Монголын төр урвагчийг угтдаг биш зайлуулдаг жишиг рүү явахгүй бол улсын маань ордон урвагчдын цуглуулга болж дуусах нь.Намын нэрээр янгиа тохож төрд гарч болох ч төрийн ёсыг намын ёсноос салгах энгийн наад захын ухаан 90 жилийн түүхтэй гэж хөөрцөглөх МАН-аас цэгийн чинээ цухуйгаагүй нь уг намын ой санамж эрүүл биш байгааг харуулнам бусуу!Тэгээд ч урвагчдыг угтан ёсолсон нь засгаас зайлах, арчигдахын цондонгоо хийж орхив уу гэлтэй. Урвагчид байгаа газарт үнэний сүүдэр ч атугай хэзээ ч байдаггүй билээ...хэзээч!
Төрийн хүний нэр хүнд Ч.Улаан, Д.Тэрбишдагва мэт хувиа бодсон бэртэгчингүүдээс болж булшлагдаж байгааг амьдаар нь харав, мэдэв, танив. Гэтэл дээр нь дараагийн сонгуульд нэр дэвшиж өөрсдийгөө төрийн түшээдээр дахин сонгогдоно гэж улайрч байгаа нь талаар болж байна.Учир нь тэд хуучин намаасаа “тойрохоо” зуруулаагүй байж дараагийн намдаа очиж нэр дэвшихээр горилож байгаа нь өөрөө сонгуульд нэр дэвших ямар ч нөхцөл боломж байхгүй гэдгийг батлаж байна.
Бид агуу их түүхээ сөхвөл эзэн Чингисийн үе рүү өнгийж хардаггүй юм аа гэхэд 1691 онд улсаасаа урваж, түрүү урвалгынхаа шанд манжийн төрөөс засаг Чин вангийн харь хэргэм мөлхөж тоссон ноёдын түүх буй. Гутамшигт энэ урвалтаас болж эцэг өвгөдийн ариун дагшин эх орон 250 гаруй жил манжийн талхинд зовсон явдал түүхийн хуудсанд цагаан дээр хараар бичээстэй бий. Гэтэл дээрх хар сүүдрийг санагдуулам явдал гол хөрөөдөх болсон нь Монголчууд бид төрөө юу гээчийн хүмүүсээр удирдуулж байна вэ гэсэн бодол толгойд зурсхийв! Нэг урвасан хүн дахин урвахгүй гэсэн баталгаа байгаа юу гэвэл мндээж үгүй. Энэ киноны жүжигчид бол Их Хурлын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар. МАХН-аас гарч буйгаа бахтайгаар зарлаж, хэвлэлийн хурал хийв. Хийх хийхдээ Монгол Улсын үйл хэрэг өрнөдөг засаг төрийн ариун ордонд тухлан сууж, шударга ёсны төлөө ийнхүү шийдсээн...хэмээн өгүүлэв. Урваж болдог юм байжээ гэж бодъё. Гэтэл “Төрийн минь сүлд өршөө!” гэж бурхнаас илүү сүслэн залбирдаг засаг төрийн минь ордонд урвалтаа зарлаж суудаг нь юу гээчийн муу ёр вэ?Энэ үйлдлээрээ Монгол төрийг доромжилж, төрдөө итгэдэг олны сэтгэхүйг тэд гутаав. Энгийн наад захын “төр хүндлэх ёс”-ыг мэддэггүй үхдэл болсон хүмүүсийг тахлан төрийн хоймор залруулах нь ард иргэд бидний буруу сонголт болохоос төрийг хүндлэх, дээдлэх ухамсарын шавхруу, толбо ч байхгүй урвагчдын буруу биш ч юм уу.
Эх сурвалж: www.polit.mn