М.ГАНЦЭЦЭГ
Булган аймгийн Засаг дарга М.Оюунбаттай ярилцлаа. Тэрээр тус аймгийг 12 жил удирдаж байгаа бөгөөд хамгийн олон жил ажиллаж буй Засаг дарга юм.
-Булганыг анхдагчдын өлгий нутаг, их хөдөлмөрч хүмүүс гэдэг. Бусад аймагт үлгэр жишээ болж атаархлыг нь төрүүлдэг ард түмнийхээ тухай яриач?
-Анхдагчдын маань жишээ олон бий. Манай Булган аймгаас Монголын анхны олимпийн хос медальтан төрлөө. Н.Түвшинбаяр 2008 онд Бээжингийн олимпоос Монголын анхны алтан медалийг авчирсан бол энэ жил мөнгөн медаль авлаа. Албан ёсоор тоолбол манай аймагт 72 анхдагч хүмүүс бий. Албан бус гэвэл 100 гараад явна. Анхны хөдөлмөрийн баатар Даваажав гуай, анхны малчин баатар Очирбат , анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа гээд энэ бүгдээрээ бид бахархдаг. Бусад аймгийнхан манайхтай барьцдаггүй юм. 2007 онд аймгийн дарга нартай ярилцаж байснаа санаж байна. Тэд “Анхны олимпийн аварга Булганаас л төрөхгүй бол хаанаас ч төрөхгүй. Манайд сайн, сайн хүмүүс байгаа, гэхдээ танайхаас л төрчихвөл манай аймгаас төрчих гээд байна” гэж ярьцгааж байсан. Бусад нь хүртэл ингэж хүлээн зөвшөөрсөн Булган хангай гэдэг ийм сайхан нутаг шүү. Булганчууд маань “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэддэг үнэхээр хөдөлмөрч ард түмэн. Үүнийхээ хүчинд манай аймаг өдий зэрэгтэй хөгжиж явна.
-Анхдагчидтай аймаг, ажилсаг ард түмнийг та сүүлийн 12 жил удирдлаа. Засаг дарга болсон анхны өдөр болоод өнөөдрийн Булган аймгийн хөгжлийн тухай харьцуулвал асар их ялгаатай байх?
-2000 онд 1,2 тэрбум төгрөгийн өртэй аймаг хүлээж авч байлаа. Цалин, тэтгэврээ 3-4 сар тавьж чадаагүй, 1,3 сая малтай, 10 гаруй мянган га-д газар тариалан тарьдаг байсан. Өнөөдөр мал маань 2,4 сая болж өслөө, газар тариалангийн үйлдвэрлэл гурав дахин нэмэгдсэн. Булган аймаг газар тариалангийн үйлдвэрлэлээр улсад гуравдугаарт явж байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлээрээ улсад дөрөвдүгээрт, эдийн засгийн өсөлтөөрөө зургадугаарт, хүний хөгжлийн индексээрээ тавдугаарт явж байна. Энэ жилийн хувьд Булган аймаг улсын топ таван аймгийн нэг боллоо. Орлогороо зарлагаа нөхдөг аймгуудтай эн зэрэгцлээ. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээгээр улсын дунджаас дээгүүрт явж байгаа гэх мэт олон сайн үзүүлэлт бий болсон. Дэд бүтэц хамгийн өндөр хөгжсөн аймаг. Өвөрхангайн Рашаант, Дашинчилэн, Баяннуур дайрсан хатуу хучилттай зам байна. Хөвсгөл явж байгаа мянганы зам олон сумыг дайрч байна. Булганд сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн асуудал байхгүй болсон. Бүх сумд төдийгүй томоохон баг цахилгаанд холбогдсон. Бүх сум үүрэн холбооны сүлжээнүүдэд холбогдсон, малчид бэлчээрээсээ сумынхаа эмнэлэгтэй холбогдож чадаж байна. Зам дагаж хөгжил ирдэг гэж үнэн юм билээ. Хөвсгөл явж байгаа зам Уньт хүрсэн. Зам дагуух хүмүүсийн амьдрал нэлээд сайжирч байгаа. Баяннуур, Дашинчилэнгийнхэн мах, сүүгээ худалддаг. Тэр хэмжээгээр орлого сайтай байдаг. Манай Булганы нийт өрхийн 78 хувь нь телевизтэй, 68 хувь нь трактор, машин унаатай болсон нь хөгжлийн үзүүлэлтийг харуулж байна. Бусад аймгийнхан манайхныг их чинээлэг гэдэг. Дэд бүтэц сайтай, өмссөн зүүсэн, унаа уншнаас нь авахуулаад ярьдаг юм.
