Д.ЦЭРЭННАДМИД

Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгч, Хэнтий аймгийн “Сэцэнханы хүлэг” уяачдын холбооны “хүндэт” тэргүүн Н.Санжаадоржтой ярилцлаа.

-Тантай уулзсаных “Сэцэнханы хүлэг” уяачдын холбооны  ажлын талаар сонирхох нь зөв болов уу?

-Миний хувьд аймгийн уяачдын холбооны тухай ярихын оронд Монголын үндэсний морины уралдааны тухай өөрийн санал бодлоо хэлмээр санагдаж байх юм даа.

-За тэгвэл таны саналаар болъё?

-Монголчууд адуу, морьтойгоо ахуй, ёс суртахууны амин холбоотой явж ирсэн улс.  Энэ бол өвөрмөц соёл,  бахархал  бас хүндлэл юм.  Энэ жил 11 мянган морьтон нэг дор цуглаж жагслаа. 4000 морь нэг замд уралдлаа. Үүгээрээ бид бахархсан. Морьтон монгол гэдгээрээ   дэлхийд тэргүүлж, нэрээ зарлаж чадлаа. Энэ үйл явдал зөвхөн тооны олноос гадна адууны соёлтой монголчууд болохоо “найман настай балчраас наян настай хөгшид хүртэл” мориороо тэгж гоёдог, ингэж бахархдаг юм байна гэдгийг төгс илэрхийлсэн гэж болно. Энэ нь Монголын морин спорт, уяачдын холбооноос  “түүхэнд мөнхрөх”  амжилт гаргасан онцгой үйл явдал болсон юм. Гэтэл бид морин соёлоо цэвэр тунгалгаар авч явж чадахгүй байгаад сэтгэл зовох тал бас бий.

-Энэ тухайгаа тодруулж яриач. Бодвол монгол наадмын үндэсний морин уралдааны талаар хэлэх гээд байна уу?

-Тийм ээ. Монгол наадамд эрлийз адуу уралдуулах гэсэн оролдлого сүрхий газар авлаа.  Уралдаж ч байна л даа. Энэ нь монголын их өв соёлоо устгах аюул нүүрлэж байна гэж хэлэх гэсэн юм. Монголын үндэсний морин уралдаан маань өндөр бай шагнал, нэр алдрын өрсөлдөөн биш монголчуудын үндэсний уламжлалт их өв соёл, монголоороо байх дархлаа гэж ойлгодог.

Дэлхийн соёлт оронд морины уралдаанууд үүлдэр үүлдрээрээ уралддаг. Харин эрлийз буюу үүлдэр бус  адуу уралдах гэх ойлголт  байдаггүй юм билээ. Ер нь машин техник ч гэсэн ялгаагүй марк, стандартаар нь ангилж уралддаг. Эрлийз машиныг уралдаан тэмцээнд оруулдаггүй.  Өөрөөр хэлбэл 469 машинд жийп мотор тавьж эрлийздэж уралдахыг хориглодог гэсэн үг. Манайхан болохоор адуу малын үүлдэр, машин техникийн марк, стандартыг оюун ухаант хүнтэй адилтгаж  арьс өнгө, үндэстнээр ялгаж байгаа мэт ойлгож ярих  нь дэндүү бүдүүлэг  хэрэг л дээ. Ингээд бодохоор Төрийн их баяр наадмын Үндэсний морин уралдаанд эрлийз адуу буюу үүлдэр биш адуу уралдуулах нь буруу юм. Монгол үндэстний дархлаа үндэсний соёлд ДОХ тусч байна л гэсэн үг дээ. 

-Таны ярьж байгааг хэн нэгэн хоцрогдол гэж хэлбэл яах вэ. Монгол морин уралдаанд өөр соёл нэвтрүүлж байна гэж зарим хүн ярьдаг юм билээ...?

-Тэгвэл үндэсний соёлоо хамгаалах нь хоцрогдол юмуу гэж асууна даа. Ер нь хөгжүүлэх нэрээр үндэсний соёлыг маань  устгах гадны бодлого явж байна л гэж боддог. Хүүхдээр морь унуулж уралдуулахгүй болгох бодлого явж л байгаа шүү дээ. Улсын төрийн хар хайрцагны бодлого нь үндэсний соёлоо хадгалах, хамгаалахад  оршдог гэдэг биздээ.  Тиймээс монгол наадамд монгол морь л уралддаг байж монгол соёл хамгаалагдана гэж ойлгодог юм.  Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд анхаарах зүйл гэж боддог. Дэлхийн даяарчлалд эцсийн эцэст Монгол үндэстнийг монгол соёл л аварна гэдэг үнэн шүү дээ.  Соёл гэдэг том ойлголт, эргэлзээд байх зүйл баймааргүй л юм.

-Саяхан УИХ-аар баяр наадмын шинэчилсэн хуулийн төсөл хэлэлцлээ гэсэн. Тэгээд буцсан дуулдсан?

-Тэгсэн. УИХ-ын гишүүн Г.Батхүү, ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд гээд хэсэг хүмүүс санаачилсан хууль юм байна. Уг хуулийн олзуурхууштай нь гэвэл “монгол төрийн наадамд зөвхөн монгол адуугаар уралдах” гэсэн заалт байсан юм билээ.   Үүнийг монголчууд  сайшаах байх. Харин уяачдад олгодог том цолонд бүсийн наадмын амжилтыг оруулахгүй  тухай заалт нэлээд маргаан дэгдээсэн шиг байгаа юм. Хууль санаачлагчдын дунд зөрчил үүсээд түр хойшилсон юм билээ.  Ер нь уяачдад цол олгодог тухайд тогтож ярилцмаар байдаг юм.

-Уяачдад цол олгоход хязгаар байх учиртай гэж хэлэх гээд байна уу. Та?

-Тиймээ. Шуудхан хэлэхэд уяач биш хүнд  цол олгодог гаж тогтолцоо сүүлийн жилүүдэд бий болсон. Зөвхөн цолны төлөө өрсөлдөөн нь үндэсний соёлыг мөрийтэй тоглоомын хэлбэртэй болгочихоод байна. Наад зах нь нэг мөнгөтэй нөхөр морь худалдаж авч нэг хүнээр уяа сойлгыг тааруулгасан хэрнээ өөрөө уяач болж цол хүртээд байх нь соёл биш. Бараг л морио танихгүй нөхөр, манлай, тод гэгдэх гээд улайраад байгаа. Монгол уламжлалаас үзвэл уяачдад цол олгож байгаагүй шүү дээ. Уяачид цол олгож байгаагүй монгол  ухааныг нарийвчилж  ойлгох хэрэгтэй байх.   Харин моринд цол хүртээдэг байсан.  Гагцхүү морийг хэний ч нэр дээр цоллуулж болдог. Эзний хийгээд ноёных ч бай, ах дүү үр хүүхэд аль нь ч байж болдог. Тэр үеийн ноёд хүртэл зөв сэтгэлгээтэй, ёс суртахуунтай байж шүү дээ. Одоо ч гэсэн “би уяач биш цол авахгүй” гэдэг ёс суртахуунтай “МОН УРАН”-ы Б.Наранхүү, Мандал-Алтай компанийн захирал  Балдандорж, Тайж халтарын эзэн Цэгмэд гээд залуучууд байна л даа. Соёл гэдгийн цаад мөн чанар нь ёс суртахуун, монгол хүний чанар  уламжилж байдагт  байгаа юм. Тэгэхээр морио мэдэхгүй, харьцаж чадахгүй байж уяачийн цол хөөцөлдөж байдаг нь соёлд байх мөн чанар нь устаж байгаагийн илэрхийлэл гэж харж байгаа юм.

-Та дээр хэлэхдээ монгол адуу хэзээ ч өөрчлөгдөхгүй гэсэн нэг санаа хэлэв үү?

-Монгол адуу үеийн үед монголоороо л  байсан байна. Яагаад гэвэл монголын цаг агаар, газар нутагт өөр үүлдрийн, эсвэл эрлийз адуу амьдрах боломжгүй гэж генетикийн, биологийн эрдэмтэн болон мэргэжлийн хүмүүс хэлдэг юм. Тэд    эрлийзжүүлж байгаа нь монгол адууг сайжруулж байгаа юм биш. Чанарыг нь муудуулж байгаа хэрэг.  Хурд нь түр зуурын хэрэгцээ гэж хэлж байсан. Үнэхээр үнэн юм билээ. Хөдөлмөрийн баатар уяач Д.Даваахүү “эрлийзийн 2-3 дахь үедээ л их хурдалсан, хөлөө авах, хатгаа авах нь амархан хэврэг болчихдог” гэж байсан нь үнэн л байгаа юм даа. Харин монгол адуун дотроо шилмэл сайн, хурдан удмын адуугаар чанар нь сайжирсаар ирсэн байдаг юм.

Өнөөгийн улсад гурав түрүүлээд байгаа “Улс халзан” азарганы дээд удам нь Өвгөн ноёны цоохор хонгор, Өлзийтийн Лүндэгийн  босоо цавьдарын удам  юм билээ. Эрдэмтдийн хэлдэг үнэн юм билээ. 

-Тэгвэл одоо эрлийз гээд байгаа адуутай хүмүүс яах нь зөв юм бэ?

-Тэд чинь мөнгөтэй хүмүүс шүү дээ. Тэр морин тойруулгаа байгуулаад адуундаа тохирсон уралдаан, тэмцээнээ хийж болно. Гадаадын морин тойруулга гэдэг чинь казино, өөрөөр хэлбэл мөрийтэй тоглоомын газар гэсэн үг. Тэнд яаж мөнгө олохов гэсэн тэмцэл л өрнөдөг юм билээ. Монголын үндэсний морин уралдааны соёл  тэнд хамаарахгүй л дээ. Дэлхийд хамгийн хурдан нь англи адуу гэдэг юм. Эрлийз адуугаа англи адуутай уралдуулаад түрүүлээд ирэхээр нь дэлхийд уралдана л гэж ярьдаг юм билээ. Энэ талаар эрлийз адууныхан мэдэх байх.

-Та монгол адууны чанарыг сайжруулахын эсрэг л юм яриад байна уу даа?

-Үгүй ээ. Зөвхөн монгол наадмыг монголоор нь байлгах, монгол соёл, дархлааг хамгаалах л гэж хэлж байна. Дээр үеийн “Сэцэн хан” аймгийнхан  даншгийн наадмын бүх түрүүг авч байсан байдаг.  Тэгвэл энэ нутгийн адууны түүхэнд эрлийз адуу гэх  ямарч эх сурвалж байхгүй.  Хардэл жанжин бэйс Пүрэвжавын зурсан зургийг эрлийз адуу байсан гэх нь таавар болохоос нотолгоо биш. Эцэст хэлэхэд миний хэлэх үгийн гол санаа монгол наадмаа монголоор нь байлгая, монгол соёлоо хадгалж хамгаалъя л гэж байгаа  юм. 

Ер нь шинжлэх ухааны үндэс­элтэй эрдэмтдийн дүгнэлт гаргуулаад яаралтай  хуульчлах хэрэгтэй. Сонир­хогч, уяачид бидний дунд үүсээд байгаа мэдэмхийрэл, хэрүүл маргаанаас үнэндээ залхаж байна шүү.

-Тэгвэл Монголын Морин спорт, уяачдын холбоо гэдэг нэрний тухайд бас маргаж болох юм биш үү?

-Байж болох л асуудал юм. Морин уралдаан бол уламжлалаараа монголчуудын наадам, цэнгэлийн нэг хэлбэр болохоос биш спорт биш гэж хэлж болох талтай. Монголын үндэсний бөхийн холбоо гэдэг шиг Монголын үндэсний морин уралдааны  холбоо гэхэд юу нь буруу гэж. Хэрвээ монгол өв соёлоо хамгаалах талаас нь авч үзвэл шүү дээ.