийн олон буюу 14 нэр дэвшигч өрсөлдөж байна. Мөн Баян-Өлгий аймгийн дөрөвдүгээр тойрогт хоёр нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.