Н.МӨНХЖИН

Британийн цагдаа мөдхөн Португалын Лиссабон хотод очиж Мадлен Макканн охин алга болсон хэрэгтэй холбогдуулж тус улсын цагдаатай хамтран хэд хэдэн баривчилгаа хийхээр бэлтгэж байна. 2007 онд Португалын Алгарве хотын Прайя да Луж амралтын газарт дөрвөн настай британи охин алга болох үеэр холхиж байсан гурван хулгайчийн мөрөөр цагдаа нар оржээ.

Эдгээр хулгайч нарыг Мадлен охиныг алга болсон хэрэгт хамаатай байж болзошгүй хэмээн сэ­жигт­нээр нэрлээд бай­гаа юм. Британи охин өрөөнөөсөө алга болс­ны дараахан эдгээр сэжигт­нүүдийн гар утас ер бусаар идэвхтэй ажиллаж байс­ныг мөрдөлтийн явцад тогтоогоод байгаа.

Мадлен охины эцэг эх Жерри, Кейт нар охиноо одоо болтол амьд гэдэгт итгэдэг бөгөөд энэ хэргийг илрүүлэхийн тулд Британи болон Португалын эрх баригчдад удаа дараа хандаж, хувиараа мөрдөгч хүртэл хөлсөлж байсан билээ. Дээрх гурван сэжигтнийг баривчилвал уг хэргийн ул мөрийг илрүүлэхэд дөхөмтэй мэдээлэл олдож магадгүй хэмээн Макканны гэр бүл найдаж буйгаа илэрхийлэв.

Гурван сэжигтний нэг нь португал үндэстэн ажээ. Мадлен охин алга болохоос хэдхэн цагийн өмнө энэ гурав Прайя да Луж амралтын газар дахь нэг байрыг ухаж байсан этгээдүүд аж. Тэдгээр хулгайч бяцхан охины унтаж байсан байр, өрөөг ухах гэж орсон, гэвч охин байгааг мэдээд чимээ гаргахгүйн тулд авч явсан байж магадгүй хэмээн цагдаа нар үзэж байгаа бололтой. Макканны эцэг эх найзуудтайгаа өөр газар оройн хоол идэхдээ дөрвөн настай Мадлен охиноо зочид буудлын өрөөндөө унтуулаад явжээ. Буцаад ирэхэд охин нь алга болсон байсан юм.

Тэр цагаас хойш Англи, Португалын цагдаа өргөн хэмжээний мөрдлөг явуулж, олон хүнийг сэжиглэн саатуулж шалгасан ч охиныг олж чадалгүй өдийг хүрчээ. Хамгийн гол нь Мадлен охины хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байгаа юм. Бяцхан англи охиныг хүүхдийг садар самуунд уруу татагчид урьдаас төлөвлөн хулгайлсан хэмээн олон хүн үздэг. Мадлений эцэг эх охиноо одоо болтол амьд хэмээн үзэж, олно гэсэн итгэл найдвараа хадгалсаар байна.