Ч.ЗОТОЛ

МАХН нэр дэвшигчдийнхээ батламжийг гардуулах үеэр УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ  гишүүд, дэмжигчиддээ хандан нам сэлгэж, урваж шарвадаг байж болохгүй хэмээн байр сууриа хэллээ.  Тэрээр “Өнөөдөр СЕХ-ноос төлөөлөл болгож  манай намын зургаан нэр дэвшигчийн батламжийг гардуулсан. Намууд дотооддоо нэр дэвшигчдийнхээ батламжийг гардуулахыг хуулийн хүрээнд шийдэж өгсөн байгаа. Энэ хүрээнд УИХ, орон нутгийн ИТХ-д  нэр дэвшигчдийнхээ батламжийг гардуулах явцад хариуцлага, ёс зүйн гэрээг байгуулах ажлыг давхар зохион байгууллаа. Манай намаас яагаад ийм гэрээ байгуулах болов гэвэл, нэр дэвшинэ гэдэг тоглоом биш. Үүний цаана том үүрэг, хариуцлага бий. Дээр нь биднийг итгэл, үнэмшлээрээ дэмжиж ирсэн намын гишүүд, дэмжигчид байгаа. Монгол Улс орших, эс оршихийг шийдэх ариун үйлсэд хэн нэгэн хүн сэтгэлийн хөөрлөөр ордог юм биш. Хариуцлагатай байх ёстой. Хэн дуртай нь намд орж гарч, хэдхэн хоногийн дотор хэд хэдэн нам сольдог байж болохгүй. Энэ хариуцлагагүй  байдлыг таслан зогсоох ёстой. Дээр нь үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллах ёстой. Үүрэг хариуцлагаа ухамсарлалгүй олон хүний эрх ашгийг зөрчиж болохгүй” хэмээн  тэмдэглэв.

Эх сурвалж: Polit.mn