Ч.ЗОТОЛ
МАХН гишүүддээ батламжийг нь гардуулж, ёс зүй, хариуцлагын гэрээнд гарын үсэг зуруулж, тангараг өргөсний дараа хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид нэр дэвшигчдээс энэ жилийн сонгуулийн онцлогийг сонирхон асууж байсан юм. Баянхонгор аймаг дахь Их хурлын сонгуулийн долдугаар тойрогт нэр дэвшигч Алтангэрэлийн Одончимэг “Энэ жил содон сонгууль болох нь гэж харж байгаа. Монгол Улсын Их хурлын сонгуулийн түүхэнд анх удаа хөдөө нутгаас, багийн иргэн нэр дэвшлээ. Бусад намууд Их хурлын гишүүн байсан хүмүүс, дарга, сайд нараа дахин нэр дэвшүүлж, аймаг орон нутаг Засаг дарга, Тамгын газраас, том компанийн захирлууд нэр дэвшиж байна. Тэгвэл хөдөөгийн иргэд дотроос багийн иргэн Баянхонгор аймаг дахь Их хурлын сонгуулийн долдугаар тойрогт нэр дэвшсэн нь энэ сонгуулийн нэг онцлог” хэмээж байв. Тэрээр Баянхонгор аймгийн Шаргалзуутын рашаан дахь тархины саажилттай хүүхдүүдэд зориулсан “Халуун Болор” төвийн захирлаар ажилладаг юм байна. Сүүлийн таван жил улс төрийн хэлмэгдүүлэлтийн эсрэг ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн сонгуулиас нийгмээ өөрчлөх сайн сайхан, шударга үнэнийг хүлээж байгаа” гэв.
Эх сурвалж: Polit.mn