Өнгөрсөн жилийн хугацаанд цэцэрлэгийн багш нар сул талаа сайжруулж давуу талаа хөгжүүлэх тал дээр ажиллаж байна.

Э.ОРХОНСҮРЭН
Японы Хүүхдийг ивээх сан “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” төслийг Японы Гадаад харилцааны яамны санхүүжилттэйгээр хэрэгжүүлээд багагүй хугацаа үдэж байгаа билээ. 2011-2012 онд хэрэгжиж буй уг төсөлд нийслэлийн 11 цэцэрлэг хамрагджээ. Хүүхдийг эрүүл, аюулгүй, сурч хөгжихөд таатай орчныг нь бий болгоход дэмжлэг үзүүлэх замаар сургуулийн өмнөх насны хүүхдэд халамж, хамгаалал, боловсролын үйлчилгээ үзүүлдэг “Хүүхдэд ээлтэй” цэцэрлэгийн загвар бий болгох нь төслийн гол зорилго юм. Тиймээс өнгөрсөн есдүгээр сард эхэлсэн төслийн багийхан нэг жилийн ажлаа тайлагнав. Тэд хүүхдэд ээлтэй цэцэрлэг гэж юу болох хэрхэн түүнийг бий болгох эцэг эхчүүд ямар үүрэгтэй оролцох ёстой гээд шат дараалалтай ажиллажээ. Төсөлд хамрагдсан цэцэрлэгийн багш, удирдлагууд Нийслэлийн IV цэцэрлэгт цуглран алдаа оноогоо дүгнэв. Энд эцэг эхийн төлөөлөлч ирсэн байв.
IV цэцэрлэгийн багш нар “Манай цэцэрлэг” дуугаар мэндчилгээ дэвшүүлсэнээр “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” төслийн туршлага солилцох арга хэмжээ эхэлсэн юм. Үүний дараа төслийг хариуцсан менежер Такако Шибата үг хэллээ. Тэрээр “Бид энэ төслийг хэрэгжүүлж эхлэхдээ ямар үр дүнд хүрэх бол гэдгээ хараахан мэдэхгүй байсан. Монголд хүүхэд таатай орчинд сурч хүмүүжих нь учир дутагдалтай байдаг. Харин хамтран ажилласан багш ажилчид, эцэг эхчүүдийнхээ идэвхи зүтгэлээр амжилттай хэрэгжлээ. Иймээс Японы хүүхдийг ивээх сангаас энэ төслийг 2014 он хүртэл дахин санхүүжүүлж хэрэгжүүлэхээр болсон. Энэ онд уг төсөлд 38 цэцэрлэг хамрагдах болно” гэв. Хүүхдэд ээлтэй цэцэрлэг ямар байх загварыг IV цэцэрлэгээс харж болохоор байлаа. Учир нь тэнд хүүхдийг хөгжүүлэх, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлж чадсан нь анги танхимын тохижилтоос харагдаж байв. Төсөлд харагдсан цэцэрлэгийн багш нарын сэтгэгдлыг нь сонсов.
АНГИ БҮР АГААР ШҮҮГЧТЭЙ БОЛСОН
СХД-ийн 104 дүгээр цэцэрлэгийн эмч Ж.Цэвэгмид:
-Танай цэцэрлэг энэ төсөлд харагдсанаар ямар ахиц, өөрчлөлтүүд гарсан бэ?
-Төслийн хүрээнд багш ажилчдаас гадна эцэг эхчүүд үечилсэн сургалтад хамрагдсан. Энэ нь маш үр дүнтэй арга боллоо гэж үзэж байна. Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэг, багш нарт даатгаад явах биш миний хүүхдийн өсөлт, хүмүүжил ямар байна гэж санал солилцох гээд энгийн зүйлээс харагдаж байна. Эмчийн зүгээс өдөрт дөрвөөс таван эхчүүдтэй уулзаад тухайн хүүхдийн өсөлт ямар байгаа юун дээр эцэг эхчүүд анхаарах ёстой гэх зэргээр үр дүнтэй ажиллаж байна. Одоо манай эцэг, эхчүүд өөрсдөө аливаа юмыг санаачилж хийж байна. Хүүхдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг дан ганц багш, цэцэрлэг хангах ёстой гэдэг ойлголт өөрчлөгдөж байгаа гэдэгт итгэж байна.
-104 дүгээр цэцэрлэгийг агаар шүүгчтэй болсон гэж байсан?
-Төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас эхлээд эцэг, эх цэцэрлэгийн ажилчдын хамтын ажиллагаа сайжирч эхэлсэн. Эцэг эхийн зөвлөлийн шийдвэр, санхүүжилтээр анги бүр агаар шүүгчтэй болсон. Цаг тутам таваас 10 минут ажиллуулж анги дотор байгаа агаарыг шүүж дахин гаргах агааржуулагчтай болсон. Энэ нь хүүхэд ханиад хүрсэн эхэн үедээ бүрэн эдгэх боломжтой юм.
БҮХ ТОГЛООМОО СОЛЬЖ, ШИНЭЧИЛСЭН
Чингэлтэй дүүргийн IV цэцэрлэгийн эрхлэгч С.Сэлэнгэ:
-Хүүхдэд ээлтэй цэцэрлэг байна гэдгийг хүн хүн өөрийхөөрөө хүлээж авах байх. Танай цэцэрлэгийн хувьд?
-Хамгийн гол зүйл нь манай бүх үйл ажиллагаа хүүхдийн эрхэнд суурилсан байх ёстой. Мөн хүүхдийн бие махбодь, сэтгэл зүйг дарамтад өртөхөөс сэргийлэх юм. Сургалт болон эрүүл ахуйн бүх орчин нөхцөлд нийцсэн байх гэсэн шалгуур байдаг. Энэ нь бүх зүйл хүүхдэд ээлтэй эерэг байх ёстой гэж ойлгож болно.
-Төсөлд хамрагдахаас өмнө болон дараа нь ямар ялгаа гарч ирсэн бэ. Ээлтэй гэдэг нэрэндээ хүрч чадсан уу?
-Төсөлд хамрагдахаас өмнө гарааны судалгааг мэргэжлийн судлаачид хийсэн. Үүний үр дүнд байгууллагынхаа давуу болон сул талыг тодорхойлж өгсөн. Ингээд өнгөрсөн жилийн хугацаанд цэцэрлэгийн багш нар сул талаа сайжруулж давуу талаа хөгжүүлэх тал дээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар эцэг эх, багш, ажилчдын сэтгэхүй хандлага харилцаанд нь өөрчлөлт гарсан. Энэ төслийн давуу тал нь хүмүүсийн хандлагыг өөрчлөх байсан. Үүнд цэцэрлэгийн ажилчид эцэг эхчүүдээс гадна олон нийтийн оролцоо тэр дундаа цэцэрлэгтэй ойрхон байдаг цагдаа, дүүрэг, хороо, дэлгүүр зэрэг газар “Ойрхон цэцэрлэг байгаа шүү. Тийм учраас хогоо заавал хогийн саванд хий” гэх зэрэг энгийн зүйлээс эерэг хандлага хүүхдэд төрүүлэх нөхцлийг бүрдүүлсэн. Хамгийн гол эерэг арга гэдэг зүйлийг багш эцэг эхчүүд бүрэн эзэмшиж чадсан гэж бодож байна.
-Цэцэрлэгийн багш хүүхэд зодлоо гэдэг. Ер нь багшийн гаргадаг нийтлэг алдаа юу байна?
-Хүүхэд зодох асуудал манай цэцэрлэг дээр байхгүй. Гэхдээ 40 орчим хүүхэдтэй ажиллаж байгаа багш хүн заримдаа цухалдах, тэвчээр алдаад бага зэрэг загнах асуудал байдаг. Арван хүүхэд арван өөр ааш гаргана. Тиймээс хүүхдийн насны онцлогт тохируулах ёстой. Цэцэрлэг сургууль шиг бүгд наашаа хараад суу гэдэггүй. Тухайн хүүхдийг тоглоомоор нь дамжуулж сургадаг.
