-Арвайхээр сумд цэцэрлэг, сургуулийн байр нэмж барих хэрэгтэй байна-
Б.ЭНХЗАЯА

Өвөрхангай аймгийн Боловсролын газрын дарга, доктор профессор Б.Мөнхжаргалтай ярилцлаа. Тус аймагт улсын тэргүүний сургууль, цэцэрлэгүүд үйл ажиллагаа явуулдгаараа онцлог. Мөн сургалтын чанар нь улсын дунджаас 12 оноогоор өндөр гарсныг онцолж байна.
-Сүүлийн жилүүдэд Өвөрхангай аймгийн боловсролын байгууллагууд улсдаа тэргүүлэх болсон. Тэргүүний байгууллагыг удирдаж байгаа хүний сэтгэгдлийг сонсъё?
-Манай Боловсрол соёлын газрын үйл ажиллагаа сүүлийн арав гаруй жил тогтмол амжилттай ажиллаж ирлээ. Бид аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр жил жилийн үндсэн чиглэлд орон нутагтаа боловсрол соёлыг хөгжүүлэх чиглэлээр олон томоохон зорилтуудыг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ ажлын үр дүн бол нийслэлийн боловсролын байгууллагын хамгийн гол ажил болсон сургалтын чанараараа сүүлийн арав гаруй жил улсдаа тэргүүн байрт шалгарч, энэ жилийн элсэлтийн шалгалтын дүнгээр манай аймаг 512.7 онооны дундажтай шалгуулсан. Өөрөөр хэлбэл, улсынхаас 12.7 оноогоор илүү шалгуулсан. Энэ үзүүлэлтээрээ улсад сургалтын чанарын үзүүлэлтээр II байрт явж байгаа нь манай аймгийн олон зуун багш, ажилчид, олон мянган сурагчдын хичээл зүтгэлийн үр дүн. Манайхны хүүхдүүдийн сурах бололцоо жилээс жилд сайжирч байгаа. Аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 60-80 орчим хувийг их засварт оруулж, шинээр барьсан байгаа. Мөн цэцэрлэгийн барилгын 80 гаруй хувийг шинэчлэлээ. Дүгнээд хэлэхэд манай аймгийн ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн сургалтын орчин эрс сайжирсан.
-Өвөрхангайд боловсролын суурь анх тавигдаж байсан түүхийг сөхвөл?
-Анх 1922 онд Хайрхандулаан суманд хоёр гэртэй, нэг сургагч багштай 30 хүүхэд хичээллэж эхэлсэн байдаг. Харин өнөөдөр бол манай аймаг 30 сургуультай, мөн ийм тооны цэцэрлэгтэй, соёлын төв, номын сантай болж өргөжсөн байна. Ихэнх сургууль, цэцэрлэг интернетэд холбогдсон, орчин үеийн тоног төхөөрөмжтэй. Цаашид аймгийн боловсролын байгууллага багш нарынхаа мэргэжлийг дээшлүүлэх, сургалтын орчныг сайжруулах, ялангуяа иргэд багш, сургуулийн үйл ажиллагаанд оролцдог, хяналт тавьдаг болжээ. Тэднээс үнэтэй санал гардаг. Нэг үгээр хэлбэл, манай аймгийн боловсролын салбар хийж бүтээсэн ажилтай, амжилттай хөгжиж явна. Өнгөрсөн 2010 онд аймгийн орчин үеийн боловсрол үүсч хөгжсний 90 жилийн ой тохиосон. Ойгоо угтаж сургуулийнхаа түүхийг харуулсан ном гаргасан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүх сургууль, цэцэрлэгийг байгууллагынхаа түүхийг судлуулж, хэвлэмэл ном болгож бичүүлсэн. Мөн “Зураг түүх өгүүлнэ” гэсэн ном бүтээсэн. Би өөрөө хүмүүстэйгээ хамтраад “Өвөрхангай аймгийн боловсролын түүх” гэсэн ном бүтээгээд байгаа.
