М.ГАН
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав, Үндэсний аудитын газрын дарга Ч.Раднаа нар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өчигдөр өгсөн байна. Энэ тухай УИХ-ын дарга З.Энхболд чуулганы танхимд хэллээ. Дээрх хоёр газрын даргыг УИХ-аас томилж, чөлөөлдөг юм. Н.Лувсанжав, Ч.Раднаа нарын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, орны хүнийг нь томилохоор болжээ. Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил ид явагдаж байгаа тул СЕХ-г даргагүй удаахгүй гэж үзэж буй бололтой. Н.Лувсанжавын оронд СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнг Ардчилсан намынхан нэр дэвшүүлэх сураг байна.
СЕХ-ны даргыг өөрчилнө гэсэн яриа хэд хоногийн өмнөөс дуулдах болсон. Түүнийг ажлаас чөлөөлснөөр Өвөрхангайд нэр дэвшээд ялагдсан Г.Батхүүд боломж олдоно гэсэн таамаг бий. Тодруулбал, УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймгаас сонгогдож гишүүний түр үнэмлэхээ авсан С.Чинзоригийг тангараг өргүүлж, Н.Төмөрхүүгийн хэргийг нэг тийш болгох сурагтай. Ингэснээр тэдэнтэй заргалдаж буй Г.Батхүү УИХ-ын гишүүн болж магадгүй гэх яриа улс төрийн хүрээнд таржээ.