-Хэдий хөгжиж буй ч асуудал дуусдаггүй. Булганы иргэд Засаг даргын өрөөгөөр орж гарах нь их юм. Тэд таны өрөөнд ямар санал, хүсэлттэй орж ирж байна вэ?
-Өмнө нь иргэдээ баасан гариг бүр хүлээн авч уулздаг байсан бол одоо нээлттэй болсон. Манай Засаг даргын Тамгын газрын нэгдүгээр давхарт иргэдийн танхим бий. Тэнд аймагт ойрын үед хийх гэж байгаа ажлын талаар нээлттэй хэлэлцүүлэг явуулдаг. Хэлэлцүүлгээр дамжуулж ямар шийдвэр гаргах вэ гэдгээ шийдэх жишээтэй. Нээлттэй хэлэлцүүлгийг хоёр сард нэг удаа явуулж байгаа. Иргэдтэй хэзээ ч утсаар ярьж, уулзах маань чөлөөтэй шүү. Манайханд ажлын байр, зээл тусламжтай холбоотой санал их байдаг. Манай аймгийнханд хадлан тариа, ногоо хураах гээд мөнгө төгрөгийн хэрэгцээ хавар, намар нэлээд гардаг.
-Газар тариалангийн гол бүс нутгийн хувьд ургац хураалт Булганыхны намрын их ажлын нэг байх. Энэ жил танайх ургац арвинтай биз?
-Манайх сүүлийн 20 жил аваагүй ургацаа энэ жил авах гэж байна. Өнгөрсөн жил 43 мянган тонн ургац хураасан бол энэ жил 50 мянган тонныг хураана. Хадлан ч ялгаагүй. Манайх гурил, төмснийхөө хэрэгцээг аймгийн хэмжээнд 100 хувь хангадаг. Хүнсний ногооныхоо хэрэгцээг 60 хувь хангаж байгаагаа 100 хувь болгох зорилт тавин ажиллаж байна. Манай аймагт хоногт 110 тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай том үйлдвэр ашиглалтад орлоо. Томоохон сумдад сум дундын гурилын үйлдвэрүүд ашиглалтад орлоо. Хувь хүн өөрийн хөрөнгөөр дулааны цахилгаан станц барьж байна. Манай аймагт 2000 оноос өмнө шилжилт хөдөлгөөн их байсан. Эрдэнэт рүү их нүүдэг байсан. Одоо дэд бүтцээ дагаад шилжилт зогссон. Аймаг ч тэлж байна. Манай аймагт баруун аймгуудаас иргэд олноор шилжин ирдэг. Хүн дагаж хүнс гэдэг дээ. Энэ хэмжээгээр Булган аймагт үйлдвэр, үйлчилгээ, бүтээн байгуулалтууд нэмэгдэж эдийн засаг хурдтай өсч байгаа. Манай аймгийн эдийн засгийн гол бааз суурь нь хөдөө аж ахуй. Мал аж ахуй, газар тариалан жигд өссөн аймаг байдаггүй. Сэлэнгэ газар тариалан сайтай ч мал аж ахуйгүй. Дундговь гэхэд мал аж ахуйтай хэрнээ газар тариалангүй. Манайх бол энэ бүгд хосолсон сайхан нутаг. Дээр нь манай аймгийн нутагт “Эрдэнэт “гээд том үйлдвэр ажиллаж байна. Усаа манай аймгийн нутгаас авдаг. Жилд 1,5 тэрбум төгрөгийн усны татвар авч байгаа. Цаашид шинэ хуулиар 5-6 тэрбум төгрөгт хүрнэ. Энэ хэмжээгээр аймаг хөгжинө. Ирэх нэгдүгээр сараас Төсвийн тухай шинэ хууль хэрэгжихээр орон нутаг нэлээд эрх мэдэлтэй болно. Ингээд ирэхээр аймаг хөгжих бололцоо маш их байгаа. Би 2000 онд Засаг дарга болсноороо азтай бөгөөд азгүй хүн л дээ.
-Яагаад тэр вэ?
-2000 онд намайг аймгийн дарга болж байхад Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн шинэ хууль гараагүй байсан. 2001 онд баталсан хууль. Тэгээд бүх зүйлийг дээр төлөвлөдөг, бид бол мөнгө дамжуулдаг байсан. Эргээд энэ хууль маань өөрчлөгдөөд орон нутагт эрх мэдэл ирлээ. Энэ үед нь миний нэгэн бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа нь бас харамсалтай. Орон нутагт эрх мэдэл ирвэл аймаг хөгжих бүрэн бололцоотой, ажил ч хийж болдог.
-Та анх өртэй аймаг авч байжээ. Түүнээс хойш гурван бүрэн эрхийн хугацаанд 12 жил тасралтгүй ажиллалаа. Төлөвлөсөн зүйлээ хийж аймгаа хөгжүүллээ гэж таны санаа амар байх юм уу, эсвэл хийчих юмсан гэж бодож яваа зүйл их бий юу?
-Хийх зүйл их бий. Өнгөрсөн жил аймгийг 2021 он хүртэл хөгжүүлэх цогц бодлогоо боловсруулсан. Тэнд бүх зүйлээ тусгасан. Өнгөрсөн 12 жилийн ажлаа эргэн харахад надад санаа зовох зүйл алга. Манай бүх агентлаг өөрийн гэсэн байртай боллоо. Засаг даргын Тамгын газар дөрвөн давхар шинэ байр барьж байгаа, ирэх жил ашиглалтад орно. Тэгэхээр илүү тав тухтай ажиллах нөхцөл бололцоо хангагдана. Хүн ам, мал маань өслөө, газар тариалан, эдийн засаг өсөлттэй байна. Ядуурлын төвшин 23 хувьтай байгаа. 2012-2016 оны хөтөлбөрт нэг оронтой тоонд хүргэхээр тусгасан. Ядуурлын төвшний улсын дундаж 30 гаруй хувьтай байгаа ч манай аймагт 10 функтээр доогуур байна. Ингээд бодохоор тэрийг, энийг чадсангүйдээ гэж зовох зүйл байхгүй. 2005 онд судалгаа хийлгэхэд ядуурлын төвшин 36 хувьтай байсан. Тэр жилдээ 1,3 хувиар буурсан. Ядууралтай тэмцэж дорвитой алхам хийе гэж 2006 оныг ядуурлыг бууруулах жил болгон зарлаж анх 10 сая төгрөгтэй жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан байгуулж байлаа. Дараа жил нь 100 сая төгрөгөөр нэмсэн. 2008 оноос төр анхаарч жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх болсон. Бид өмнө нь хэрэгжүүлж байсан туршлагатай болохоор төрийн бодлогын дор нь хэрэгжүүлсэн. Манай жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан 5-6 тэрбумын төгрөгтэй болж бага хүү, урт хугацаатай зээл олгож амжилттай ажилласан.
-Ирээдүйд Булганыг хөгжилд түүчээлэх шинэ салбар юу байна вэ?
-Манай хөгжлийн дараагийн нэг салбар уул уурхай. Манай нутагт алт, зэс, мөнгө байна. Би геологийн мэргэжлийн хүн учир сүүлийн 12 жил аймгийн Засаг даргаар ажиллахдаа уул уурхайг шинээр нээгээгүй. Бид хөдөө аж ахуйгаа хөгжүүлье гэж зорьсон, түүнийгээ хангасан. Цаашид эдийн засгийн өсөлт зайлшгүй хэрэгтэй. Бид хүссэн, хүсээгүй уул уурхай руугаа орно. Манайд юун Оюутолгой, Тавантолгой байтугай ордууд байна. Хамгийн гол нь Булган аймаг усны эрчим хүч маш ихтэй. Монголын хамгийн том голуудаас Сэлэнгээс бусад нь Булган аймгийн нутгаар урсч байгаа. Энд усан цахилгаан станц барих боломжтой. Булганд ийм ирээдүй харагдаж байгаа. Бид ашигт малтмал руу орохдоо заавал алт, зэс гэхгүй. Эхлээд нутаг дээгүүрээ урсч байгаа том голуудыг ашиглах, тоолуур тавих хэрэгтэй. Гадагшаа усаа үнэгүй өгөөд байна шүү дээ. Үүнийгээ үнэтэй болгох хэрэгтэй байна.
