УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Данийн Парламентын бүлгийн дарга М.Энхболд Данийн Вант улсын Парламентын гишүүн Трин Брасен тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав. Зочид Ази-Европын Парламентын Түншлэлийн есдүгээр уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн юм. Энэхүү уулзалтаар хоёр орны парламентын түншлэл шинэ шатанд гарах сайхан боломж тохионо гэдэгт итгэлтэй байгаагаа М.Энхболд дарга онцлов. Мөн тэрээр, Манай хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж байна. Үүний нэг тод илрэл нь парламентын түншлэл юм. Хууль тогтоох байгууллагуудын нягт хамтын ажиллагаа сайн байж, эрх зүйн орчныг сайн бүрдүүлж чадвал худалдаа, эдийн засаг, нийгэм, соёл зэрэг бусад олон салбарын харилцаа тэр хэмжээгээр амжилттай болно. УИХ-ын номын санг техник, төхөөрөмжөөр тоноглох, ажилтнуудыг сургаж дадлагажуулах төслийг анх “ДАНИДА” байгууллагын шугамаар хэрэгжүүлсэн нь парламентын мэдээллийн системийн эх суурийг тавьсан гэдгийг дурдав.
М.Энхболд цааш үргэлжлүүлэн Данийн сэргээгдэх эрчим хүч, ялангуяа салхины эрчим хүчний дэвшилтэт технологийг Монгол нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн салбарт тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Данийн Вант улсын Парламентын гишүүн Трин Брасен Монгол Улсад анх удаагаа ирж байгаагаа дуулгалаа. Хатагтай Трин Брасен Дани, Монгол хоёр улс олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай явж ирсэн орнууд. Цаашид ч сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар өөрийн улсын парламентдаа танилцуулна. Манай хоёр улс 1920-иод оны үед газар тариалангийн салбарт хамтран ажиллаж байсан түүхэн уламжлалтай учраас олон сайхан боломж гарна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн манай улсад айлчилвал туршлага судлах зүйл их байгаа гэлээ.
Монгол-Данийн Парламентын бүлгийн дарга М.Энхболд хоёр талын харилцааг соёлын салбарт хөгжүүлэх, Монгол Улсыг сурталчлан таниулах зорилгоор Монголын тухай томоохон үзэсгэлэнг 2019-2020 онд Скандинавын орнуудад гаргахаар төлөвлөж байгаагаа дуулгаад энэ тал дээр Данийн Вант улсын зүгээс дэмжлэг үзүүлэх байх гэдэгт итгэж байна. Мөн Монгол Улсын Их Хуралд парламентын гишүүдээс бүрдсэн Монголын парламентын бүлэг байдаг бөгөөд Монгол-Данийн Парламентын бүлгийн даргаар өөрөө ажилладаг. Хэрэв Данийн парламентад ийм зохион байгуулалт байдаг бол хоёр улсын хооронд шинэлэг ажлуудыг эхлүүлэх боломжтой гэж хэллээ.
Мөн тэрээр УИХ-ын дэд дарга М.Энхболд Бүгд Найрамдах Кипр улсын парламентын гишүүн, Санхүү, төсвийн байнгын хорооны гишүүн Ставрос Эвагороуг хүлээн авч уулзав.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин