М.ХҮСЛЭН
Дэлхийн боксын спортын домог, бүх цаг үеийн шилдэг боксчин Мухаммед Али 74 насандаа өвчний улмаас хорвоог орхижээ. Өнгөрсөн пүрэв гаригт амьсгалын эрхтэн тогтолцоо нь доголдсоны улмаас Аризона мужийн Феникс хотын эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байсан ч тэрээр хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Амьсгалын эрхтний өвчнөөс гадна паркинсоны өвчтэй байсан нь түүний биеийг улам муудахад хүргэсэн билээ. Агуу боксчныг үдэх оршуулгын ёслол түүний төрсөн газар болох Кентакки мужид болов. Оршуулгын ёслолын салах ёс гүйцэтгэх сүүлчийн үгийг АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон хэлсэн байна.
Мухаммед Али мэргэжлийн боксын рингэнд 61 удаагийн тулаан хийхдээ 56-д нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялж байв. 1981 онд тамирчны замналаа өндөрлөж зодог тайлсан. Кассиус Клей нэрээрээ байхдаа 1960 оны Ромын олимпод оролцож 18 настайдаа хүнд жинд түрүүлж олимпийн аварга болж байв. Дараа нь мэргэжлийн бокс руу орж нэг ч ялагдаагүй байсан Сонни Листоныг буулгаж авч дэлхийн аварга болсон билээ.
Домогт боксчин 1964 онд Исламын шашинд орж Клей Кассиус нэрээ Мухаммед Али болгон өөрчилсөн юм. Мухаммед Али хүний эрхийн төлөө тэмцэгч, энхтайваны элч, нийгмийн нөлөө бүхий зүтгэлтэн байв. 2005 онд тэрээр АНУ-ын хамгийн өндөр шагнал болох Энхтайваны медалийг хүртсэн. Мөн тэрээр буяны маш олон ажилд оролцсон. Буяны ажил хийх үедээ хажуудаа сэтгүүлч, зурагчин байхыг зөвшөөрдөггүй байж. Учир нь өөрийгөө сурталчилбал буян болохгүй гэж үздэг аж. Түүний менежер Жин Килрой “1973 онд нэгдүгээр сарын нэг хүйтэн өдөр бид зурагт үзээд сууж байтал өндөр настай еврейчүүдийн асрамжийн газар санхүүжилтгүй болсноос хаагдах гэж байгаа талаар мэдээ гарч байлаа. Анхааралтай үзэж суусан Алигийн царай хувирсныг ажиглаж билээ. Мэдээ дуусахад тэр сувагтай холбогдоод асрамжийн газрын хаягийг олоодох гэсэн. Дараагийн өдөр нь биднийг очиход Мухаммед Али хариуцсан хүнийг нь олоод шууд л 200 мянган ам.долларын чек бичээд өгчихсөн” хэмээн дурссан байдаг.
Мухаммед Али 1967 онд Вьетнамын дайныг эсэргүүцэн, оролцохгүй гэснээс болж дэлхийн аварга цолоо хураалгаж байв. Тэрээр итгэл үнэмшлийнхээ төлөө шоронд ороход бэлэн хэмээсэн гэдэг. Түүнээс болж дөрвөн жил тоглож чадаагүй Али 1971 онд рингэндээ эргэн гарч хамгийн алдартай тулаануудаа хийсэн. Энэ үед алдарт Жо Фрейзер, Жорж Формэн, Ларри Холмстэй хийсэн гурван тулаан нь боксчны замналын оргил үе байв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин