УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид Төрийн ордны Их танхимд өчигдөр батламжаа гардан авсан юм. Ардчилсан намаас бусад нам, эвслийн төлөөлөл, мөн бие даагчид цугласан байв. Харин АН-ынхан үдээс хойш тусдаа батламжаа гардан авчээ. Батламжаа авсан зарим нэр дэвшигчийн байр суурийг хүргэе.
Шадар сайд Ц.Оюунбаатар:
-Монгол Улсын өнөөгийн тусгаар тогтнол, эрх чөлөөг авчирсан МАХН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох мандатаа авч байна. Манай нам бол Монгол Улсын түүх, хөгжилтэй шууд холбоотой. Шударга ёсны төлөө тэмцдэг, одоогийн олигархи хэдэн хүн төрийн дээр сууж буйг эсэргүүцэн тэмцдэг нам. Улс орноо эдийн засгийн хямралаас гаргах, улсаа аврах, сонгуулийн, хөгжлийн хувьсгал хийх түүхэн зорилт тавьж байгаа нам. Улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө хийсэн зүйлтэй нам. Цаашид ч хөгжил дэвшил, хүний эрхийг хангахын төлөө шударгаар өрсөлдөх болно.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:
-Урам зориг өгсөн намын гишүүд, дэмжигчдэдээ талархлаа. Надад өгч буй үүргийг ухамсарлаж байна. Гурван сая монголчууд бид дөрвөн жилд нэг удаа олгосон сонгох, сонгогдох эрхээ эдлэх гэж байна. Энэ эрхээ хуулийн дагуу эдэлж, шударга сонгууль болоосой гэж хүсч байна. Хүн бүр шударга сонгуулийн зарчмыг дагаж мөрдөөсэй. Нэр дэвшигч бүр шударгаар өрсөлдөж, гарааны ижил нөхцөлөөс гарч, мөрийн хөтөлбөрөө танилцуулаасай.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-55 дугаар тойрогт нэр дэвшихээр батламжаа авлаа. Энэ тойрогт нийгмийн асуудал их байна. Өнгөрсөн хугацаанд бид хүнээ их орхижээ. Зам харгуй, уул уурхай гэсээр хүнтэй холбоотой өрх гэр бүлээ орхисон нь харагдлаа. Өрх толгойлсон ээжүүдийн асуудал их байна. Энэ асуудалд эмэгтэйчүүд бид анхаарах ёстой. Тэр дундаа өрх гэрийн амьдрал хүндэрсэн байна. Цаашид энэ чиглэлд түлхүү ажиллах болно.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Тэгш бус гараанаас тэгш бус байдалтай эхэлж байгаа. Гэхдээ монголчуудынхаа саруул ухаанд бас ард иргэдээ шударга сонголт хийнэ гэдэгт итгэлтэй байна. Тиймээс энэ удаагийн сонгуульд надад ухрах зам байхгүй гэж бодож байна. Миний хувьд хэн нэгэн хүнтэй өрсөлдөөгүй. Би дөрвөн жилийн ажлаа тайлагнаад, цаашид хийх ажлаа тайлбарлая. Ингээд дахин үргэлжлүүлэн ажиллуулах зөвшөөрлийг хүсэж байгаа гэж болно. УИХ-д сонгогдоод цаашаа явна гэдэгтээ гол нь биш намайг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах эрхийг ард түмэн өгвөл би ажиллана. Түүнээс хувь хүнтэй өрсөлдөх нь миний зорилго биш. Ер нь бид 25 жил тэнгэрийн зүйл ярьсан. Одоо болих хэрэгтэй. Ядаж сүүлийн долоон жилийн үйл явцад дүгнэлт хийх ёстой. Манай намын хувьд тодорхой санал, тодорхой хугацаа, тодорхой зорилго хэлж байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-Энэ сонгуульд оролцохоор хууль ёсны дагуу намууд нэр дэвшигчдээ бүртгүүлж, батламжаа авч байна. Нийт монголчууд сонголтоо мэргэн хийгээсэй гэж хүсэж байна. Хийж хэрэгжүүлсэн ажил нэлээд бий, цаашид ч хийх зүйл олон байгаа.
