Б.БАЯРЖАВХЛАН
Эрүүл мэнд эрхэм баян гэдэг. Гэвч сүүлийн жилүүдэд манай улсын эмнэлгийн хүртээмж багасаж, иргэд хувийн эмнэлгийг зорих нь их. Цаашлаад Монголд эмчлэх боломжгүй тохиолдолд гадаадад эмчлүүлэхээр БНСУ, Энэтхэг, Хятад зэрэг улсыг зорьж өндөр үнэтэй хагалгаанд орсоор байгаа. Энэ тохиолдолд зөвхөн эмчилгээний зардлаас гадна буудал, хоол унд, унаа болон асран хамгаалагчийн зардал зэрэг нэмэгддэг. Эрүүл болохыг хүссэн иргэд өөрт байгаа бүхнээ барж, сайн эмчээр оношлуулж, чанартай үйлчилгээг авахаар гадны улсыг зорьсоор байна. Тэгвэл одоогоос жилийн өмнө манай улсад нэгэн эмнэлэг үүд хаалгаа нээж байв. Энэ бол Монгол Хьюндай эмнэлэг юм. Тодруулбал, БНСУ-ын чанартай эмчилгээ үйлчилгээг нэвтрүүлж, манай улсын иргэдийн эрүүл мэндийн энхийн манаанд зогсохоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан нь энэ.
Энэ тухайгаа Монгол Хьюндай” эмнэлгийн гүйцэтгэх захирал З.Нямаа “Манай эмнэлэг өнгөрсөн оны долоодугаар сарын 5-ны өдөр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхэлж байсан. Өнгөрсөн хугацаанд давтагдаагүй тоогоор 5000 гаруй үзлэг, оношилгоо хийж, 300 гаруй мэс засал хийжээ. Бид америк тоног төхөөрөмжөөр чанартай эмчилгээ, үйлчилгээг үзүүлэхээс гадна Солонгос улсдаа олон жил ажилласан чадварлаг мэргэшсэн долоон доктор, профессор эмчээр тогтмол үзлэг, оношилгоо, мэс засал хийлгэдэг гэдгээрээ онцлогтой. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд дөрвөн удаа орон нутагт ажиллаж нийт 600 гаруй хүнд үнэ төлбөргүй, үзлэг оношилгоо хийсэн. Түүнчлэн 2024-2025 оны хичээлийн жил АШУҮИС-ийн 10 оюутанд 10.000 ам.долларын тэтгэлэг болон физиологийн судалгааны тэнхимд 20.000 ам.доллар бэлэглэсэн. АШУҮИС-ийн эрдмийн чуулга, Монгол Улсын гэмтлийн эрдмийн чуулга, Сувилахуйн сургуулийн эрдмийн чуулгуудад дэмжигч байгууллагаар, хүүхдийн гэмтлийн эрдмийн чуулгуудад зочин илтгэгчээр солонгос профессоруудаа оролцуулсан. БНСУ-ын Хьюндай нэгдсэн эмнэлэгт 2023 онд долоо, 2024 онд найм, 2025 оны дөрөвдүгээр сард Баянхонгор аймгийн 60 эмч мэргэжилтнийг суралцуулсан байна. 2024 онд Монгол Улсаас Казахстан улсад таван ажилтан, 2025 онд гурван ажилтныг сайн үйлсийн ажилд оролцуулаад байна. Цаашид иргэдэд илүү хүрч олон хүнд чанартай үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна” гэсэн юм.
Сайн үйлсийн аянаас сайн эмнэлэг нээх зорилго тавьжээ
“Монгол Хьюндай” эмнэлгийн үүсгэн байгуулах санаа Ким Бү Соб эмчтэй холбоотой ажээ. Түүний хувьд 15 жилийн өмнө буюу 2009 онд Монголд “Хайрыг түгээе” уриатайгаар хүмүүнлэгийн үйлсээ эхлүүлж, түүнээс улбаалан эмнэлэг нээх талаар боджээ. Энэ тухайгаа БНСУ-ын Жүнг-Анг их сургуультай боловсролын хамтын ажиллагаатай Хьюндай нэгдсэн эмнэлгийн ерөнхий захирал Ким Бү Соб “Солонгосын “Хьюндай” эмнэлэг нь гэмтлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай эмнэлгийн хувьд 1998 оноос Солонгос улсад хүмүүнлэгийн ажил хийж эхэлсэн. Удалгүй Солонгосын эмнэлгийн систем хөгжиж, хүмүүнлэгийн ажил хийх шаардлагагүй болсон. Тиймээс гаднын улсуудад хүмүүнлэгийн ажлаа үргэлжлүүлэх болсон. Энэ хүрээнд 2009 оноос Монголд “Хайрыг түгээе” уриатайгаар хүмүүнлэгийн үйлсээ эхлүүлсэн. Ингэхдээ бид Сайншанд суманд анх очиж байсан. Очоод маш их гайхсан. Тухайлбал, төрөлхийн түнхний мултралтай маш олон хүүхэд байсан. Түүнээс хойш жил бүр ГССҮТ-ийн эмч нартай хамтарч хөдөө орон нутаг, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай хүмүүст үйлчилгээ үзүүлэх болсон. Ингэхдээ есөн аймгийг сонгож иргэдэд нь эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн. Энэ үед монголчуудад ихэвчлэн доод мөчдийн төрөлхийн согог, хугарал гэмтэл их байгааг анзаарахдаа тусламж үйлчилгээ үзүүлэх чанартай эмнэлэг байгуулъя гэж бодсон. Би 1987 онд гэмтэл согогийн эмчээр төгссөн. Энэ хугацаанд 25 мянга орчим хүнд хагалгаа хийсэн. Залуу байхдаа сард 100 хүнд хагалгаа хийдэг байлаа. Жил ирэх тусам ажлын бүтээмж муудаж байна. Одоо бол сард 60 орчим хүнд хагалгаа хийж байна” гэсэн юм.
Монгол Хьюндай эмнэлэг өнөөдрийн байдлаар 64 ажил ажилтантай бөгөөд түүний долоо нь солонгос эмч нар юм. Ингэхээр тэд 57 хүнийг ажлын байраар хангаж байна гэсэн үг.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэж, томоохон өөрчлөлт шинэчлэлт хийжээ
Монгол Хьюндай эмнэлэг гадаадад эмчлүүлэх заалттай олон хүнд хагалгаа хийсний нэг нь Б.Ариунбүүвэйгийн хагалгаа юм. Тэрээр төрөлхийн хоёр талын түнхний мултралтай. Гурван настайдаа оношлуулж, хэдэн хэдэн мэс засалд орж байсан ч амжилтгүй болсон бөгөөд түнхний хазайлт нь улам нэмэгдэж хөдөлгөөн нь хязгаарлагдаж, маш их өвдөх болжээ. Тиймээс гадаадад мэс засал хийлгэхээр болж энэ төрлийн чанартай эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийг судалж эхэлжээ. Ийнхүү судалж байхдаа БНСУ-ын Хьюндай нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг Монголд үйл ажиллагаа явуулж байгаа тухай олж мэдээд Монгол Хьюндай эмнэлэгт мэс засал хийлгээд байгаа юм байна. Энэ тухайгаа “Миний хоёр түнх нэг нь архаг дутагдалтай, нөгөөх нь буруу ургалттай буюу тогооноосоо гарч аарцаг руугаа тулсан, үе хоорондын шингэнгүй болсон байсан. Булчин, шөрмөс агшилттай, хөдөлгөөний хувьд асар хязгаарлагдмал болж алхаж, гүйж чаддаггүй байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам хазайлт нь улам нэмэгдэж, сүүлдээ маш ихээр өвдөх болсон. Тиймээс хаана эмчилгээ хийлгэвэл хамгийн үр дүнтэй болох талаар судалж байхдаа Солонгос улс руу явах нь зүйтэй гэж шийдээд мөнгө бэлдсэн. Зөвхөн мэс заслын зардалд 100 орчим сая төгрөг зарцуулахаар байсан. Мэдээж үүн дээр очоод байрлах буудал, мэс заслын өмнөх болон дараах шинжилгээ, эмчилгээ, хоол хүнс, виз, тийз, хамт явах асран хамгаалагчийн зардал гээд нэмэлт төлбөрүүд гарахаар байсан. Эмчилгээ хийлгэх улсаа сонгочихсон болохоор аль эмнэлэгт мэс заслаа хийлгэх үү гэдгээ сонгохоор хайж байхдаа Солонгосын гэмтлийн эмнэлэг болох Хьюндай нэгдсэн эмнэлгийн салбар манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа талаар олж мэдсэн. Ингээд Монгол Хьюндай эмнэлэг дээрээ ирж уулзаад, 14 хоногийн зайтай баруун, зүүн түнхний хагалгаанд орсон. Мэс засал амжилттай болсон. Өмнө нь автобусны шат руу ч гарч чаддаггүй байсан. Өөрөөр хэлбэл, хөл маань тийм хэмжээнд хөдөлгөөн хязгаарлагдмал байсан гэсэн үг. Одоо бол хөлөө дэлгээд суухад ч өвдөх өвдөлтгүй сайхан байна. Эмчилгээ дуусаж, эдгэх үед хэвийн хүн шиг болох итгэл найдвар төрж байна. Гадаадад 100 гаруй сая төгрөгөөр хийлгэх байсан хоёр ч хүнд мэс заслыг эх орондоо ээж, аавынхаа хажууд 40 орчим сая төгрөгөөр хийлгээд, эрүүл саруул болж байгаадаа баяртай байна” гэж манай сонинд өнгөрсөн дөрөвдүгээр сард ярилцлага өгч байсан юм. Тэгвэл одоо тэрээр хэвийн алхаж, эмнэлгийн хяналтдаа гурван сар тутам нэг удаа үзүүлдэг болжээ.
Мөн манай улсад өвдөгний үе солих мэс заслыг зургаан сарын зайтай хоёр хөлд хийдэг байна. Тэгвэл Л.Батдэлгэрийн хувьд өвдөгний хоёр үеэ зэрэг солиулжээ. Энэ төрлийн хагалгааг Монголд анх удаа Монгол Хьюндай эмнэлэг хийжээ. Энэ талаар Л.Батдэлгэр “Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Монгол-Хьюндай эмнэлгийн эмч нар болон бүх ажилтан нарт талархаж байна. Та бүхний найрсаг харилцаа, тав тухтай, чанартай, цэвэрхэн тохилог орчинд эх орондоо хагалгаанд орж, миний бие нь хурдан тэнхэрч, өвчин зовлонгоосоо салж эрүүл болсондоо маш их баярлаж, хүндэтгэж байна. Ким Бү Соб эмч, Г. Гантулга, Очироо, Сарангуа, Бат- эрдэнэ, Ариунболд болон бусад бүх эмч, сувилагч нартаа цаашдын ажилд нь амжилт хүсье” гэсэн юм.
Монгол Хьюндай эмнэлгийг зорьж ирж байгаа иргэдийн ихэнх нь 2-3 эмнэлэгт үзүүлж, оношоо эцэслэх зорилгоор ирж байгааг Хүүхдийн гэмтэл согогийн зөвлөх эмч, доктор, профессор Ан Жэй Ин хэлж байлаа. Тэрээр “Манай эмнэлэгт ирж буй хүмүүсийн ихэнх нь 2-3 эмнэлэгт үзүүлж, эмчилгээ, хагалгаа хийлгэсэн байдаг. Гэвч зарим тохиолдолд онош нь буруу эсвэл хагалгаа амжилттай болоогүй байдаг. Жишээлбэл, зургаан настай нэг хүү ирсэн. Энэтхэг улсад эмнэлэгт үзүүлсэн бөгөөд түүнийг нурууны хагалгаанд олон зуун сая төгрөгөөр орохыг зөвлөсөн байсан. Гэвч өвдөгний үений хагалгаанд ороод л хэвийн болж байгаа юм. Мөн буруу оношилгооноос болж 15 удаа хагалгаанд орсон байсан. Бас л буруу оноштой байсан. Хэрэв эрт зөв оношилсон бол ингэх шаардлагагүй байсан” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 128 (7625)