-Танай аймгийн багш нар илүүдэлтэй байдаг гэж дууллаа. Тэднийг ажлын байраар хэрхэн хангаж байна вэ?
-Бид аймгийнхаа багш нарын чадварыг сайжруулах, багшийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, сургалтын чанар үр дүн дээшлүүлэх чиглэлээр сүүлийн гурван жил аймгийн бүх сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагад бүрэн шинжилгээ хийсэн. Энэ ажил ихээхэн үр дүнтэй болсон. Хяналт шинжилгээ хийхээс өмнө боловсролын салбарынхнаа бичиг баримтад шалгалт хийхэд аймгийн хэмжээнд 200 гаруй багш багшлах эрхгүй байсан. Тэдний заримыг хөрвөх чадвартай болгож, мэргэжил дээшлүүлж байна, нэг хэсэг нь давхар суралцаж байна. Тиймдээ ч манай аймагт багшлах боловсон хүчин илүүдэлтэй байгаа. 569 багш ажилд орох хүсэлт гаргасан. Монгол хэл, уран зохиол, түүх нийгмийн ухаан, гадаад хэл, биеийн тамир гэсэн хичээлийн багш нар маш илүүдэлтэй. Харин дуу хөгжмийн багш аймаг төдийгүй улсын хэмжээнд хэрэгтэй байна. Орчин үеийн сургалтад хүн төлөвшүүлэх талаасаа дуу хөгжмийн хичээл чухал үүрэгтэй байдаг. Гэтэл манай аймгийн хэмжээнд энэ чиглэлийн 14 багш дутагдалтай байна. Мөн сүүлийн үед математик, хими физикийн хичээлээр гүнзгийрүүлсэн сургалтад ажиллах, хүүхдийг хөгжүүлэх чадвартай цөөн тооны багш ч бас хэрэгтэй байна.
-Багшлах боловсон хүчнийг ажилд авахад нээлттэй байдаг гэж нутгийн иргэд ам сайтай байна. Төрийн албан хаагчдын ажлын байрны асуудал багагүй хэл ам таталдаг. Танил тал, хээл хахуулиар орчихлоо гээд?
-Манай боловсролын салбарт 1500 гаруй багш ажиллаж байна. Ер нь жилд дунджаар 55-60 хүний орон тоо боловсролын салбарт гардаг юм. Гэтэл 300-500 хүн багшийн мэргэжлээр төгсч ирдэг. Ингэхээр боловсон хүчний хүрэлцээ хангамж нэмэгдэх тусам өрсөлдөөн бий болдог. Энэ бол маш сайн. Энэ жил гэхэд манай аймагт улсын сургуулийг 320 багш шинээр төгсч ирсэн. Цаана нь хувийн сургуулийг төгссөн залуус ч бий. Гэтэл 64 орон тоо байдаг. Гэвч тэдний мэдлэг боловсрол харилцан адилгүй байна. Өөрөө мэдлэг дутуу хэрнээ хүүхдүүдэд хичээл зааж байна. Үүнийг эцэг эх, иргэд ихээр шүүмжлэх болсон. Тиймээс Боловсролын соёлын газрын даргын тушаалаар 12 салбар комиссыг байгуулаад, мэргэжлийн төвшин тогтоох шалгалт авч эхэлсэн. Гэтэл өнгөрсөн 2009 онд сургууль төгссөн багш нарын дөнгөж 28 хувь шалгалтад тэнцсэн. Харин энэ жил 50.9 хувь нь тэнцлээ. Сүүлийн хоёр жил багшийн ажилд сонирхолтой, их дээд сургуульд амжилттай суралцсан чадвартай залуус нэмэгдсэн нь сайн үзүүлэлт. Ингээд төвшин тогтоох шалгалтаа авсаны дараа 64 ажлын байртаа хэрхэн хуваарилах нь чухал. Өмнө нь сургуулийн захирлууд нь томилоод авчихдаг байсан, үүнд янз бүрийн хардлага, хэл ам гардаг байлаа. Харин одоо багшлах ажлын байрны шалгаруулалтыг аймгийнхаа Хөгжимт драмын театрт олон түмэнд нээлттэй, ил тод шударгаар залуусыг өрсөлдүүлж зохион байгуулах болсон. Ажил олгогч ерөнхий боловсролын сургуулийн захирлууд хуулийн дагуу боловсон хүчнээ сонгож авна. Гэхдээ ямар үндэслэлээр авч байгаагаа олон нийтэд хэлнэ. Ингэхээр харьцангуй шударга, ил тод болж байгаа юм.
-Аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хэр байх юм?
-Манай аймгийн сумуудад хүрэлцээ сайн байгаа. Харин Арвайхээр сум нүүдэл суудал, шилжилт хөдөлгөөн ихтэй учир 800-1000 хүүхдийн цэцэрлэгийн байр зайлшгүй шаардлагатай байна. Мөн 1000 хүүхдийн хоёр хичээлийн байр хэрэгтэй байна. Мөрийн хөтөлбөрийн хугацаанд 1000 гаруй хүүхдийн суудалтай хичээлийн байр ашиглалтад орсон. Мөн өнгөрсөн жил 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг нээгдсэн. Гэвч Арвайхээр сумын ерөнхий боловсрлоын I, II сургууль эргээд 2000 гаруй хүүхэдтэй хичээллэж байна. Ингэхээр нь сургалт сонгон, мэдээллийн төв ажиллуулах боломжгүй болчихдог.
-Сумдад 11 жилийн сургалттай сургууль хэр байдаг вэ. Зарим сум есөн жилийн сургалттай байх нь бий?
-Манай аймаг улсдаа онцлог. Бүх сумуудад 11 жилийн ерөнхий боловсролын сургуультай. Хархорин суманд ерөнхий боловсролын гурван сургууль хичээллэж байна. Гэсэн ч зах зээл, төвлөрөлөө дагаад Арвайхээр сум руу хөдөөнөөс шилжин ирэгсэд маш их байна.
-Багш нарын мэргэжлийн чадварыг дээшлүүлэхэд юунд анхаарч байна вэ?
-Манай багш нарын мэдлэг боловсрол, ур чадвар улсын хэмжээнд өндөрт тооцогдох болсон. Жилд 60 орчим хувь нь сургалтад хамрагдаж байна. Манай аймгийн багшийн ур чадвар бүс нутаг Өмнөговь, Дундговь, Архангай, Төв, Булган аймагт математик, гадаад хэл, технологийн сургалтын чиглэлээр олимпиад уралдаан тэмцээн явагдаж байна. Үүнд оролцсон манай багш сурагчид байнга тэргүүлэх амжилт үзүүлж байна. Улсын хэмжээнд манай аймгаас олон багш улсын аварга болж, медаль хүртэж байсан. Сурагчид олон улсын олимпиад тэмцээнд амжилттай оролцдог. Ингээд харахад аймгийн багш нарын чадвар, мэргэжлийн төвшин боломжит төвшинд байгааг харж байна. Энэ чанарын нэг үзүүлэлт бол дээр хэлсэнчлэн сургалтын чанараараа улсын төвшнөөс 12 оноогоор илүү байгаа явдал юм.
-Улсын тэргүүний сургууль, цэцэрлэгийн тал хувь нь танай аймгийнх гэж дуулсан?
-Өнгөрсөн жил манай аймгийн “Мэргэд” сургууль улсын тэргүүний сургууль, аймгийн Хужирт сумын II цэцэрлэг улсын тэргүүний цэцэрлэг болсон. Тэдний үйл ажиллагаатай тэнцэхүйц олон сургууль, цэцэрлэг ард нь бий. Манай багш нар, удирдах ажилтнууд чадлынхаа хэрээр хичээж зүтгэж сайн ажиллаж байгаа.
-Тэгвэл энэ салбарт тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?
-Мэдээж ололт амжилтаас гадна бэрхшээл байлгүй яахав. Хамгийн түрүүнд хүүхдийн цэцэрлэгийн тоог нэмэх хэрэгтэй байгаа юм. Одоогийн залуу гэр бүлүүд хүүхдээ цэцэрлэгт өгөөд ажлаа хийе гэхээр өгч чадахгүй байна. Тиймээс манай аймаг төдийгүй улс цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах ёстой. Үүнийг холбогдох газруудад санал тавьж байгаа. Мөн Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байрны хүчин чадлыг өргөтгөх хэрэгтэй байна. Үдээс хойш сургууль дээр хичээл сургалтын үйл ажиллагаа явуулна гэхээр анги хүрэлцэхгүй, хоёр ээлжтэй хичээллэж байна. Цаашид улс багш нарын мэргэжил дээшлүүлэх асуудалд хөрөнгө зармаар байна.
-Боловсролын салбарт хөрөнгө оруулалт хэр хийгдэж байна. Энэ жил тус салбарын төсвөөс танагдсан шүү дээ?
-Боловсрол соёлын газрын төсвийн асуудал ихээхэн төвөгтэй. Боловсролын газрын дарга, сургууль цэцэрлэгийн удирдлагууд төсвийн талаар эрх мэдэлгүй байгаа юм. Дээрээсээ төсөв шийдэгдээд хуваарилагддаг болохоор нэг багш хэдэн ширээ авъя гэхэд эрх мэдэл байхгүй. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Орон нутгийнхан төсвөө зарцуулдаг бол илүү үр дүнтэй гэж боддог.
-Таныг спортын мастер цолтой гэж дуулсан. Өсвөрийн бөхчүүдийн дэвжээг санаачлан байгуулсан гэсэн. Салбар хариуцсан газрынхан хүүхдийн хөгжлийг хэр чухалчилдаг вэ?
-Боловсролын салбарын чухал асуудал бол хүүхдийн хөгжил. Нэг үе сургуулийн хүүхэд хөгжүүлэх ажилд доголдол гардаг, дээр үеийн дуу бүжгийн хамтлаг байхгүй болчихсон байлаа. Тиймээс 2009 оноос аймгийн Боловсрол соёлын газрын дэргэд дуу бүжгийн гүнзгий сургалттай анги хичээллүүлж эхэлсэн юм. Одоогоор дугуйланд 100 орчим хүүхэд хичээллэж байна. Авьяаслаг сурагчид маань олон уралдаан тэмцээнд амжилттай оролцож, өнгөрсөн жилийн нийслэлийн харшийн сүлд модны наадамд урилгаар 14 хоног бүжиглэлээ. Мөн манай аймагт нэг үе бөхийн сургалт хичээл багасаад бөхчүүдийн амжилт буурч байсан. Тийм болохоор өөрөө санаачлаад “Их монголын хүчтэн” дэвжээг нээж ажиллуулсан юм. Гурван жилийн хугацаанд манай бөхийн дэвжээний хүүхдүүд аймгийн аварга болсон байна. Үнэхээр манай аймгийн хүүхдүүд авьяастай. Манай аймгийнхан ч авьяастай. Монгол Улсад сийлбэрийн чиглэлээр гавьяат цолтой таван хүн байдаг. Тэд бүгд манай аймгаас төрсөн. Энэ байдлыг судлаад Арвайхээр сумын II сургуулийн дэргэд хүүхдийн урлан бүтээх анги хичээллүүлж эхэлсэн. Цаашид хүүхэд хөгжүүлэх чиглэлээр олон ажил зохион байгуулах бодолтой байгаа. Боломж ч бий. Өвөрхангай аймагт орчин цагийн боловсрол үүсч хөгжсөний 90 жилийн ойг өнгөрсөн 2010 онд тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын гавьяат багш, доктор профессор Дашдорж багшийн нэрэмжит улсын математикийн олимпиадыг зохион байгуулахад математикийн олимпиадын түүхэнд хамгийн олон оролцогчидтой, хамгийн ширүүн өрсөлдөөнтэй уралдаан болсон гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Хүүхдийг хөгжүүлэх тал дээр анхаараад хөрөнгө мөнгө, сэтгэл гаргаад ажиллахаар хөгждөг юм байна.