М.ЦЭЦЭГ

Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалтад оролцсон Финланд улсын парламентын гишүүн Вера Риохотой ярилцлаа. Тэрээр улсаа төлөөлөн олимпод оролцож байсан, таеквондогийн нэртэй тамирчин, дэлхийн аваргын хүрэл медальтай төдийгүй НҮБ-ын ажиллагаанд гурван удаа оролцож явсан цагдаа аж.

-Таныг нэртэй тамирчин гэж дууллаа. Энэ тухайгаа тодруулаач?

-Би олимпийн тамирчин байсан. 10 гаруй жил Финландын таеквондогийн багийн тамирчин байгаад парламентын гишүүн болсон. Дэлхийн болон Европын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж байсан. Дашрамд сонирхуулахад, Монголд ирэхдээ энэ чиглэлийн тамирчидтай онгоцонд уулзах завшаан тохиолоо.

-Финландаас хоёр эмэгтэй гишүүн ирсэн нь содон харагдлаа.Танай парламентын гишүүдийн хэдэн хувь нь эмэгтэй байдаг вэ?

-Парламентын гишүүдийн бараг 40 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Гэхдээ үргэлж ийм олуул байгаагүй. Сүүлийн жилүүдэд ийм өндөр хувьтай болоод байна. Манай одоогийн парламентын дарга нь эмэгтэй хүн бий. Өмнө нь манай улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй байсан. Мөн хоёр удаа Ерөнхий сайдаар эмэгтэй хүн сонгогдож байсан.

-Шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүд олон юм байна. Энэ нь юутай холбоотой вэ?

-Энэ нь Засгийн газраас явуулж буй бодлоготой ихээхэн холбоотой. Хувь хүнтэй ч холбоотой зүйл бийМөн эмэгтэйчүүд өөрсдөө нэр дэвших санал гаргадаг, тэднийг Засгийн газар ч бодлогоор дэмждэг. Эмэгтэй хүн олон зүйлийг нэг дор хийх чадвартай учраас ард түмэн илүү сонгодог болов уу.

-Танай улсын хуульд сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квот байдаг уу?

-Үгүй.

-Манай улсад болсон АЕПТ-ийн уулзалтыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Финландаас ирсний хувьд эмэгтэйчүүдийн асуудал чухал сэдэв байлаа. Манай улсад жендерийн оролцоог Ерөнхий сайдаас эхлээд парламентын төвшинд сайн хангасан гэдэг утгаараа онцолж үзэж байна. Мөн Монголын талын дэвшүүлсэн эдийн засгийн сэдвийг чухал гэж бодож байна. Хурлын төгсгөлд баталсан тунхаг бичиг нь АСЕМ-ын уулзалтад чухал үүрэгтэй. Парламентын гишүүд хууль тогтоох үндсэн үүрэгтэй учраас тунхаглалын хэрэгжилтийг хангахад анхаарах хэрэгтэй гэж үзэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин