З.БОЛД
“Тэс петролиум” ХХК-аас 2016 оны тавдугаар сарын 30-нд СЕХ-нд хандан УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Б.Гарамгайбаатарыг татуулах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Түүндээ Б.Гарамгайбаатарын 100 хувийн эзэмшлийн “Монроуд” ХХК нь тус компаниас 2014 оны дөрөвдүгээр сарын 2-нд байгуулсан гэрээний дагуу хагас тэрбум төгрөгийн нефтийн бүтээгдэхүүн авч хэрэглэчихээд өнөөг хүртэл мөнгийг нь өгөлгүй луу унжсан. Үүнийг нь хоёр ч шатны шүүх тогтоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа албадан явуулах хуудас хүртэл гараад байгаа ажээ.
Хамгийн гол нь ийм хэмжээний өртэй этгээд сонгуульд нэр дэвшихгүй гэсэн Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн заалтуудыг хэрэгжүүлэхийг “Тэс петролиум” ХХК-ийнхан СЕХ-ноос хүсч байгаа юм. Тэгвэл тус компанийнхан энэ сарын 2-ны өдөр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгийн нэр дээр Б.Гарамгайбаатарын талаар гомдол ирүүлсэн байна. Уг гомдолд “...Б.Гарамгайбаатар нь Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн Нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх, Нэр дэвшүүлэх нийтлэг журам зэрэг хуульд заасан шаардлагыг хангахгүй болох нь тодорхой болмогц өөрийн өмчлөлийн өртэй компаниа хүү Г.Тэнгисийн нээр дээр шилжүүлэх замаар өр төлбөргүй мэт дүр эсгэн, Монгол Улсын сонгууль, түүнийг зохион байгуулж байгаа төрийн байгууллага болох СЕХ-г, улмаар сонгогчдыг хууран мэхлэж, залилан нэрээ дэвшүүлэн бүртгүүлэх гэж банйа. ...Иймд нэр дэвшигчийн энэхүү хууль бус үйлдлийг шалган, нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах нь аливаа залилан мэхлэхсбусармаг үйлдлийг таслан зогсоож, Үндсэн хууль, Сонгуулийн хуулиар олгогдсон хуулийн өмнө тэгш, шударга байх, зарчимд нийцэх төдийгүй, нихйт нэр дэвшигчдэд тэгш хандах, сонгогч түмэн төлөөллөө зөв таньж сонгох, хууль тэгш жигд үйлчлэхэд ихээхэн чухал юм. Нэр дэвшигч Б.Гарамгайбаатарын дээрх төрийн өндөр албан тушаалтанд байж боломгүй ёс зүйгүй, хууль бус үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийг илтэд зөрчиж байгаа тул хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар нэр дэвшигчээр бүртгэхгүй байх арга хэмжээг хуульд заасны дагуу шуурхай авна гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Мөн тэд гомдолдоо, Б.Гарамгайбаатар нь Завхан аймгийн Солонготын даваа, Халзанбүргэдэйн автозамын тендерийг энэ компанийнхаа нэрээр авч, улсаас төсөвлөсөн хөрөнгийг бүрэн авч үйл ажиллагаа явуулж байсан атлаа “Петро жамп”, “Тэс петролиум” ХХК-уудаас авсан шатахууныхаа үнийг төлөлгүй 1.5 жил болж, сүүлдээ төлбөрөө төлөхгүй зугтаах болсон төдийгүй уг асуудал нь эцэстээ шүүхээр шийдвэрлэгдэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа тухай дурдсан байна.
_700x700.jpg)
Эх сурвалж: www.polit.mn