М.ГАН
УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Итали улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассог өнөөдөр Чингисийн талбайд угтан авлаа. Эрхэм зочин Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд орж хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурсан байна.
Дараа нь Италийн парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо, УИХ-ын дарга З.Энхболд нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэлжээ. Ноён Пьетро Грассо айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах юм байна. Харин Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Сенатын танхимын Ерөнхийлөгчид бараалхана. Пьетро Грассо өнөөдрөөс манай улсад эхлэх Ази-Европын Парламентын Түншлэлийн есдүгээр уулзалтад оролцоно. Тэрээр энэ хурлын хоёр дахь том зочин нь юм. Мөн тэрээр Ази-Европын Парламентын Түншлэлийн наймдугаар уулзалтын Ерөнхийлөгчийн хувьд есдүгээр уулзалтын нээлтэд үг хэлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: www.polit.mn

