Д.ЖАВХЛАН
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын албаны эрэн хайх, аврах шуурхай бүлгийн дарга, дэслэгч Э.Энхбаяртай цөөн хором ярилцлаа.
-Та өөрийгөө товч танилцуулахгүй юу. Дархан-Уул аймгийн онцгой байдлын албанд хэзээ орсон бэ?
-Би Улаанбаатар хотын төв гал камандад аврагч гал сөнөөгчөөр таван жил ажилласан. Тэгээд Дотоодын их сургуульд онцгой байдлын эрх зүйч мэргэжлээр 2008 онд төгсөөд хавар нь Дархан-Уул аймгийн Онцгой байдлын албанд эрэн хайх, аврах шуурхай бүлгийн даргын албанд гурван сар, Төрийн тусгай албанд нийт есдэх жилдээ ажиллаж байна.
-Амь өрссөн энэ албанд татагдах болсон шалтгаан нь юу байв?
-Би хүүхэд байхаасаа л цэрэг цагдаагийн ажилд орохыг мөрөөдөж байсан. Хүнд хэцүү зүйл байдаг ч ажлын амтанд орохоор бэрхшээл, хүндрэл мартагддаг юм билээ.
-Онцгой алба техник багаж, хэрэгслээр үргэлж дутагддаг юм шиг санагддаг?
-Иж бүрэн багаж хэрэгсэл байдаггүй. Гэхдээ бид боломжийн хэрээрэй учирсан гамшигт өөрсдийн чадварт түшиглаж ажилладаг.
-Дархан-Уул аймгийн хэмжээнд ямар дуудлага их гарч байна?
-Ихэвчлэн зам тээврийн ослын дуудлага их ирдэг. Олон хүний хөлийн газар, тариа будааны гол зам манай хариуцсан хэсгээр дамжин өнгөрдөг болохоор зам тээврийн осол цөөнгүй гардаг. Мөн үер усанд осолдож, эндэх тохиолдлын дуудлага голлон гардаг. Зам тээврийн ослын үед аврах багаж хэрэгсэл сайжирч байгаа.
-Танай албанаас ажилтан албан хаагчдаа чадваржуулах тал дээр сургалт судалгааны ямар ажил явуулдаг вэ?
-Онцгой байдлын албаны ажилтнууд маань жил бүр сургалтад сууж ур чадвараа дээшлүүлдэг. Жилд манай албанаас ганц хоёр хүн сургалтад сууж, тэд бусад ажилчддаа сурсан мэдсэнэээ зааж зөвлөдөг.
-Энэ жилийн хувьд гамшгийн дуудлага хэр байв?
-Би энэ зун гамшиг ослын дуудлаганд найман удаа дуудагдсан. Үүний дөрөв нь үер усны дуудлага байлаа. Гурав нь зам тээврийн ослын дуудлага байсан.
-Ажлаасаа мэдрэх хамгийн сайхан мэдрэмжээ хуваалцахгүй юу?
-Манай албаны хамгийн сайхан үе хүний алтан амийг аварсаны дараа тэд баярлаж талархсанаа илэрхийлэх тэр үед хамгийн сайхан мэдрэмж төрдөг. Хүмүүс чин сэтгэлээсээ баярлаж байгааг хараад ядарсанаа тэр дороо мартдаг.
-Таны сэтгэлээс гардаггүй дуудлага ямар дуудлага байдаг вэ?
-Би гал түймэрийн аюулаас 22 хүний аварч байсан үеэ мартдаггүй юм. Энэ мэт дуудлаганы дараа ажлын эрч нэмэгддэг.