Улс төрийн хүрээний урвалт газар авч, тэднийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар өнгөлөв. Хадаг сүүтэй угтаж, сайдын суудал хүртэл өгөөд байсан МАХН-аасаа гарч сонгуулийн өмнөхөн урвагчид төрөлх МАН-д үүрлэх нь тэр. 2012 онд МАХН-аас сонгогдож байсан эрхмүүд өнгөрсөн хугацаанд өөрсдийн эрх мэдлээ ашиглан цөөнгүй “цүнх баригч”-аа төрийн албанд шургуулаад амжсан. Тухайлбал, Д.Тэрбишдагва Шадар сайд байхдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар Д.Батмөнхийг, Онцгой байдлын газрын даргаар Т.Дуламдоржийг, Худалдан авах ажиллагааны газрын даргаар Д.Энхжаргалыг тус тус томилж олны нүдийг орой дээр нь гаргаж байв. Тухайн үедээ МАХН-ын гишүүд дэмжигчид төрийн албанд ажиллаж үзээгүй “цүнх баригч”-даа хаданд гаргасанд дургүйцэж байсан ч энгийн гишүүдийн үг ноён Д.Тэрбишдагвад нөлөөлөөгүй юм.
Д.Батмөнхийн хувьд 2012 оноос өмнө Баянгол дүүргийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллаж байснаас өөрөөр төрд битгий хэл түмний төлөө хуруугаа ч хөдөлгөж үзээгүй цагаан гартан байсан гэнэ. Харин Д.Тэрбишдагвын нөмөр нөөлөгт багтаж, эзний төлөө үнэнчээр зүтгэхээр ам өчигөө өгч хамгийн чухал газрын даргаар төвөггүй томилогдсон нэгэн юм. Гэвч төрийн алба тоглоомын талбай биш тул Тэрбишдагвын нялх “бацаан” төд удалгүй халагдсан гэдэг.
Мөн ялгаагүй Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байсан Т.Дуламдорж нь 2015 АН, МАН-тай хамтарч Засгийн газар байгуулах үед буюу У.Хүрэлсүхийг Шадар сайд болоход Монголын шуудан, Цахилгаан холбоо ХХК-ийн даргаар очих гэж МАН-ын дарга нарыг хэсэгтээ л хормойдсон. Тэр үед тус компанийнхан Т.Дуламдоржийг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж удаа дараа эсэргүүцэлзарласан боловч Д.Тэрбишдагын нөмрөөс У.Хүрэлсүхийн хормойд зүүгдсэн Т.Дуламдорж гэгч этгээд байдаг л арга залиа хэрэглэж нэг хэсэгтээ тэссэн байдаг.
Харин Худалдан авах ажиллагааны газрын даргаар Д.Энхжаргал гэгч эмэгтэй ёстой ногоон гэрлээр томилогдсон гэдгийг ойрын хүрээнийхэн нь дуу нэгтэй хэлдэг. Түүний ногоон гэрэл нь мөнөөх л Д.Тэрбишдагва.Ийм л хүмүүсээсээ МАХН салсандаа тэдэнд гомдох биш баярлах хэрэгтэй. Учир нь шударга ёсонд тал тохой татах, богино банзал сөхөх яавч зохихгүй. Харин асран хамгаалагчаа дагаж одсон эдгээр хүмүүст МАН үүр засч өгөөд жигүүрийг нь дэлгэхээр зэхэж байгаа бол ёстой гохь нь гэж хэлэхээс өөр яахав. Улс төрийн урвалт, “янхандалт”МАН-аар дуусаасай гэж найдая.