МАХН-ын нарийн бичгийн дарга Н.Удвал:
-Манай намын 71 нэр дэвшигч бүгд сонгуульд нэр дэвших үнэмлэхээ гардаж авлаа. 2016 оны УИХ-ын сонгууль мөнгөний биш, шударга өрсөлдсөн сонгууль болоосой гэж хүсэж байна. МАХН энэ сонгуульд сонгуулийн хувьсгалаас хөгжлийн хувьсгал хийхээр орж байгаа. Тиймээс жинхэнэ утгаараа сонгуулийн хувьсгал хийнэ. Бид сонгогчид, ард түмэнтэйгээ хамтарч энэ хувьсгалыг хийж, Монгол орноо мандуулна гэсэн зорилготой байна. Миний нэр дэвшиж байгаа Сүхбаатар дүүргийн 59 дүгээр тойргийн хувьд энэ газар 20 гаруй жил амьдарсан. Мөн энэ дүүрэгт эрдэм шинжилгээний ажлаа хийж байсан. Ажил, амьдрал маань энэ дүүрэгтэй салшгүй холбоотой учраас Сүхбаатар дүүргийг сонгосон.
Бие даагч С.Жавхлан:
-Би өөрхийнхөө амьдардаг тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн. Ер нь ёс заншлаа дээдэлдэг, дагадаг, уул усаа хамгаалдаг эх орончдыг эх орон дуудаж байна гэж харж байгаа. Алдагдаж байгаа ёс заншил, хүн чанар, жудаг, Монгол гэсэн нэр ус тодотгол маань бүдгэрсээр байна. Ухаан, сэтгэл нь ажиллахгүй гацсан энэ хүмүүсийг сэлбэж шинэ залуу хүч гарч ирэх түүхэн ирэн цаг ирж байна. Одоогийн том гээд байгаа намууд гуравхан сая иргэдээ зөв чиглэл рүү чиглүүлж, авч явж чадсангүй. Тиймээс том, баян Монголоо сэргээхийн тулд миний бие тэмцэж, нэр дэвшиж байна. Зарим хүн сайхан дуугаа дуулж байсан бол гэж хэлж, шүүмжилдэг. Миний сайхан дуу дуулдаг шиг эх орныг минь сайхан аваад явсан бол би дуугаа дуулаад л явж байх байсан.
ИЗНН-ын гишүүн Б.Батбаатар:
-Нэр дэвшигчийн үнэмлэхээ олон хүнд бэрхшээл, даваа давж байж авлаа. Ардчилсан улсад иргэн хүний сонгох, сонгогдох эрх нь эн тэргүүнд тавигддаг. Сонгох, сонгогдох эрх, сонголт хийх боломжийг олгохын төлөө энэ сонгуульд өрсөлдөж байна. Миний бие УИХ-ын 70 дугаар тойрог буюу хуучин 66 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа. Өөрөөр хэлбэл, би энэ тойргоос 2004 онд сонгогдож байсан учраас хуучин тойргоо сонгосон. Гуравдагч хүчний орон зай Монголын ард түмэнд үгүйлэгдсээр байгаа. Энэ орон зайг гуравдагч хүчин гэж нэрлэгдэж байгаа улс төрийн хүчнүүд өөрсдийн зорилго, мөрийн хөтөлбөр, өнөөдөр болохгүй байгаа зүйлийг цэвэрлэх өөрчлөх шийдэл, зоригоороо дамжуулан гуравдагч хүчний орон зайг олж авч чадна.
