Д.БОЛОР

 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ билэгт сайн өдрийг тохиолдуулан хэвлэлийн хурал зарласнаа онцлон байж мэдээлэл өглөө. Тэрээр “Өнөөдөр балжинням, дашням давхацсан өдөр. Ийм өдөр хүүхдийн мөнгөний талаар мэдээлэл өгөх болсондоо талархаж байна” гэсээр яриагаа эхэлсэн юм. Хүүхдэд олгох 20 мянган төгрөгийг хэрхэн авах тухай ярилцлаа.

 

-Засгийн газрын хурал­даанаар “Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам”-ыг батал­сан. Мөнгө олголтын бэлтгэл ажил хэр байна?

-Засгийн газрын 2012-2016 оны үйл ажил­ла­гааны мөрийн хөтөлбөрт 0-18 насны хүүхэд бүрт сар тутам 20 мянган төгрөг олгохоор тусгаснаар Засгийн газраас тогтоол  гарч “Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам”-ыг баталсан юм. Энэ ажлын хүрээнд 170 гаруй мянган хүүхдэд 59 орчим тэрбум төгрөгийг энэ сарын 20-ноос эхлэн олгоно. Хүүх­дийн мөнгийг олгохдоо иргэдэд хүндрэл, чирэгдэл багатай байлгах үүднээс Хүн амын хөг­жил, нийг­мийн хамгаал­лын яам, Нийг­­мийн халамж, үйл­чил­гээний ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөн­хий газар,  Монгол банк, Тө­рийн сан зэрэг бай­гуул­лагуудын хамтар­сан ажлын хэсэг ажиллаж байна. Хамтар­сан ажлын хэсэг хүүх­дийн мөнгийг  цахим тех­нологи ашиглан хялбар аргаар түгээх учиртай. Тодруулбал, иргэн та ду­рын банкинд хүүхдийнхээ нэр дээр данс нээлгэж, тухайн банкны аль ч сал­бараас хүүхдийн мөнгөө авах боломжтой байхаар зохицуулсан. Ингэхдээ эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, ит­гэмж­лүүлэгч нь иргэний цахим үнэм­лэх, хүүхдийн төрсний гэрчил­гээтэйгээ арил­жааны банкинд очиж, бүртгэлийн маягт бөглөх юм. Өргөдлийн маягтыг бүх банкны сал­барт он­лайн хувилбараар тараа­сан учир элдэв хүндрэл гарахгүй. Улмаар таны бөглөсөн маяг­тыг үндэслэн хүүх­дийн нэр дээр данс нээгдэж  сар бүр тогтмол мөнгө нь орж бай­на. Ингэхдээ нэг хүүхдэд нэг л данс нээг­дэнэ. Олон данс нээлгэсэн тохиолдолд автоматаар программ ха­салт хийж, мөнгө олгог­дохгүй. Харин хүүхдийн мөнгийг өөрийн харилцах данс, банкны карт, хүүхдийн хадгалам­жийн дансанд хийх эрх нь нээлттэй байгаа.

-Хүүхдийн мөнгө авах эцэг, эх ямар материал бүрдүүлэх ёстой вэ?

-Ээж эсвэл эцэг, ас­ран хамгаалагч, харгал­зан дэм­жигч, итгэмж­лүүлэг­чээс олон бичиг шаар­дахгүй. Зөвхөн ээжийн цахим иргэ­ний үнэмлэх, хүүхдүүдийн төрсний гэр­чилгээтэйгээ арилжааны банкинд хандана.

-Аль нэг гэж ялгахгүй арилжааны бүх банкаар олгох хэрэг үү?

