Ц.БАЯР
Нэр бүхий иргэдийн зүгээс УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлд УИХ-ын 76 суудлын 48-аас илүүгүй гишүүдийг олонхийн сонгуулиар, 28 –аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар буюу намын жагсаалтаар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж цэцэд гомдол гаргасан юм. Энэ гомдлын дагуу өнөөдөр / 04.22 / Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн орлогч дарга Н.Жанцангаар ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй дунд суудлын хуралдаан эдгээр гомдлыг авч хэлэлцлээ. УИХ-ын сонгуулийг хувь тэнцүүлсэн буюу пропорциональ хэлбэрээр явуулах боломжийг Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөөгүй, харин аль нэг намд бус нэр дэвшигч иргэнд өөрт нь саналаа өгч Улсын Их Хурлын гишүүнийг сонгох үзэл баримтлалыг тогтоосон хэмээн Цэц үзлээ. Ингээд Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын хувь тэнцүүлсэн тогтолцоотой байх тухай заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн Улсын Их Хурлын 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар сонгохоор заасан заалт нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэлээ. Ийнхүү эдгээр заалтыг өнөөдрөөс хүчингүй болгож байна. Үндсэн хуулийн Цэцийн энэхүү шийдвэрийг хүлээж авах эсэхээ УИХ шийднэ. Хэрэв УИХ хүлээж авахгүй бол Цэцийн их суудлын хуралдаан зарлах юм. Энэ хуралдаанаас гарах шийдвэр эцсийнх байна.
Эх сурвалж:www.zms.mn