МАН-ын гишүүн М.Оюунчимэг:
-Би гадаадад олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгсөж ирээд 15 жил МҮОНРТ-д ажилласан. Манай телевиз Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд харьяалагддаг. Тиймээс энэ хорооны иргэн гэж хэлж болно. Тэр утгаараа 64 дүгээр тойргийн амьдралыг маш сайн мэднэ. Өдөр бүр хүмүүс ажилдаа хэрхэн ирж, очдог тухайд сэтгүүлчийн хувьд хардаг байсан. Бид нэг хотод амьдарч байгаа ч эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байгаа иргэдийг хараад үүнийг өөрчлөх хэрэгтэй гэж боддог байсан. Тиймээс тэр эрхийг нь хамгаалахын төлөө иргэдээ ажилтай, орлоготой болгож, нийгэмд эзлэх байр суурь нь үнэ цэнэтэй байхын төлөө би УИХ-ын 64 дүгээр тойрогт нэр дэвшиж байна. Тойргийнхоо ард иргэдийн төлөө чадах бүхнээ хийхийн тулд өнөөдөр өөртөө, амьдралдаа том зорилт тавиад нэр дэвшиж байна.
Бие даагч С.Боргил:
-Шударга сонгууль болох ёстой. Хамгийн гол нь Сонгуулийн хуулийг сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчлөхгүй гэсэн заалтыг авч хаяад өөрчилсөн. Өнөөдөр сонгууль явуулах гэж байгаа албан хаагчид болоод сонгууль өгөх ард иргэд шинэ хуулиар буюу өмнө нь туршигдаж байгаагүй хуулийн орчинд сонгууль өгөх гэж байна. Энэ нь улс орныг улс төрийн эрсдэлтэй нөхцөл байдалд оруулж магадгүй. Сонгуулийн дараа ямар нэг байдлаар сонгогчдын дургүйцэл төрж, үймээн самуун үүсэж болзошгүй. Тэр утгаараа үүнийг эсэргүүцэж ХҮН болон миний бие удаа дараа байр сууриа илэрхийлсэн ч эрх баригчид тоогоогүй. Юуны өмнө зөв, шударга сонгууль болоосой. Мөн улс төрийн хувьд тайван сонгууль болоосой гэж бодож байна. Нэр дэвшиж байгаа 54 дүгээр тойргийн хувьд хамгийн их хаягдсан, нийслэлийн алслагдсан бөглүү хэсэг учраас үүн дээр төвлөрч ажиллана.
БАХАРХАЛ БОЛСОН БУЛГАН НУТГААСАА НЭР ДЭВШИЖ БАЙГААДАА БАЯРТАЙ БАЙНА
“Эх орончдын нэгдсэн эвсэл”-ээс нэр дэвшигч Машлайн Болормаа:
-Би 2016 оны УИХ-ын сонгуульд “Эх орончдын нэгдсэн эвсэл”-ээс Булган аймгийн 10 дугаар тойрогт нэр дэвших батламжаа гардаж авлаа. Анхдагчдын өлгий гэдгээрээ алдартай энэ сайхан нутагт төрж, “Булган аймгийн” гэж овоглож явдаг маань бахархал юм. Булган нутгийн түмэн олны сэтгэл, итгэл нь хангайн нуруу шигээ түшиг тулгууртай, Уран уул шигээ төв, Орхон мөрөн шигээ тогтуун дөлгөөн гэдэгт би итгэдэг учир төрсөн нутгаасаа нэр дэвшиж байна.
Эх орон, Булган нутгаа хөгжүүлэх нь иргэн хүний хувьд ч, улс төр, иргэний нийгэм, төрийн албанд чамгүй олон жил ажилласан миний хувьд ч үүрэг гэж үзэж байна. Төрсөн нутагтаа хийж бүтээх, шинэчилж өөрчлөх олон ажил байна. Тиймээс зон олныхоо итгэл, дэмжлэг, оролцоотойгоор хамтран ажиллахаар зориг шулуудлаа.
Намайг дэмжиж, зоригжуулж, бас итгэж байгаа бүх найз нөхөд, аав,ээж, ах, эгч дүү нартаа болон булганчууд дэмжигчиддээ баярлаж байна. Та бүхний минь итгэл найдвар намайг ялалтанд хүргэх болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин