Үндсэн хуулийн цэцээс пропорциональ систем нь Үндсэн хууль зөрчсөн гэх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан. Уг шийдвэрийн талаар УИХ дахь нам, эвслийн бүлгүүд өчигдөр хэлэлцсэн байна.
УИХ дахь МАН-ын бүлэг Цэцийн шийдвэрийг дагах нь зөв гэж үзжээ. Бүлгээс гаргасан шийдвэрийнхээ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр болон Х.Болорчулуун гишүүн мэдээлэл хийлээ. Тодруулбал, жагсаалтгүй болж, УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхээр гаргасан Цэцийн шийдвэрийг хүлээж авах нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзсэн байна.
Өмнө нь МАН жагсаалтын ард нуугдах нь буруу, харин хүнээ сонгодог байя гэдэг байр суурийг баримталдаг байсан. Цэцийн шийдвэртэй холбоотой одоо ч энэ хэвээрээ байгаа гэдгээ намын бүлгийнхэн хэлсэн юм.
Харин сонгууль ойртсон үед Үндсэн хуулийн цэцээс ийм шийдвэр гаргасан нь сонгуулийн хугацааг хойшлуулах шалтгаан болох болов уу гэсэн сэтгүүлчийн асуултад бүлгийн дарга хариулт өгөв. Тэрээр “Сонгууль зургадугаар сарын 29-нд болдгоороо болох ёстой. Энэ шийдвэр сонгууль хойшлуулах шалтаг, шалтгаан болохгүй. Өөрөөр хэлбэл, Цэцийн шийдвэрээс болж Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах нь сонгууль хойшлуулах ямар нэг шалтгаан болох ёсгүйг албан ёсоор хэлье. Мэдээж шийдвэртэй холбоотой сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт орно. Хүнээ сонгодог болвол том эсвэл жижигрүүлсэн мажоритар тогтолцоотой байх уу гэдэг асуудлыг хэлэлцэнэ. Бид жагсаалтын 28-ыг 26 тойрогт хуваах асуудлыг тодорхой ярих ёстой гэж үзэж байгаа. УИХ-ын сонгуулийн тухай хуульд 26 тойрог 76 мандатаас бүрдэнэ гэж заасан. Харин Цэцийн дүгнэлтээр жагсаалтын 28 мандат хүчингүй болж байна. Тиймээс 28 мандатыг мажоритар тойрог руу шилжүүлэх хэрэгтэй. Ингэхдээ 26 тойрогт хуваах нь зүйтэй болов уу. Хөдөөгийн 20 аймагт тус бүр нэг мандат, харин нийслэлийн зургаан дүүрэг буюу тойрогт найман мандатыг хуваарилах байдлаар зохион байгуулж болно. Нийслэлийн том тойрогт хоёр, жижиг тойрогт нь тус бүр нэг мандат нэмэх нь зөв гэж үзэж байна” гэв.
Мөн МАН-ын бүлэг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл хэрхэн хэрэгжсэн талаар хэлэлцжээ. Өнгөрсөн жил эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд таван бодлого, 24 зорилт, 91 арга хэмжээ тусгасан байна. Энэхүү үндсэн чиглэлд туссан зорилт, арга хэмжээний тоо сүүлийн дөрвөн жилд дараалан буурсаар 2011 оныхтой харьцуулахад хоёр дахин багасчээ. Тиймээс үндсэн чиглэлийн биелэлтийг МАН бүлэг хангалтгүй гэж дүгнэсэн тухай бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр хэллээ. Үүний зэрэгцээ энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг МАН-ын бүлэг дэмжсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Халх гол чөлөөт бүс байгуулах УИХ-ын 75 дугаар тогтоол унтаа байсан ХХААЯ-ыг сэрээсэн. Ард иргэдийн эсэргүүцэл, тэмцлийн үр дүнд салбарын яам хөдөө аж ахуйг хөгжүүлэхдээ чөлөөт бүс байдлаар биш органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүс хэлбэрээр хөгжүүлэх ёстойг ойлгодог болсон. Тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлын эрх ашиг хангагдаж, гадаад худалдааны алдагдлыг бууруулж, хөдөө аж ахуй, хүнсний салбарын зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах эдийн засгийн бодлогын агуулгад нийцэх ач холбогдолтой” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин