Н.МӨНХЖИН
Тайландын Ерөнхий сайд Инглак Чинават парламентыг тарааж буйгаа зарлалаа. Шинэ сонгуулийг аль болох хурдан зарлаж явуулна хэмээн тэрээр амлаж байна. “Энэ цаг мөчид ард түмний олон давхаргын төлөөлөгч Засгийн газрыг эсэргүүцэж байна. Тай ард түмэнд эрх мэдлийг эргүүлэн олгож, сонгуулийг дахин явуулах нь хамгийн шилдэг зам боллоо” хэмээн Ерөнхий сайд мэдэгджээ.
И.Чинават бүх нийтийн санал асуулга явуулах санал тавьж, ард түмэн надад итгэл хүлээлгэхгүй бол огцоръё гэсэн ч сөрөг хүчин хүлээж аваагүй юм. Арваннэгдүгээр сараас хойш томоохон жагсаал хийсээр байгаа сөрөг хүчин Чинаватыг огцруулах шаардлагаа үргэлжлүүүлэн тавьсаар байна. Сүүлийн өдрүүдэд Тайландын хааны төрсөн өдрийн баяр тохиож эсэргүүцлийн хөдөлгөөн зогсоод байсан ч өчигдрөөс дахин сэргэжээ. Тайландын хуулиар парламент тарснаас хойш 60 хоногийн дотор шинэ сонгуулийг зарлах ёстой.
Тайландад дэгдсэн ээлжит эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөн юунаас эхтэй вэ.
Эрх баригч нам бүх нийтийн өршөөлийн хуулийг парламентаар батлуулахаар оролдсон нь сөрөг хүчний дургүйцлийг төрүүлж, ард иргэд гудамжинд жагсах шалтгаан болжээ. Энэ хууль батлагдвал Ерөнхий сайд асан Таксин Чинават эх орондоо эргэн ирж, улс төрд оролцох эрхтэй болох байв.
Сөрөг хүчний жагсагч, дэмжигчид Засгийн газрыг Ард түмний зөвлөлөөр солихыг хүсч байна. Учир нь Инглак Чинаватын Засгийн газрыг гадаад руу зугтан гарсан ах Таксин Чинават нь удирдаж, хянадаг хэмээн үзэж байгаа аж. 2006 онд Тайландад цэргийн эргэлт гарч, тухайн үеийн Ерөнхий сайд Таксин Чинаватыг эрх мэдлээс түлхэн зайлуулсан бөгөөд тэрээр эх орноосоо зугтан гадаадад бүгжээ. Таксин болон түүний нам Тайландад нэр хүндтэй хэвээр байна. Тайландын бага орлоготой иргэд, хөдөө нутгийн ард иргэд Таксин Чинаватыг дэмжсэн хэвээр байгаа юм.
Нийслэл Бангкок хотоос бусад бүс нутагт ард түмний өргөн дэмжлэгийг хүлээдэг Инглак Чинават 2011 оны сонгуульд ялж Засгийн эрхэнд гарсан билээ. Гэвч сөрөг хүчин “Таксин Чинават улс орныг гадаадаас удирдсаар байна. Өнөөгийн засаг захиргааны популист бодлогыг тэр гадаадаас удирдаж, улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулсаар байна” хэмээн үзсээр байгаа аж.