-Аль нэг банк гэж онц­лохгүй. Энэ удаа хүүх­дийн мөнгөний дэвтэр хэв­лэг­дэхгүй, арилжааны бан­кууд ямар нэгэн суутгал, үйлчилгээний шимтгэл авахгүй.   Хэрэв хүүхдийн тань мөнгөнөөс  ямар нэгэн шимтгэл авсан бол Монгол банк, эвсэл яаманд хандах боломжтой.  Харин ирэх оноос банкууд өөрсдийн зардлаар “Baby cart” буюу хүүхдийн картыг анх удаа хэвлэж, ашиглахаар бол­сон. Холбогдох газруудаас данс нээлгэсэн талаар бүх мэдээллийг шалгаж, нэр­сийг баталгаажуулсны дараагаар Монгол банк­наас арилжааны банкин дахь хүүхэд бүрийн дан­санд хүүхдийн мөнгийг шил­жүүлнэ. Хүүхдийн мөнгийг өргөдөл  гарга­сан сараас эхэлж олгоно. Энэ сарын мөнгийг авахын тулд эцэг, эхчүүд аравдугаар сарын 15-наас өмнө аль нэг арилжааны банк дээр данс нээлгэх ёстой гэсэн үг. Өргөдөл гаргаснаас өмнөх сарын мөнгийг  нөхөж олгохгүй. Төсөвт орсон мөнгө хэмнэлт болж сур­гууль, цэцэрлэг, хүүхдэд зорилсан хөтөлбөр, төв зэргийг байгуулах хөрөнгө болон шилжинэ.  Тухайл­бал, аравдугаар сард амжиж өргөдөл гаргахгүй бол ту­хайн сарын мөнгийг нөхөж олгохгүй гэсэн үг. Тиймээс эцэг, эхийн хүсэлт гаргасан тэр сараас л хүүхдийн мөнгөний эрх нээгдэнэ. Иргэд сонгосон арил­жааны банк дээрээ очиж бүрт­гэлийн маягт авч бөглөж өгөх бөгөөд тэн­дээс Ха­ламжийн ерөнхий газарт мэдээллийн бааз үүсгэн Монголбанкинд мэдээл­лийг ирүүлэх юм байна. Төрийн банкнаас шилжүүлсэн мөнгийг Монголбанк арилжааны банкууд руу шилжүүлэх замаар хүүхдийн мөнгийг олгох учиртай. Түүнчлэн уг арга хэмжээ нь хүн амын нөхөн үржихүйн өсөлтийг дэмжсэн төрийн страте­гийн томоохон бод­логын тусгал.  Тиймээс хүүхдэд төсөвлөгдсөн мөнгийг бу­цаан татах, өөр зориу­лалтаар ашиг­лахгүй байж, Хүүхдийн хөгж­лийн сан байгуулах, хүүх­дийг хөг­жүү­лэхэд хөрөнгө оруу­лалт, бүтээн байгуу­лалт хийхэд зарцуулах тухай хуульч­лахаар ажил­лаж байна.

-Гадаадад байгаа бо­лон ял эдэлж байгаа хүүх­дэд энэ мөнгө ногдох уу?

-Гадаадад байгаа Мон­­гол Улсын иргэн эл­чин сайдын яамандаа хан­­­дан хүүхдийнхээ мөнгийг авах төдийгүй итгэмжлэх бичих бо­ломж­той. Шүү­хийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон ас­рам­жийн газрууд Нийг­мийн халамж, үйл­чилгээ­ний ерөнхий га­зартай гэ­рээ хийж, тухайн хүүхдэд хадгаламж нээ­хээр журманд тусгасан байгаа.

-Өндөр настан, хөгж­лийн бэрхшээлтэй иргэ­дийн нэг сая төгрөгийн үлдэгд­лийг энэ онд багтаан олгох уу?

-Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үлдэгдэл мөнгийг энэ онд олгоно.  Хүний хөгжлийн 21 мянган төгрөгийг  Монгол Улсын 2013 оны төсөвт суулгана. Ер нь 21 мянган төгрөгийг иргэд авч дуустал дараа дараагийн төсөвт тусгаж байх юм. Иргэд гол төлөв иргэний бичиг баримтгүй, энэ талын болзол хангаа­гүйгээс мөнгөө авалгүй үлдсэн. Иргэд  иргэний бичиг баримтаа бүрдүүл­сэн цагт нь хоёроос гурван жилийн дотор 21 мянган төгрөгийг олгож дуусна.