Ч.ЗОТОЛ
Шударга сонгууль, зөрчигдсөн эрхийнхээ төлөө Эрх чөлөөний талбайд өлсгөлөн зарлаж буй МАХН-ын дарга Н.Энхбаяр болон гишүүд, дэмжигчид Сонгуулийн хуулийн дагуу 21 цагт СЕХ-нд нэр дэвшигчдийнхээ материалыг хүлээлгэж өглөө. Тус намаас 76 тойрогт 71 хүнийг Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшүүлсэн байна.
Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр СЕХ-ны даргад хандаж “Бид хууль ёсны дагуу нэр дэвшигчдийнхээ материалыг бүрдүүлсэн байгаа. Төр, засгийн зарим байгууллага хуулийг биелүүлэхгүй байх тал гаргаж байна. Иймд бид эсэргүүцэж өлсгөлөн зарласан. Гэхдээ та нар битгий юм санаарай. Бид та нарыг өөрсдийн эрх шаигт үйлчлүүлэх гэж сэтгэл санаагаар дарамталж байгаа юм биш, үүнд анхаарал хандуулж, СЕХ маань асуудлыг сайн судалж, шударга үндэслэлтэй хуулийн дагуу шийдвэр гаргаасай гэж байгаа юм. Бид та бүхнийг хуулийн дагуу ажиллах ёстой гэж бодож байгаа. Хуулийн дагуу ажиллаж байгаа гэж байна. Тэртэй тэргүй мАХН-ыг дээд зэргээр шалгаж, дээд зэргээр хянаж бүх байгууллага ажиллаж байгаа учраас бүх зүйл хуулийн дагуу явж байгаа. Төрийн байгууллагууд өөрсдөө хуулийн дээгүүр ажиллаж байгаад бид харамсч байгаа. Хэн ямар байгууллага тэгж ажиллаад байгааг бид бас нотолсон баримт бичгийн хамт бүх материалаа иж бүрнээр бүрдүүлж өгч байгаа гэдгийг та бүхэнд зориуд хэлье. Та бүхэн шударга шийдвэр гаргаарай. Бүх хүнийг сонгох, сонгогдох эрхээр нь хангаарай гэдгийг хэлье. Энд сууж байгаа хүмүүс оролцоогүй байх, 2012 оны УИХ-ын сонгуулиар намайг мэдлэг чадвар дутуу гээд хасчихсан юм. Одоо бас тиймэрхүү хууль бус утгагүй шийдвэр бүү гаргаасай. Бид мэдлэг боловсролоо дээшлүүлсэн, бусад асуудлуудыг ч хуулийн дагуу хийсэн. 2016 оны сонгууль шударга болоосой. Та бүхний ажлыг шударга явуулахын төлөө бид хамтран ажиллана. Шударга бус байх аваас шүүмжлэлт байр сууриас хандаж ажиллана. Та бүхэнд амжилт хүсье” гэв.
СЕХ-ны зүгээс “Өнөөдөр бид нэр дэвшигч, намуудын материалыг хүлээж авч байгаа. Бүртгэх тухай асуудал энд яригдахгүй. Материалыг аваад тус бүрдээ нягталж үзсэний дараа СЕХ-ны хуралдаанд оруулж, тэндээс шийдвэр гарч байж бүртгэх тухай асуудал шийдэгдэнэ” гэлээ.
Эх сурвалж: Polit.mn
