С.СОР
Нийслэлийн сонгуулийн хороонд нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ 13 нам хоёр эвсэл хүргүүлсэн. Тэгвэл Сонгуулийн тухай хууль тогтоомжид заасны дагуу нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа 2016 оны тавдугаар сарын 05-ны өдрөөс эхэлнэ. Тиймээс Нийслэлийн сонгуулийн хорооноос улс төрийн нам, эвслүүдэд нэр дэвшигчээ сонгохдоо хууль тогтоомжид заасан шаардлагыг мөрдөж ажиллахыг хүсч, зөвлөмж хүргүүлжээ. Зөвлөмжид “...Сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу нийслэлд өөрийн салбартай нам нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцох эрхтэй бөгөөд мөн тус хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасны дагуу намаас нэр дэвшүүлэх асуудлыг нийслэл дэх намын салбар байгууллага дотоод дүрэм, журамд заасан хуралдаанаараа хэлэлцэж ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэх ёстойг онцгойлон сануулж, Сонгуулийн тухай хууль тогтоомжид заасан журам, шаардлагыг мөрдөж ажиллахыг зөвлөж байна” гэв.
Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшигчид дараах баримт бичгийг бүрдүүлж, нийслэлийн сонгуулийн хороонд ирүүлнэ. Үүнд : • Нэр дэвшүүлсэн тухай шийдвэр • Нэр дэвшигчийн жагсаалт • Нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл • Нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг / сүүлийн бүтэн нэг жилийн / • Энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг • Нэр дэвшигчийн намтар • Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар байх юм.
Эх сурвалж: www.polit.mn