Э.СОЛОНГО

 

Монгол Улсын их сургууль байгуулагдсаны 70 жилийн ойг угтаж Экологийн боловсролын төв нийслэлийн Захирагчийн албатай хамтран тус сургуулийн Алдарт гавьяатнуудын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгууллаа. Энэ цэцэрлэгт хүрээлэнд намар тарихад тохиромжтой жимс жимсгэнэ, гоёлын, модлог ургамлын гээд 20 гаруй төрлийн мод, бутны үзэсгэлэн нээжээ. Нээлтийн үеэр Экологийн боловсролын төвийн мэргэжилтэн Э.Насанбаяраас намар хэрхэн мод тарих талаар тодрууллаа.

 

-Одоо ямар мод таривал илүү тохиромжтой вэ. Намар тарих модыг хэзээнээс эхэлж хөрсөнд нь суулгадаг юм?

-Өмнө нь бид зөвхөн хавар мод тарьдаг байлаа. Харин сүүлийн жилүүдэд мод тарих хугацаанд хавар биш намар илүү тохиромжтойг эрдэмтэд нотлоод байгаа. Өдийд мод унтамхай, тайван байдалд шилждэг учраас нахиалах явцдаа гэмтдэггүй. Намар ямар ч мод тарьж болно. Учир нь намар тарих мод хөрс голдоггүй, үндэс нь гэмтдэггүй.  Намар тарих модыг өнгөрсөн сарын 20-ноос энэ сарын 20-ны хооронд суулгахад тохиромжтой. Гол нь хөрс хөлдөхөөс өмнө модоо суулгах юм.

 

- Намар тарих модыг хэрхэн арчлах вэ?

-Намар тарьсан мод арчилгаа шаарддаггүй. Өдийд суулгасан модны­хоо суулгацыг цасаар сайн хучаарай гэж зөвлө­мөөр байна. Учир нь цас хөрсийг цочир хүйтнээс хамгаалдаг. Манайх мод, бут, тасалгааны цэцгийг яаж тарих талаар үнэгүй зөвлөгөөг өгч байгаа.

-Намар мод тарих нь хаврынхаас ямар давуу талтай вэ?

-Одоо тарьсан мод дөрөвдүгээр сар гараад нахиалж эхэлдэг. Хаврын мод урин цагаа дагаад түргэн нахиалдаг ч намрынхаас хожуу ургадаг. Мөн арчилгаа, бордоо шаарддаг. Хүмүүст тарьж байгаа модондоо химийн бордоо битгий хийгээрэй гэж захимаар байна. Химийн бордоогоор ургуулсан мод өвчлөмтгий, навч, мөчир нь түргэн өнгөө алддаг, арчилгаа их шаарддаг. Намар тарьсан модонд ямар нэг бордоо хэрэггүй, хонины бууц ч шаардлагагүй. Хар шороогоор суулгахад л болно. Намар мод тарихад цаг зав, зардалынх хувьд хэмнэлттэй байдаг.

Далан хальс, долоолгоно, голт бор, тошлойг намар тарихад тохиромжтой