Х.ЦОМ
МАХН-д өнөөдөр /2016.05.17/ улс төрийн нам болон иргэний хөдөлгөөний төлөөлөл болсон гишүүд хуучин намын гишүүнчлэлээсээ татгалзаж батлахаа гардаж авлаа. Тухайлбал, Хохирогчдын эрх ашгийг хамгаалах “Шударга” төвийн тэргүүн Халтарын Оюунцэцэг, Монголын ногоон намын Нарийн бичгийн дарга асан Чулуундоржийн Мөнхбаяр, МАН-ын гишүүн асан, Уулын болон гүйлтийн спортын мастер Бямбаагийн Буджаргал, МҮАН-ын гишүүн асан Чойдогийн Гантөмөр нарын гишүүд багтаж байв. Шинээр элссэн гишүүдэд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр баяр хүргэж, батлахыг нь гардууллаа. Тэрээр хэлсэн үгэндээ, “Бид эвдрэхийг бус эвлэж нэгдэхийг эрхэм болгож улс орныхоо ирээдүй, хөгжлийн төлөө ажиллах ёстой. Тийм ч учраас эвийг эрхэмлэж, шударга ёсыг оройдоо залсан хэнд ч болов МАХН-ын үүд хаалга нээлттэй. Бид эрч хүчтэй, эх орныхоо төлөө ажиллаж хөдөлмөрлөх чин эрмэлзлэлтэй шинэ залуу үеийг дэмжих ёстой. Өнөөдөр гишүүнээр элсч буй эдгээр гишүүдийг ч тодорхой тойрогт нэр дэвшинэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэдгийг онцоллоо.
Х.Оюунцэцэгийн хувьд 2006-2016 онд Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын тэмцлийг удирдан зохион байгуулж, төрийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах хуулийг 2007, 2014 онуудад батлуулж, УИХ, Засгийн газрын ажлын хэсэгт иргэдийг төлөөлөн ажиллаж байсан. Улмаар 2008 оны долдугаар сарын 1-ний хохирогчид, Хонгорын хордлого, МИ-8-ын хохирогчдын эрх ашгийг хамгаалж, цуврал баримтат нэвтрүүлгүүдийг хийж байсан иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө тууштай тэмцэгч эмэгтэй аж.
Ч.Мөнхбаяр нь монголын хэвлэл мэдээллийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан бөгөөд 2004 оноос иргэний хөдөлгөөний дөрвөн ч том хөдөлгөөнд оролцож явсан цогтой тэмцэгч юм. 2012-2014 онуудад Монголын ногоон намын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ч үзэл баримтлал, Н.Энхбаярын улс төрийн бодлогыг тууштай дэмждэг байсны хувьд МАХН-д элссэн байна.
Б.Буджаргал20 гаруй ХХК, ТББ-ыг удирдаж ажилласан туршлагатай нэгэн аж. Гүйлтийн спортоор 20 гаруй жил хичээллэж, энэ хугацаандаа аймгийн арав гаруй удаагийн аварга 10 гаруй удаагийн улсын аварга болж байжээ. Тэрээр их спортод ажмилт гаргахын зэрэгцээ нийгмийн идэвхтэй олон арван залуусын нэг гэдгээрээ цахимд танигдсан нэгэн аж.
Эх сурвалж:www.polit.mn