-Олон жил орон нутагт удирдах ажил хийсэн, мөн туршлагатай улстөрчийн хувьд Аймаг, сум, дүүргийн сонгуулийн тухай хуулийн талаар ямар бодолтой байгаа вэ?
-Би аймгийн МАН-ын хорооны даргын албыг 16 жил хашиж байна. Хуулийг буруу, зөрүү гэж ярих шаардлага алга. Харин хугацаа үнэхээр хүнд. Яс хүйтэн үе шүү дээ. УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулиар ирц сайн бүрддэг. Аравдугаар сарын эхээр болдог байхад л орон нутгийн сонгуулийн ирц бүрддэггүй юм. Арай гэж 50 хувь гардаг. Одоо арваннэгдүгээр сард ид хүйтэрнэ, цас орно, түүнээс л санаа зовж байна. Хоёрдугаарт, автомат машинаар тоолох нь надад таалагдаагүй. Машиныг хүн бүтээдэг болохоор маш их эргэлзээ байдаг. Нийслэлд 14 хүн сонгогдоход Ардын намаас нэг хүн гарч болно доо. Тэгэхээр энд эргэлзсэн. Манайх сонгуулийн системээ үндсээр нь өөрчлөхгүй бол болохгүй байгаа. Өнөө маргаашдаа эрх барьж байгаа нам нь өөрсдөдөө зориулж хууль батлаад байвал сонголт биш. Засаглалын хэлбэрийг ч өөрчлөх хэрэгтэй гэж боддог. Ерөнхийлөгчийг хэн сонгох вэ, УИХ энэ хэвээр ажиллах уу эсвэл хоёр танхимтай байх уу, Засгийн газар ямар бүтэцтэй байх вэ гээд л. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргыг гадаад руу явахад олон сайд дагадаг. Тэгэхээр Засгийн газрын танхим аймаг, орон нутагтайгаа ажиллахгүй байна. Аймгийн дарга нар сайд нартай орон нутгийн асуудлаар уулзаж ярих чухал зүйлүүд байдаг ч голдуу л гадаадад томилолттой явчихдаг. Гурван өндөрлөг хоорондоо холбоотой болчихсон. Ерөнхийлөгчийг бүх ард түмэн сонгодог ч түүнд хэн хариуцлага тооцох юм. УИХ-ын гишүүд нь сайд болчихно. Хоорондоо уусчихаар Засгийн газартаа арга хэмжээ авч чаддаггүй УИХ болчихоод байгаа юм.
Төр төвшин байвал түмэн олон маань амгалан байна. Монголын эдийн засаг сайхан боллоо, үнэхээр сайхан бололцоо гарч ирлээ. Засаг төр тогтвортой бөгөөд зөв бодлоготой ажиллаасай гэж боддог. Яагаад гэвэл би Засаг даргаар ажиллах хугацаандаа зургаан Засгийн газар, долоон Ерөнхий сайдын нүүрийг үзсэн хүн. Төр, засаг солигдох тусам ажил унадаг. Тиймээс сонгуулийн хугацаа ч урт баймаар байна. Эхний жил УИХ, Засгийн газраа байгуулсаар өнгөрдөг. Хоёр дахь жил нь ажлаа эхлээд гуравдахаас нь жигдэрч байтал дөрөв дэхь жил нь сонгууль гэж сандралдаад юун ажил манатай болчихдог.
-Засаг даргыг дээрээс томилно эсвэл ард түмнээс сонгодог болно л гэх юм. Та аль хувилбарыг нь тохиромжтой гэж боддог вэ?
-Аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд нь томилдог, сумын даргыг аймгийн дарга нь, багийн даргыг сумын дарга нь томилдог байх нь зөв. Томилдог тодорхой хүнтэй бас хариуцлага тооцдог баймаар байна. Шат шатандаа томилдог байвал илүү хариуцлагатай ажиллана.