Д.НАДМИД
Хулд сумын Засаг дарга Ж.Цогтбаатартай ярилцлаа.
-Танай сумын иргэдийн хэдэн хувь нь мал аж ахуй эрхэлдэг вэ?
-Манай сум 192 мянган малтай, 2350 гаруй хүн амтай. Нийт малын дийлэнх бог мал байдаг. Адуу 6000, тэмээ 5000, үхэр 2000 гээд бодтой. Тийм болохоор иргэдийн маань 70 гаруй хувь малчин гэж болно. Харин сүүлийн жилүүдэд жоншны бичил уурхай эрхлэгчид нэлээд болж иргэдийн амьжиргаанд нөлөөлж байгаа. Бас сумын хэмжээнд орон нутгийн орлогын буюу төсвийнхөө 70 хувийг жоншноос олж байна. Энэ бол манай сумын нэг давуу тал юм л даа.
-Таны ярианаас төсвийнхөө 70 хувийг өөрсдөө бүрдүүлдэг гэж ойлголоо. Зөв үү?
-Тийм ээ. Төсвөө 100 хувь гэж үзвэл зөвхөн 30 хувийг улсаас авч байгаа. Үүгээрээ аймгийнхаа бусад сумаас ялгарах онцлог гэж болно.
-Жоншны бичил уурхай ямар журмаар ажилладаг юм бэ?
-Аж ахуйн нэгжийн журмаар ажилладаг. Тэгээд орлогын албан татвар төлж түүгээр сум санхүүжиж, иргэд өөрсдөө амьдрал ахуйгаа дээшлүүлж байна.
-Суманд бүтээн байгуулалтын ажил хэр өрнөж байна даа?
-Би дээр давуу тал гэж хэлсэн дээ. Тэр юу гэсэн үг вэ гэвэл төсвөө өөрсдөө бүрдүүлсний цаана түүнийгээ зарцуулах эрх нь бас бидэнд байна. Үүний учир бид бүтээн байгуулалтын зарим ажил хийсэн. Хийж ч байна. Иргэний хөгжлийн төвийг барьсан энд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. 90 орчим сая төгрөгөөр энэ төвийг босгосон юм. Наадмын шинэ талбай, өвс, тэжээлийн нөөцийн агуулахтай болж авсан. Бас л 90 гаруй сая төгрөг зарсан. Нэг жаахан түвэгтэй нь биеийн тамирын танхимын барилга болоод байгаа. Уул нь анх төсвийн хөрөнгөөр барьчих санаа байсан ч чадаагүй. Тэгэхээр одоо орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гүйцээж барихаар болсон. Энэ онд ашиглалтад өгчих санаа бий. Хайс хашаанаас эхлээд гудамжны гэрэлтүүлэг тавих гээд хийж эхэлсэн ажил их.
-Орон нутгийн хөгжлийн санг хөдөөд хэр хандуулж байна вэ?
-Малчдадаа хандаж сүүлийн хоёр жилд нэг багт мал олонтой нутагт нь инженерийн хийцтэй худаг гаргаж өглөө. Нэг худагт 11-12 сая төгрөг зарцуулсан. Бас хуучин уурхайн худгуудыг лайдаж, ухаж ундрагыг нэмэгдүүлэх ажил зохиосон. Малгүй болон цөөн малтай иргэдийг малжуулах төсөлд хамруулж тэдэнд түрээсийн мал маллуулсан. Үр дүн гайгүй ээ. Малчид маань энэ ажилд өргөн хамрагдаж чадсан. Мөн малын үүлдэр угсрааг сайжруулахад нэлээд анхаарч шилмэл омгийн хуц, ухна, буур авчирсан. Тэр дотор адууныхаа чанарт нэлээд анхаарснаас манай сумын морьд хурдалж байна. Үүнтэй уялдуулаад адууны соёлыг хөгжүүлэх зарим ажил зохиосон. Адуучин нэвтрүүлэг, морьтой Монгол гээд сайхан арга хэмжээг сумандаа хийсэн.
-Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна.
-Бид иргэддээ 10-20 сая орчим төгрөгийн зээл олгож үр дүнг нь гэрээгээр тооцож ажилладаг. Суманд тоосго, замын хавтан хийдэг. Мөн ингэний сүүний жижиг цех бий. Тэндээ талх, гурилан бүтээгдэхүүн хийж нийтийн хэрэгцээг хангадаг. Иргэдээс ирүүлсэн төсөлд нарийн дүн шинжилгээ хийж энэ үндсэн дээр юм хийх аж ахуйн нэгж, хүнээ олж л зээлийг олгохыг эрхэмлэдэг. Манай сумын нэг гол брэнд бүтээгдэхүүн бол хөдөөгийнхөнд зориулсан зөөврийн сууц. Отрын сууц гэж болно. Энэ сууцыг 4-5 хүн хийж байна. Сүүлийн үед үүнийг сумын төдийгүй аймгийн нэг брэнд бүтээгдэхүүн гэж үздэг болж байгаа юм шүү. Худалдаа, үйлчилгээ эрхэлдэг жижиг аж ахуй хэд хэд бий.
-Малчид хоршоо байгуулж байна уу?
-Сумын хэмжээнд 2-3 хоршоо бий. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ борлуулах, тэгснээр ноос, ноолуур, арьс ширний урамшууллаа авья гэвэл хоршооны гишүүн байх нь чухал болохоор малчид хоршоонд орж байна. “Хулд таван эрдэнэ”, “Олдохын дэвжих” гээд хоршоод бий. Гэхдээ тэд маань яг хуулийн дагуу жигд ажиллаж чадахгүй л байна. Зам дагаж дэлгүүр, цайны газар нээж л байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин