“Зууны мэдээ” сонин энэ сарын “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа “Хариуцлагатай аяллын 25 зөвлөгөө”-г хүргэж байна.

 

Нэмэлт 45 кг ачаа бүрт түлш зарцуулалт хоёр хувиар ихэсдэг

 

Мөнххада ХХК-ийн ахлах механик Л.Очирбат:

-Хөдөө орон нутгийн замд шөнө оройгоор явах хэрэг багагүй гардаг. Энэ тохиолдолд хол болон ойрын гэрэл дутуу, муу тусгалтай, тусгалын тохиргоогүй байх нь замын саад, огцом эргэлт зэргийг урьдчилан хараах боломж мууддаг учраас заавал шалгуулаарай. Мөн бүх төрлийн автомашин анх үйлдвэрлэхдээ л өөрийн гэсэн даацыг тодорхойлсон байдаг. Энэ даацын тэмдэглэл нь жолооч талын хаалган дээр юм уу эсвэл хаалганы хажууд байдаг. Энэ тэмдэглэгээ дээр автомашины стандарт дугуй хэмжээ, ачаатай болон ачаагүй үеийн дугуйн даралтын хэмжээ, даацын хэмжээг заасан байдаг. Хэрэв үйлдвэрээс заасан энэ заалтыг хэтрүүлбэл явах эд ангид нөлөөлөхөөс гадна явдал хатуу болж дугуй хагарах, буудах, хавантах эрсдэлтэй байдаг. Нөөц дугуй, аюулгүй гурвалжин, дугуйгаа солих өргүүр болон түлхүүр багаж ав. Түүнээс гадна танд моторын тос, шил угаагчийн шингэн ба хөргөлтийн шингэн ачаандаа хийж явахыг зөвлөе. Мөн автомашин чирэх татлага болон аккумуляторын холбогч нь байх ёстой л зүйлс юм. Мөн халуун өдөр бага түлштэй явахгүй байх хэрэгтэй. Энэ нь бензин насос эвдэж болох юм. Автомашинд аптек ба гал унтраагч заавал авч явах хэрэгтэй. Барилгачдын бээлий, канистр сав, гал хамгаалагчийн гэр, чийдэн, отвёртка, ком багаж байх нь чухал. Автомашины шил цуурсан бол хумсны тунгалаг лакаар тогтоож болно. Энэ нь цууралтыг зогсоож, үйлчилгээний төвд засварлуулахад хүргэж өгнө. Хэрэв таны автомашины дугуй хагарсан, нөөц дугуй байхгүй, гэвч насос байвал дараах аргыг хэрэглэ. Насос руу 1 л ус хийгээд, дугуй руу зөөлөн шах. Цааш нь дугуйн хошууг эргүүлж хийл. Ингэснээр хөдөлгөөний үед ус дугуйн доторх гадаргууг бүрхэж хийг алдагдуулахгүй болгоно. Бороотой өдөр автомашины цонх цантаад байвал А/С асаахад салон доторх агаар хуурайшиж цонх цантахаа болино. Та тэгвэл машинаа зөөлөн хөдлөх ба зөөлөн тоормослох нь бензин хэмнэхэд тустай. Автомашинаа элдэв зүйлээр дүүргэх хэрэггүй. Нэмэлт 45 кг ачаа бүрт түлш зарцуулалт хоёр хувиар ихэсдэг.

 

Өндөрлөг, зэлүүд газар майхан барих нь аянга татах эрсдэлтэй

 

ЦУОШГ-ын цаг агаар орчны тоон загварчлал, судалгааны хэлтсийн дарга Г.Батжаргал:

-Хэт халсан үед дээрээ хасах температуртай, доор нэмэх температуртай болсноос үүдэж аянга цахидаг. Энгийнээр бол олон хоног хэт их халсны дараа бороо орох үед аянга, цахилгаан цахина. Тиймээс тэнгэр муухайрч, аадар бороо орох үед иргэд анхаарал болгоомжтой байж, гэрээсээ хол, ганцаараа явахгүй байх хэрэгтэй. Мөн өндөрлөг газар, модтой ойр газрууд аянга татдаг гэж үздэг. Цаашлаад зэлүүд, тал газар майхнаа барьж болохгүй. Тал газар байгаа учраас майхан өөрөө аянга татах магадлалтай болно. Тэгэхээр аль болох модтой ойролцоо, өндөрлөг, тал, зэлүүд газар майхнаа барьж, буудаллахгүй байхыг анхааруулж байна.

 

Нарны тосыг зөвлөсөн хэмжээнд түрхэж байж шошго дээрх хамгаалалтаа өгдөг

 

“Гоо сайхны шинжлэх ухаан” номын орчуулагч Т.УРАНБИЛЭГ:

-Аялал зугаалгын үеэр наранд энгийн үеэсээ илүү урт хугацаанд байдаг тул нарнаас хамгаалах аргуудыг чухалчлах хэрэгтэй. Ингэхдээ ганц нүүрэнд нарны тос түрхэхгүй. Цаашлаад хөл, гар, хүзүү, цээж гээд наранд ил гарч байгаа бүх хэсэгтээ түрхэж хамгаалаарай. Нүүрэнд л гэхэд цайны халбаганы дөрөвний нэг хэмжээгээр буюу 1.25 мл хэрэглэхийг зөвлөдөг. Зөвлөсөн хэмжээнд түрхэж байж шошго дээрх хамгаалалтаа өгдгийг сануулъя. Мөн аялал зугаалгад явахдаа өмнө нь огт хэрэглэж үзээгүй шинэ бүтээгдэхүүн авч хэрэглэх алдаа түгээмэл гардаг. Аян замд арьс угийн эмзэг болдог. Энэ үед нэмээд таарахгүй шинэхэн бүтээгдэхүүн хэрэглэх нь харшлах эрсдэлтэй. Тиймээс өөрийн арьсанд таардаг, урьд өмнө хэрэглэж байсан найдвартай бүтээгдэхүүнээ авч яваарай. Арьс арчилгааны үндсэн гурван багана болсон цэвэрлэгээ, чийгшил, нарны хамгаалалт гэсэн үндсэн шатуудаа л хангах минимал арьс арчилгаа хийхийг зөвлөж байна. Бас батга ч гарч магадгүй болохоор батганы наалт аваад явахад илүүдэхгүй шүү!

 

Нарийвчилсан төлөвлөгөө аяллыг сайхан болгодог

 

“H&A” аяллын компанийн менежер А.Сүнжидмаа:

-“Амьдралын зорилгогүй хүн хаана, ямар зүйл хийхээ ч ойлгохгүй явсаар дуусах эрсдэлтэй. Тэгвэл аялал ч үүнтэй адил. Тиймээс жилийн турш хүлээсэн амралтын үнэтэй цаг мөчүүдээ бүрэн дүүрэн ашиглахын тулд аяллын төлөвлөгөөгөө нарийн гаргах хэрэгтэй. Аль замаар хэрхэн явахаас эхлээд хэзээ хөдөлж, хаана буудаллах, мөн хэн хэн юу авч явахаа сайн ярилцах нь аялал амжилттай болох нэг гол хүчин зүйл. Төлөвлөгөөгөө та цаасан дээр, эсвэл апп дээр гарах боломжтой. Аяллын өмнө эрүүл мэндийн шалгалт хийлгэж, эмчилгээ авах хэрэгтэй. Вакцинжуулалт болон бусад шаардлагатай эм бэлдмэлээ бэлдээрэй. Мөн аялалд явах газрын уур амьсгал, цаг агаарыг тооцоолон хувцас, гутал, болон бусад хэрэгцээт багаж хэрэгслийг сонгож авах. Хэрэгцээт зүйлсээ жагсааж бичиж, аялалд явахаасаа өмнө шалгах нь чухал. Хогны уут - Хол замд машинд явахад машинаа цэгцтэй байлгахын тулд мөн байгалиа бохирдуулахгүйн тулд хогны уут авч явахаа мартуузай. Замдаа идэх амттан - самар, чихэр, үзэм гэх мэт амны зугаа авч яваарай. Түүнчлэн тонгорог буюу жижиг хутгаа мартуузай. Харин аяллын цүнхэндээ сэрүүн үед нөмрөөд явах эсвэл гадаа суухдаа дэвсэх нимгэн хөнжил баглаарай. Аяллын дэр, Халуун, хүйтэн барьдаг аяга, Тагтай усны сав, Бороо нэвтэрдэггүй куртик, дулаан өмд, цамц болон түрийтэй гутал, Алчуур, Углааш. Харин ачаанд заавал ч үгүй байх хэрэгтэй зүйлс гэвэл ариун цэврийн хэрэгсэл, нарны тос, нойтон салфетка, уруул өнгөлөгч, сам, үсний боолт, шүдний оо, сойз, саван, шампунь, шумуулын тос, цацлага, зүүлт зэрэг орно. Мөн зуны улирал аялал жуулчлалын ид улирал тул онлайн захиалгын систем ашиглан амрах газраа урьдчилан захиалаарай.

 

Амьдрал бол аялал. Аяллын бичээс нь өөрөө уран зохиол юм

 

“Орчлон” сургуулийн монгол хэл, уран зохиолын багш, контент бүтээгч М.Маралмаа:

-Аялах явцад ном унших нь толгой тархи амрааж, зүрх сэтгэлийг тайвшруулахаас гадна мэдрэмжийг хөглөж, илүү утга учиртай болгодог. Адал явдал, амар амгалан дунд номын ертөнц дэх үйл явдалтай, онцгой мөн чанартай дурсамжаа холбоно гэсэн үг шүү дээ. Эргээд тэрхүү номынхоо хуудсыг дэлгэх төдийд таны аяллын дурсамж дэлгэгдэнэ. Хөгжим сонсох, номын хуудас эргүүлэх, аялах гурвын зохицлыг юугаар ч зүйрлэшгүй. Тэр дундаа Монголоороо аялж байгаа бол монгол зохиолчдынхоо үгсийн хэлхээг унших нь аялалдаа үнэ цэн нэмэхэд туслах болов уу. Тиймээс дараах номыг танд санал болгоё. 1. Б.Баясгалангийн “Догшин тэнгис”. Эх орон гээч бидний хувьд чухам юу юм бэ. Үнэ цэн нь хаанаа оршдог юм бэ гэдэг тухай ухаж төвхнүүлж, цэгцэлсэн шиг. Эх орноороо аялахдаа эх орны тухай эргэцүүллийг уншина гэхээр догдлом биш гэж үү. 2. Ц.Гончиг “Цул мөнгөн гүүр”. Бид дурсамжаараа хөглөгдөж явдаг билээ. Энэ номд зохиолч өөрийн дурсамжуудаа сийрүүлэн үлдээсэн байдаг. Ер дурсамж, өнгөрсөн гээч оргүй хоосон бөгөөд бидний амьдралд мөн ч жинтэй зүйл юм. Энэ зүйлийн утга учрыг өөрийн дурсамжтай холбон бичсэн учраас дурсамж бүтээж яваа танд санал болгоном. 3. Мө.Батбаяр “Мөнгөн будда авсан өдөр”. Үүнийг уншиж та утга уянгын үзэсгэлэн болон байгаль дэлхийн үзэсгэлэнг хослуулаарай. Амьдрал бол аялал. Аяллын бичээс нь өөрөө уран зохиол юм.

 

Нарны хордлогод өртсөн дуудлага нэмэгдэж байна

 

Яаралтай түргэн тусламжийн 103 төвийн дарга С.Ариунболд:

-Яаралтай түргэн тусламжийн төвийн ачаалал нэмэгдсэн. Өчигдрийн байдлаар 1343 дуудлагад эмнэлгийн алба хаагчид үйлчиллээ. Үүнээс насанд хүрсэн иргэдийн дуудлага 1109, бага насны хүүхдийн осол гэмтэл 233, осол гэмтлийн шинжтэй 247, төрөлттэй холбоотой 24 дуудлага яаралтай түргэн тусламжийн 103 төвд ирсэн байна. Ойрын өдрүүдэд халуун байгаатай холбогдуулан иргэд нарших, нарны хордлогод орох, даралт ихсэх, багассан гэх дуудлага тасрахгүй байна. Мөн нарны хордлогод өртсөн иргэдийн дунд суулгах, дотор эвгүй оргих, бөөлжих, халуурах, толгой эргэх шинж тэмдэгтэй дуудлага 17-23 хувьд хүрээд байна. Цаг агаар хэт хальж байгаа өдрүүдэд иргэд олон нийтэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Бага насны хүүхдийг автомашинд орхихгүй байх, нарны малгай, нарны шил, шүхэр хэрэглэх, цэвэр ус болон шингэн зүйл хэрэглэх, хурц наранд удаан явахаас зайлсхийх, бага насны хүүхэд болон ахмадууд гадаа наранд удаан байхаас сэргийлэх хэрэгтэй.

 

Жолооч бүрийг хариуцлагатай аялахыг зөвлөж байна

 

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Теле хяналт, Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Анар-Эрдэнэ:

-Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг замын хөдөлгөөний зөв дадалд уриалах зорилготой “Дүрмээ мөрдье” нөлөөллийн аян үргэлжилж байна. Энэ оны эхний таван сарын байдлаар хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1856 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 73 хувиар өсөж, зам тээврийн ослын улмаас нийслэлд 42, орон нутагт 176 хүний амь нас хохирсон байна. Иймд аялал зугаалгаар явахдаа хурдаа хянаж, гүйцэж түрүүлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг зөвлөж байна.  Мөн хэт ядарсан нойрмоглох үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй,техникийн бүрэн бүтэн байдал хангаж, шөнийн цагт дүрмийн дагуу гэрлээ шилжүүлж,  замын тэмдэг тэмдэглэгээг дагаж мөрдөж жолооч бүр хариуцлагатай аялахыг зөвлөж байна.

 

Урьдчилан сэргийлэх тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байхад иргэд тоолгүй, анзааралгүй гол ус руу орж осолддог

 

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн:

-Долоодугаар сарын 7-ны байдлаар нийт 42 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдсэн. Үүнээс 26 хүн усанд осолдсны найм нь бага насны хүүхэд байна. Иргэд бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй орхидгоос болж хүүхдүүд амь насаа алдах аюул эрсдэлд орж байгаа юм. Мөн иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орсноос болж усанд осолддог. Түүнчлэн зориулалтын бус хөвөгч хэрэгсэл, завь ашигласнаас болж усанд осолдож байна. Усанд осолдсон тохиолдлуудын хувьд нийслэл, хөдөө орон нутагт гээд томоохон гол, мөрнүүдтэй газар ихээр тохиолдож байна.

Онцгой байдлын байгууллагын хувьд УОК-ын даргын албан даалгавар хоёр удаа, ОБЕГ-ын даргын албан даалгавраар хоёр удаа, холбогдох үүрэг чиглэл, төв орон нутгийн байгууллагуудад болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх мэдээллийг өгөөд явж байна. Үүний дагуу завьт эргүүл, хөдөлгөөнт эргүүл, машинтай болон явганаар том голын эргүүдээр эргүүл гаран ажиллаж байгаа. Эргүүл гараад үерийн түвшинтэй, голд эрсдэх эрсдэлтэй гэсэн тэмдэг, тэмдэглэгээнүүд байршуулчихаад байхад л иргэд үүнийг анзаарахгүй, тоолгүйгээр гол ус руу ороод байдаг. Мөн нийслэлийн хэмжээнд Туул голыг дагасан завьт эргүүлүүд 3-4 чиглэлд гарсан. Дээрээс нь тээврийн хэрэгслийнхээ аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Мөн үертэй голын түвшинг анхааралгүй “Приус” машинтайгаа орчихдог. Иймд гүүр, гарамгүй газраар гол, мөрөн гатлахгүй байх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх мэдээллийг бүх төрлөөр түгээсээр байгаа. Иргэдийн санамсар болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас болж осол эндэгдэл нэмэгддэг. Иймд хариуцлагатай аялахыг уриалж байна.

 

Аялагчид цугларсан хэсгүүдэд хогны машины тэвш байршуулах, 00 асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй байна

 

ОБЕГ-ын аврах ангийн штабын дарга, дэд хурандаа М.Цогтбаяр:

-Бид завьт эргүүл хийж байгаа. Хөдөлгөөнт эргүүлийн баг голын эргээр явган болон мотоциклтой эргүүл хийж байна. Мөн энэ жил Сэлбийн голд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байгаа. 2025 он гарсаар Нийслэлийн Засаг даргын 2025 оны зургаадугаар сарын 18-ны А618 тоот захирамжийн хүрээнд эргүүлийн ажиллагаа явж байгаа. Энэ хугацаанд найман хүн усанд осолдсон байна. Эдгээр тохиолдлууд нь бие биеэ аврах гэж гол руу орох, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Ингэхдээ “Архиа гаргах гэж ус руу орсон” гэж мэдээлэл өгсөн байгаа юм. Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орж архиа гаргана гэдэг бол хамгийн буруу зүйл. Биеийн дулааныг тэнцвэртэй байлгаж байж архи гардаг болохоос хүйтэн болсноор архи гарна гэсэн зүйл байхгүй.

Мөн иргэд отоглож буухдаа маш буруу байрлал сонгож байна. Жишээлбэл, маш өндөр эрэгтэй газар болон голын дэргэд майхнаа барьснаар хүүхдүүд усанд эрсдэх тохиолдол нэмэгддэг. Мөн иргэд хүүхдүүдээ ус руу оруулж тоглуулахдаа усны гүнийг анзааралгүй, “Ус миний өвдгөөр л татаж байсан” гэж ярьдаг. Насанд хүрсэн хүний өвдгөөр татаж байгаа ус бага насны хүүхдийн хаагуур татах билээ дээ. Сүүлийн үед мөн хийлдэг завиан дээр хүүхдээ суулгаж тоглуулах нь ихэссэн. Гэтэл тухайн завь нь холбирч унах зэрэг эрсдэл гарч байна. Тиймээс аялагчид байгаа хэсгүүдэд хогны машины тэвшийг олноор байршуулах, 00 асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй байна. Ус бага байх тусам усанд осолдох тохиолдол их байдаг. Сүүлийн таван жилийн байдлаар усанд осолдсон тохиолдлуудын ихэнх хувь нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орсон байна.

 

Эрүүл мэнд, ахуйн хэрэглээнд нийцтэй “Энгүн” нойтон алчуурыг аялалдаа сонгоорой

 

“Энгүн клейн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхзаяа:

-Аялал зугаалга, амралт сувилал, баяр наадам  гээд зуны цагт бүгдээрээ хотоос гарцгаадаг. Энэ үед хүний хамгийн чухал атлаа энгийн нэг хэрэглээ нь нойтон алчуур болсон. Ер нь, монголчууд бид зөвхөн зун гэлтгүй бүх цаг үед нойтон алчуурыг хэрэглээ болгоод заншжээ. Нойтон алчуурт анхаарах хамгийн чухал зүйл нь ус байдаг. Таны сонгох нойтон алчуурын усыг хэр сайн цэвэршүүлсэн бэ гэдэг нь хамгийн гол шалгуур. Мөн элдэв үнэртэн зэрэг харшлах магадлалтай химийн бодис ороогүй байх нь чухал. Тэгвэл манай “Энгүн” нойтон алчуур нь хүний биед ээлтэй материалаар хийгдсэн буюу дахин боловсруулаагүй, сайн чанарын хөвөн даавуу материалтай. 18 удаа цэвэршүүлсэн устай. Биед харшилгүй, хүүхэд эмэгтэйчүүд, хэнд ч тохирно. Ахуйн хэрэглээнд ч төгс нийцнэ.

30 болон 60 ширхэг бүхий хар, цагаан өнгийн савлагаатайгаар зах зээлд худалдаалагдаж байна. Тиймээс таны аяллын хамгийн шилдэг туслах байж чадна. Мөн саяхнаас шинэ төрөлтэй болсон. Ургамлын гаралтай хүнсний спиртийн 75 хувийн агууламж, өндөр технологиор 18 удаа шүүж, цэвэршүүлсэн ус, сайн чанарын хөвөн даавуу, мөнгөлөг өнгийн савлагаа бүхий нян устгах алчуураар бүл нэмсэн.  Энэхүү нян устгах алчуур нь эмзэг арьстай хүн хэрэглэхэд ч тохирно. Химийн бодис, үнэртүүлэгч, парабен агуулаагүй тул арьсыг хуурайшуулахгүй. Нян бактер устгахад өндөр үр дүнтэй. Хүүхдийн угж, тоглоомыг арчиж цэвэрлэх, ариутгаж халдваргүйжүүлэх зориулалттай. Аяга таваг, хүнсний хэрэглээний эд зүйлийг цэвэрлэх шаардлагыг хангасан. Гар утас, бусад ахуйн хэрэглээний гадаргууг ариутгахад тохиромжтой.  Энгийн жижиг алхмууд эрүүл амьдралын үндэс болдог. Тиймээс биед сөрөг нөлөөгүй нойтон алчуурыг хэрэглэж хэвшээрэй.

 

Зөгий, шумуул зэрэг шавжинд хатгуулаад тоолгүй өнгөрч болохгүй

 

Арьсны эмч Б.Наран-Эрдэнэ:

“Шумуул хазаж л байдаг шүү дээ гэж үл тоож болохгүй. Учир нь маш олон өвчин цусаар дамжин биед халдаж болдог. Шумуулнаас урьдчилан сэргийлэх тос, цацлага, үргээгч зэрэг нь таны хүүхдийг 100 хувь хамгаалж чаддаггүй.

Хазуулсан хэсэгт бактерийн эсрэг тос түрхэх нь загатналыг намдаагаад зогсохгүй шархыг хурдан эдгээхэд сайн нөлөөтэй. Бэлэн тосон түрхлэг байхгүй бол тухайн хэсэгтээ хүйтэн жин тавьж болно. Ингэснээр загатнах нь багасдаг. Үүнээс гадна нэг аяга усанд хоёр цайны халбага хүнсний сода хийж бэлтгээд,  40 минут тутам уусмалаар шавшиж элдэв халдвар орохоос урьдчилан сэргийлдэг.

Хамгийн чухал нь эцэг эхчүүд хүүхдээ шархыг нь маажуулахгүй байх хэрэгтэй. Хүний хуруунаас орсон бохир, шумуулын хортой нийлэн биеэ маажих үед цусаар дамжин маш хурдан тархдаг.

Мөн морин, ажилчин зөгий, үхэр, хатгуурт зөгий зэрэг бүх төрлийн зөгийний хатгалт хүүхдэд аюултай.

Энэ тохиолдолд ариутгасан чимхүүрээр зөгийний хатгуурыг маш болгоомжтой сугалж авна. Хуруугаараа авч огт болохгүй. Энэ нь зөгийний хатгуурыг цааш арьсанд шигдээх аюултай.

Хатгуурыг сугалж авсны дараа бактерийн эсрэг савангаар тухайн хэсгийг угааж, хавдах шинж илэрвэл хүйтэн жин тавина. Тун багатай харшлын эм хүүхдэдээ уулгаж, загатнахыг багасгаж болно.

Хэрэв дээрх арга хэмжээг авсны дараа хазуулсан хэсэгт ахин хавдах, арьсан дээр цагаан бижрүү үүсэх, толгой эргэх, хатгуулан өвдөх, дотор муухай оргих, цээжээр өвдөх, амьсгал давчдах шинж тэмдэг илэрвэл хүүхдээ даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөе”.

 

Аяллын даатгал яагаад хэрэгтэй вэ?

 

Practical даатгал:

-Аяллын даатгал нь төдийлөн сонирхол татахгүй хэдий ч аяллынхаа туршид санаа зовох зүйлгүй, амар амгалан аялахын тулд зайлшгүй хэрэгтэй зүйлийн нэг бол даатгал. Та нислэгийн тийз, зочид буудал, аялал, магадгүй инстаграмдаа стори хийх шинэ камерт хүртэл мөнгө зарцуулсан. Тэгвэл яагаад тэр хөрөнгө оруулалтаа хамгаалж болохгүй гэж. Эрсдэл хэзээ ч тохиолдож болзошгүй. Ихэвчлэн хамгийн тохиромжгүй үед тохиолдох нь бий. 

Аяллын даатгал нь зөвхөн алдагдсан ачаа тээшний тухай биш юм. Таныг аяллын үеийн эрсдэлээс хамгаалж, ямар нэгэн хүндрэл үүссэн тохиолдолд зардлыг нөхөх боломжийг олгоно. Энэ нь таны мөрөөдлийн амралтыг хар дарсан зүүд болгож болзошгүй “байдал бишидвэл” гэсэн тохиолдолд зориулсан аюулгүйн дэр юм. За зүгээр дээ, юу л болов гэж бодох үе бий. Гэхдээ бодит байдал дээр эрсдэл тохиолдох магадлал үргэлж тэгээс дээш байдаг. Тиймээс эрсдэл тохиолдоход таны цүнхэнд даатгалын гэрээний нугалсан цаас байж таарахад та маш их баярлах болно. Тиймээс дараагийн адал явдалд гарахаасаа өмнө эрсдэлийг тооцож, аяллын даатгалаа заавал хийлгээрэй.

 

Хөдөө явахаасаа өмнө цахилгааны төлбөрөө төлөөрэй

 

УБЦТС:

- “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас аялагчдад дараах зөвлөмжийг хүргэж байна. Гэр бүлээрээ аялалд гарахын өмнөх хангах хувийн бэлтгэлийн жагсаалтдаа цахилгааны төлбөрөө төлөх гэж тэмдэглэхийг уриалжээ. Учир нь эрчим хүчээр хангагч компаниас хугацаандаа төлбөрөө төлөөгүй хэрэглэгчийн хэрэглээг гэрээнд заасан хүлээлгийн 10 хоног өнгөрсөн тохиолдолд “Эрчим хүчний тухай хууль”-ийн 32 дугаар зүйлийн 32.2.1 дэх заалтыг үндэслэл болгон тухайн айлыг эзэнтэй эсэхийг үл хамааран түдгэлзүүлдэг ажил хийдэг. Хэрэв төлбөрийн нэхэмжлэл ирэх хугацаа болоогүй бол сүүлийн гурван сарын төлбөрийн дунджаар тооцоолон төлбөрөө урьдчилан төлж болох юм. Цахилгааны төлбөрийг арилжааны банкууд болон УБЦТС ТӨХК-ийн цахим үйлчилгээний my.tog.mn систем, “Цахилгаан хэрэглэгч” аппликэйшнийг ашиглан төлөх боломжтой байна.

 

Хортой могойд хазуулсан бол амаар хорыг сорж, халуун, хүйтэн жин тавьж болохгүй

 

ГССҮТ-ийн Түлэнхийн төвийн эрхлэгч Ц.Нарантунгалаг:

-Тухайн хүнийг ямар могойд хазуулсан байна гэдгийг мэдэхэд бэрх. Хазсан могойг нүдээрээ харсан ч хүн байна, хараагүй ч хүн байдаг.

Хортой могойд хазуулсан бол гол төлөв хаван, хавдраар эхэлдэг. Дараа нь хөхрөлтөөр үргэлжилдэг. Хэрэв хазуулсан бол амаар хорыг сорж болохгүй. Халуун, хүйтэн жин тавьж болохгүй.

Могойд хазуулсан бол нэн түрүүнд тухайн газраас холдох хэрэгтэй. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж болохгүй. Өвс их ургасан газар түрийтэй гутал өмсөх хэрэгтэй. Хазуулсан хэсгийг аль болох хөдөлгөөнгүй, зүрхнээс доош байрлалд байлгана. Ингэхдээ чиг тавьж болно. Мөн шингэн зүйл сайтар уух шаардлагатай. Эмнэлгээс хол байгаа бол хазуулсан хэсгийг усаар угааж, цэвэр зүйлээр боож болно.

Хор биеэр тархсан бол ямар ч эрхтэн гэмтэхийг үгүйсгэхгүй. Мөн маш ховор тохиолдолд цус задрах тохиолдол үүсдэг. Гэхдээ үүнээс болж хүний амь эрсдэж байсан тохиолдол байхгүй. Хазуулаад хэр хугацаанд бүрэн эдгэрэх нь тухайн хүний биеийн онцлог, байдлаас хамаарна. Гол төлөв ахмад настан болон хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй.

 

Баярын өдрүүдэд гэмтлийн эмнэлэг хамгийн оргил ачаалалтай байдаг

 

Яаралтай тусламжийн тасгийн их эмч М.Өлзийдэлгэр:

-Манай эмнэлэг ачаалалтай үедээ хэт ачаалалтай, ачаалал бага үе бас байна. Хүмүүс хэр бэртэж ирнэ тэр хэмжээгээр эмч нарын ачаалал нэмэгддэг. Баяр наадам ойртсон үед массыг хамарсан осол, хөдөө орон нутаг руу чиглэсэн урсгал нэмэгдэж буй цагт зарим олныг хамарсан осол гэмтэл байдаг. Үүн дээр эмнэлгийн алба хаагчид хүрэлцэхгүй байх тохиолдол бий. Гэхдээ энэ үед тухайн хэсэгт тасагт зохицуулалт хийх, өөр ачаалал хэвийн тасагт хандаж хүний нөөцөө хангах, яаралтай түргэн тусламжийн бүх эмч нараа дайчлах шаардлагатай үе тулгардаг.Баяр наадмын үед иргэд олон нийт хариуцлагатай байж осол болон бэртэл гэмтлээс дор бүрнээ хамгаалах хэрэгтэй. Баярын өдрүүдэд гэмтлийн эмнэлэг хамгийн оргил ачаалалтай байдаг. Өдөрт 1000-аас дээш өвчтөн аймаг сум, хороо, дүүргээс хандаж ирдэг. Одоо үндэсний баяр наадам ойртсон үед иргэд олон нийт өөрийн эрүүл мэндийг хамгаалж бэртэл гэмтлээс хол байхыг зөвлөж байна.

 

Аяллаа түрээсийн машинд даатгаж болно

 

“New Era Tours Mongolia” LLC

-Сүүлийн үед аялалдаа автомашин түрээсэлдэг болсон.  Манай компани аялал жуулчлал, автомашины аялал зохион байгуулах чиглэлээр 2007 онд байгуулагдсан. Манай автомашинууд Land Cruiser 100 болон Lexus 470 ба мэргэжлийн инженерүүд бүх машинуудад тогтмол үзлэг, засвар үйлчилгээ хийдэг. Мөн бүх автомашинууд жолоочийн хариуцлагын даатгал болон тээврийн хэрэгслийн 100 хувь даатгалтай.  Түрээслүүлэхэд барьцаа нэг сая төгрөг байна.  Банк дүүрэн бензинтэй, цэвэрхэн машин хүлээлгэн өгнө. Хүлээж авахдаа банк дүүрэн бензин цэвэрхэн хүлээж авна. Эсвэл барьцаа төлбөрөөс бензин болон угаалгын мөнгө суутгуулж болно. Ямар нэг гэмтэл осол гаргавал түрээслэгч  арван хувийн хариуцлага хүлээнэ. Мөн 14 хоногоос дээш аялах бол гал тогооны ком үнэгүй дагалдуулж өгнө.

 

Хүүхдүүдийн дийлэнх нь амарч зугаалж яваад түлэгдэж гэмтдэг

 

 ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ч.Ууганбаяр:

-Гэмтэл согог судлалын үндэсний төв  болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт түлэгдлийн улмаас 2024 онд нийт 5864 хүн тусламж үйлчилгээ авсны 2448 нь 0-4 насны хүүхэд. 2025 оны эхний хагас жилд 3038 хүн тусламж үйлчилгээ авсны 1255 нь хүүхэд байна. Хүүхдүүдийн ихэнх хувь нь халуун хоол, цай, усанд түлэгдсэн байдаг. Түлэгдсэн хүүхдүүдийн дийлэнх нь гэртээ болон амарч зугаалж яваад түлэгдэж гэмтдэг юм. Иймд энэ гэмтэл хүн ам, тэр дундаа бага насны хүүхдийн амь нас, эрүүл мэнд, амьдралын чанарт тулгамдаад буй асуудал юм. Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлэх нь асран хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлага юм. Зуун хувь урьдчилан сэргийлэх боломжтой өвчнүүдийн нэг. Муу ёрлож буй зүйл биш, эрсдэлийг заавал харж байх ёстой. Газар хоол унд хиймээргүй байна. Хүүхдүүдийн өмнө халуун хоол, цай тавьж огтоос болохгүй. Халуун сав, ус буцалгагчийн залгуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар тавих хэрэгтэй. Эдгээр зүйлс нь түлэгдэлтийн дийлэнх шалтгаан болдог.

 

Гар утсаараа аяллын зургаа хэрхэн мэргэжлийн түвшинд авах вэ?

 

Нийслэлийн Аялал жуулчлалын газар

-Ер нь гадаа орчинд зураг авахад гэрэл, өнгө хамгийн үзэсгэлэнтэй гардаг хугацааг алтан мөч буюу golden hour гэж нэрлэдэг. Энэ нь нар мандах эсвэл жаргахаас өмнөх 1 цагийн хугацаа юм. Энэ мөчид орчны зураг, таны хөрөг (portrait) зурагт хүртэл нэмэлт гэрэл, филтер шаардагдахгүй гайхалтай зураг гарна.Архитектур, барилга байгууламж, хотын зураг авахад хамгийн чухал нь өнцөг. Та Эйфелийн цамхгийн зургийг ямар ч уран сэтгэмжгүй, бүтээлч бусаар авбал онцгой зүйлгүй энгийн л нэг төмөр “краказ” харагдах болно. Харин аль өнцгөөс, зургийн тань арын фонт (background) ямар байх вэ зэргийг сайтар бодолцож олон оролдлого хийж үзээрэй. Хэрэв үнэхээр арга эвээ олохгүй бол Pinterest ухаж бусад аялагчид ямар өнцгөөс авсан байна гэдгийг сайтар ажиглах хэрэгтэй.HDR гэдгийг хүмүүс High Definition Solution буюу өндөр нягтралтай зураг гэж буруу ойлгоод байдаг. Яг үнэн хэрэгтээ энэ нь High Dynamic Range буюу гэрэл сүүдрийг тогтвортой, өндөр чанартай ялгах технологи юм. Хүний нүд гэрэл сүүдрийг маш өндөр чанараар ялгах чадвартай бол гар утасны камер энэ тал дээр маш муу. Харин гар утасны HDR технологи нэвтэрснээр таны авсан зургийг нэмэлтээр олон дахин давтан авч, аль хэсэгт гэрэл илүү байгааг, аль хэсэгт нь сүүдэр туссан байгааг автоматаар шүүн хамгийн сайн хувилбарыг танд гаргаж өгдөг гэсэн үг юм. Гэрлийг тэнцвэржүүлдэг учир орчны зураг, гадаа орчинд хөдөлгөөнгүй зүйлийн зургийг авахад илүү тохиромжтой гэсэн үг.

 

Газыг халуун газарт тавьж болохгүй

 

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА:

-Хөдөөгүүр аялж зугаалж байгаа хүмүүс голдуу газан плитка ашигладаг. Жижиг савлагаатай газ болон сүүлийн үед том оврын газтай баллоныг ихээр ашигладаг болсон. Жижиг газыг хэрэглэж дуусаагүй байхад нь тагийг нь таглалгүй халуун наранд эсвэл плиткатай ойр байгаас тэсэрч дэлбэрэх тохиолдол гардаг. Тиймээс хэрэглэсэн газны хаягдлыг сүүдэр газарт байрлуулах, шатамхай зүйлтэй хамт хаяхгүй байх, тусгайлан боож хаях зэргээр урьдчилсан арга хэмжээ авах нь зүйтэй. Мөн том овортой баллонтой газыг бага насны хүүхэд оролдох, хийн түгжээг нь санамсаргүй нээж орхисноос газ алдах зэрэг эрсдэл үүсдэг учир бага насны хүүхдийг ойртуулахгүй байх, хийн хаалтыг чангалсан эсэхийг байнга шалгаж, хий алдахаас сэргийлэх нь аяллын бас нэгэн чухал хариуцлага юм.

 

Хүүхдүүддээ тавих анхаарлаа битгий сулруулаарай

 

“Эм Би Ар Нарандэлгэрэх” хүүхэд, өндөр настан асрагч жуулчлалын төвийн мэргэжилтэн

-Бага насны хүүхэдтэйгээ аялж яваа хүмүүс аялал зугаалгын үеэр хүүхдэдээ тавих анхаарал сулрах тал байдаг. Гэтэл эсрэгээрээ хүүхдийн осол эндэгдэл аялал зугаалгын үеэр хараа хяналт алдагдсанаас болдог гэсэн судалгаа байдаг. Тиймээс хүүхдүүдтэйгээ хамт явахдаа аль болох аав ээжтэйгээ ойр тоглож, гол усанд хамаагүй орохгүй байх, ой мод руу ганцаараа явахгүй байх зэргээр хүүхдүүддээ сайтар сануулж хэлж байх нь зүйтэй. Мэдээж зөвхөн хүүхдүүддээ хэлээд зогсохгүй аль болох хүүхдүүдийнхээ хажууд архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байх, хэрэглэсэн ч тохируулж хэрэглэх, сонор сэрэмжээ алдахгүй байхад онцгой ач холбогдол өгч амралт, аяллаа хослуулахыг хичээгээрэй. Болгоомж хаана ч илүүдэхгүй.

 

Хогоо зориулалтын саванд нь хаяж яваарай

 

“Хоггүй Монгол”  ТББ-ын тэргүүн М.Бүжинлхам:

-Зун болж аялал зугаалгын цаг эхэлж олон хүн хот хөдөөгүй аялцгаадаг болсон. Аялж, амарч байгаа хүмүүс очсон газар, буудалласан буурин дээрээ анх ямар байсан тэр хэвээр нь хоггүй цэвэрхэн үлдээж хэвшээрэй гэж уриалмаар байна. Монголчууд эртнээс гэрийн бууриа цэвэрлээд ширхэг хог ч үгүй цэвэрхэн болгоод нүүдэг байсан уламжлалтай. Энэ сайхан уламжлалынхаа дагуу хөдөө хотгүй аялж амарч байгаа хүмүүс маань өөрсдийн хогоо ачаад зам зуурт байх зориулалтын саванд нь хийгээд явдаг байх нь байгаль дэлхийдээ ч ээлтэй, дараа нь ирэх хүмүүстээ ч тухтай эерэг сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Тиймээс хогоо зориулалтын саванд нь хаяж цэвэрхэн аялцгаая.

 

Нарны шилээ хэрхэн сонгох вэ?

 

joinme.mn

-Нарны шил гоёлын болон нарны хамгаалалттай шил гэж хоёр ангилагдана. Ойр зуурхан найз нөхөдтэйгөө амрахаар явж буй бол байгалийн сайханд ганган хэдэн зураг татуулах гэж буй бол танд гоёлын шил л тохирно.

Харин уул хаданд авирах, явган, дугуйтай аялал гэх мэт урт хугацаанд наранд явах гэж буй нөхцөлд та нарны хамгаалалттай хувцас, шил зэргийг авчихсан байхад илүүдэхгүй.

Нүд болон арьсаа хамгаална гэдэг маш чухал. Нүдээ нарны туяанаас хамгаалах нь эрт хараа муудах, нүдтэй холбоотой асуудлаас хамгаалах чухал ач холбогдолтой. Мэргэжлийн аялагчдын сэтгэл зүй хийгээд өөрийгөө авч явах чадвар нь маш өндөр байдаг.

Тэд ихэнх тохиолдолд өөртөө л найддаг хүмүүс юм. Магад та ч гэсэн энэ чадварыг эзэмших хэрэгтэй. Гэнэтийн тохиолдолд танаас өөр хөтөч, тогооч, эмч, удирдагч гэж байхгүй тул бүх шийдвэрийг өөрөө л гаргана гэсэн үг юм.

 

Ухрахаасаа өмнө шалга

 

Тээврийн цагдаагийн алба:

Урин дулаан цагт хүүхэд багачууд гэрийнхээ, байрныхаа, хашааны гадаа тоглож байдаг. Хүүхэд томоогүй. Хашааны, байрны гадаа тавьсан машины ард тоглох, доогуур нь орж нуугдах зэргээр толинд харагдахгүй газарт тоглож байдаг. Жолооч та хөдлөхөөсөө өмнө машинаа тойрч заавал шалгаж байгаарай. Учир нь жолооч нар санамсар болгоомжгүйгээс бага насны хүүхэд дайрсан хэрэг гарсаар байна. 2025 оны байдлаар дөрвөн хүүхэд ухарч буй машинд дайруулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тиймээс жолооч та ухрахаасаа өмнө машинаа тойрч заавал шалгаж байгаарай гэж Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.

 

Аялалд гарахдаа дугуйгаа шалгаарай

 

ДЭЭД МОТОРС:

Та гэр бүлээрээ аялалд гарах гэж байгаа бол дараах зүйлсээ заавал шалгаарай.

1. ХӨРГӨЛТИЙН ШИНГЭНЭЭ ШАЛГААРАЙ

Хөргөлтийн шингэнийг нэмэхдээ зөвхөн өнгө дагуу, өмнө нь нэмсэн шингэнээ нэмээрэй. Шингэнийг солихдоо заавал угаалгах хэрэгтэй. Гурван сар тутамд шингэний хэмжээг шалгаарай.

2. ХӨДӨЛГҮҮРИЙН ТОСОО СОЛИУЛААРАЙ

Хөдөлгүүрийн тосыг тогтмол солиулж байх хэрэгтэй. Эрс тэс цаг агаарын нөхцөлд синтетик тос хэрэглэж байгаарай.

3. ӨВЛИЙН ДУГУЙГАА СОЛИОРОЙ

Дугуй болгон хээний бүтэц болон найрлагаараа ялгаатай.

Өндөр температурт халалт үүсч задрах эрсдэлтэй.

4. ХРОПНЫ ТОСОО ШАЛГААРАЙ

Зуны халуун нь кропны тосны шинж чанарт муугаар нөлөөлдөг. Харахад бохирдолгүй, шатсан үнэргүй байх ёстой.

Хэрэв та машин чирсэн бол заавал шалгаж байгаарай.

 

Cardoctor.mn сайтаас өөрт хэрэгтэй 1000 мэдээллийг авах боломжтой

 

Аяллаар хөдөө явахдаа доорх зүйлсийг анхаарах хэрэгтэй. Ингэснээр болзошгүй аюул ослоос гэр бүлээ болон эд хөрөнгөө хамгаалж чадах юм. Тус аппликейшнд өгсүүр замд яагаад эйр кондишн унтраах талаар, гол усаар хэрхэн гарах талаар, гэрлээ асааж явах талаар, тогтсон усыг тойрч гарах талаар, дугуйг чангалах дараалал, руль барих зөвлөмж, түр зогсолт хийхдээ анхаарах зөвлөмж, шаварт суувал яах талаар, тохирсон хурдыг сонгож явах талаар, мотор ус залгисан үед ямар арга хэмжээ авах талаар байршсан байдаг. Тиймээс утсан дээрээ хадгалж аваад замдаа тухтай үзээрэй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 128 (7625)