С.САРУУЛ
УИХ-ын дарга З.Энхболдод Л.Эрдэнэчимэг гишүүн Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив. Дэлхийн хүн амд тулгамдаад байгаа нийгмийн эрүүл мэндийн хамгийн том асуудал бол тамхидалт бөгөөд 6 секунд тутамд нэг хүнийг, насанд хүрэгчдийн 10 хүн тутамд нэгийг, жилдээ таван сая хүнийг үхэлд хүргэж байдаг гэнэ. Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр хүн амын тамхины хэрэглээ буурч,амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөл, нас баралтын тоо багасна хэмээн хууль санаачлагч үзжээ.
Тамхины татварыг хэрхэн нэмэгдүүлснээс шалтгаалан жилд1058-3385 хүний амийг аврах боломжтой. Мөн хүүхэд өсвөр үе, залуучуудыг тамхинд донтохоос сэргийлэх, тэдний тамхины хэрэглээг багасгах чухал ач холбогдолтой учраас онцгой албан татварын тухай хуулийн 6 болон 7 дугаар зүйлд заагдсан тамхинд ноогдох онцгой албан татварын хэмжээг хэмжих нэгж тус бүрт (100 ширхэг янжуур тамхинд, 1 кг дүнсэн тамхинд ) хоёр дахин нэмэгдүүлэхээр шинэчлэн тогтоох хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулаад байгаа юм байна. Онцгой албан татварын хэмжээг 50 хувь нэмэгдүүлснээр төсвийн орлогод 75 тэрбум төгрөг, 75 хувь нэмэгдүүлснээр 146 тэрбум төгрөг, 100 хувь нэмэгдүүлснээр 183.5 тэрбум төгрөг өмнөх оны татварын орлого дээр нэмэгдэх боломжтой аж. Манай улсад тамхинаас үүдэлтэй хүн амын өвчлөл, нас баралт өндөр, сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах тохиолдол хоёр дахин нэмэгдэж, нас барсан гурван хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, таван хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас нас барж байна гэсэн үзүүлэлт гарчээ. 2013 онд хийсэн судалгаагаар нийт хүн амын 27 хувь, үүнээс эрэгтэйчүүдийн 49 хувь, эмэгтэйчүүдийн 5 хувь нь тамхи татдаг байсан байна.
Эх сурвалж: www.polit.mn