-Танай цэцэрлэгийн хүүхэд ямар хөтөлбөрөөр бүтэн өдрийг өнгөрөөж байна?
-Өглөө цэцэрлэгтээ ирэхээс аваад тарах хүртэл өдрийн дэглэм гэж байдаг. Хамгийн эхний үйл ажиллагаа хүүхдүүдээ хүлээж авахаас эхэлнэ. Хүлээж авахдаа хүүхдүүдээ эрүүл ирж байна уу. Ямар сэтгэл зүйтэй ирж байна гэдгийг багш хүн ажиглаад мэдсэн байдаг. Ингээд гимнастикаа хийгээд цайгаа ууна. Үүний дараа сонголтын булангынхаа дагуу өөрийн сонгосон буландаа ажиллана. Тэгээд хичээлдээ орж дуусаад гадаа зугаална. 12.00 цагаас өдрийн хоолоо идээд өөртөө үйлчлэх ажил явагдана. Энэ нь гар нүүр, шүдээ угаах гэх зэрэг. Ингээд ороо засаад хоёр цаг унтана. Унтлагын дараа цайгаа уугаад эцэг эхээ хүлээж авах хүртэл цагийн хугацаанд хөгжүүлэх үйл ажиллагаа явагддаг. Энэ нь хичээл дээр заасан ажлаа давтах маягаар явна. Тэгээд орой тарах үйл ажиллагаа эхэлнэ.
-Хүүхдийг хөгжүүлэх материаллаг бааз хүрэлцээтэй байж чаддаг уу?
-2010 оноос хойш бүх модон эдлэлүүдээ сольсон. Хүүхдийн тоглоомыг НҮБ-ын Юнисепийн шугамаар дөрвөн сая төгрөгийн тоглоомыг шинэчилсэн. Хүүхдийн нас сэтгэхүйд нийцсэн өнгө үзэмжтэй тоглоомтой болсон. Мөн гал тогооны тоног төхөөрөмжөө шинэчилсэн. 2010 онд их засварт орж хүүхдийн байх орчин нөхцөл стандартыг хангасан. Нэг ангид хоёр угаалтуур байх шаарлагаа бүрэн хангаж байгаа.
-Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал анхаарлын төвд байдаг. Энэ тал дээр танайх хаанаас хүнсээ авдаг. Гэрээт байгууллага бий юу?
-Хүүхдийн хүнсний аюулгүй байдалд манай цэцэрлэг өндөр ач холбогдол өгч ажилладаг. Сүү цагаан идээг “Мон сүү”, бусад хоол хүнсээ “Багачууд хүнс” гэсэн компаниудтай гэрээтэй байдаг. Гаднаас орж ирж буй хүнсний бүтээгдэхүүнд эмч, нярав, тогооч гэсэн хяналтын зөвлөл хяналт тавьдаг. Төрсөн өдөр тэмдэглэх асуудалд эцэг эхчүүд хүүхдүүдийг баярлуулах зорилгоор гаднаас торт авчрах явдал их байсан. Энэ нь хүнсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэж үзээд энэ асуудлыг болиулсан. Үүний оронд тухайн хүүхэддээ урлагийн тоглолт, өөрсдөө бүтээл хийж өгөх зэргээр өнгөрүүлж байна.
-Хүүхдийн хоолны мөнгө нэг өдөртөө хүрэлцдэг үү. Одоо хэдэн төгрөг байна вэ?
-Манай хоолны цэс 14 хоногоор гардаг. Ахлах тогооч илчлэг нормыг нь бодоод батлуулдаг. Тиймээс батлагдсан үнийнхээ дагуу явдаг. Өдөрт дөрвөн удаагийн хоол цай идэж уудаг. Нэг хүүхдэд ноогдох хоолны мөнгө 1100 төгрөг байна. Энэ нь хүүхдийн килкаллороо авч чадахгүй байгаа.