Б.ЗАЯА
Улсын ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр тэрээр сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.
-АТГ-аас Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан уу?
-Мөрдөн байцаалтын ажиллагаа шувтрах талдаа явж байсан. Дуусч байгаа байх.
-С.Зориг агсныг амиа алдсан хэрэгт түүний эхнэр Б.Булганыг яллагдагчаар татан цагдан хорьж байгаа. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын зарим гишүүн Б.Булгантай уулзаж, эрх нь ноцтой зөрчигдөж байгаа тухай мэдээлэл хийлээ. Б.Булганы эрх хангагдаж чадахгүй байна уу?
-Баасан гаригаас эхлэн нөхцөл байдал ямар байдалтай байна, гишүүдийн ярьж байгаа асуудал үндэслэлтэй зөв байна уу гэдгийг албан ёсоор тодруулахаар манай байгууллгаас шалгаж эхэлсэн. Шалгалтын дүн ойрын хугацаанд гарах байх.
-Цагдаагаас УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувийн хоёр компанид нэгжлэг хийсэн нь багагүй шуугиан тарилаа. Энэ үеэр цагдаагийн үйл ажиллагаанд нөлөөлөх, саад учруулахыг оролдсон тохиолдол цөөнгүй гарлаа. Үүнд прокурорын байгууллага хэрхэн хандаж байгаа вэ?
-УИХ-ын гишүүн Х.Баттулгын эзэмшлийн “Баянгол” зочид буудалд түрээсээр ажилладаг хоёр аж ахуйн нэгжид нэгжлэг хийсэн. Нэгжлэгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу прокурорын зөвшөөрөлтэйгөөр хийсэн. Нэгжлэгийн явцад хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх нөхцөл байдлыг хангуулах үүднээс прокурор оролцуулсан. Нэгжлэг хийж байгаа газарт хөндлөнгийн этгээдүүд хүчээр түрж орсон, саад учруулахыг оролдсон, баривчлагаа явагдах юм шиг нийтэд ойлгуулж олон хүнийг цуглуулсан гэх мэт асуудал болсон. Үүнийг та бүхэн харсан. Тэнд байсан хүмүүс өөрсдөө гарч ирж ярьж мэдүүлсэн. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа бол онцгой. Тиймээс энэ ажиллагаатай холбоотой харилцааг тусгайлан хуулиар зохицуулж уг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага албан тушаалтны эрх үүргийг тодорхойлж өгсөн. Энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байгаа аливаа ажиллагааг хөндлөнгөөс нөлөөлөх байдлаар тасалдуулахыг хориглодог. Энэ тохиолдолд мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэж үздэг. Цаашид УИХ-ын гишүүний бүрэн эрхээр далайлгах, аль нэг өндөр албан тушаалын эрх мэдлээ ашиглаж хууль хяналтын байгууллагын үндэслэл журмын дагуу явуулж байгаа ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, ажиллагааг тасалдуулсан ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэгжлэгийн ажиллагаа явагдаж байхад ямар нэгэн байдлаар саад хийхэд албадан гүйцэтгэдэг хуультай. Нэгжлэгээр тухайн аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн баримт, бусад эд зүйлүүдийг хурааж авсан. Одоо мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.
-Сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг шалгах явцад Х.Баттулга гишүүний туслахыг баривчилсан. Үүний дараа хууль тогтоох дээд байгууллагаас буюу АН-ын зарим фракц, Хуульзүйн байнгын хорооны дарга, Хуульзүйн сайд прокурорын байгууллагын дарга нарт албан бичиг хүргүүлсэн. Энэ нь хууль тогтоох дээд байгууллага мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа цагдаагийн байгууллагад гаднаас нөлөөлөх оролдлого гэж харж болох уу?
-Энэ асуудалд би хувийн байр сууринаас хариулъя. Магадгүй ээлжит улс төрийн сонгуулиуд ойртож байна. Зарим хүний улс төрийн үйл ажилагаа ч идэвхжиж байна. Зарим нэгнийх нь үзэж байгаагаар асуудал тодорхойгүй хэвээр үргэлжлээд байгаа ч юм шиг ойлгогдсон байх. Ер нь сүүлийн үед хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон, дүгнэлт хийсэн, ялангуяа хууль ёсны үйл ажиллагааг өөр зорилгоор явуулж байгаа мэтээр нийтэд ойлгуулахыг эрмэлзсэн мэдэгдэл ихээр хийж байгаа нь үнэн. Үйл явдал хэрхэн яаж өрнөж байна вэ, бодит байдал нь юу вэ гэдэг талаар бид өөрсдөө нээлттэй, нийтэд бодит мэдээллийг шуурхай хүргэх ёстой юм байна гэж ойлгож байгаа. Тиймээс цаашид энэ тал дээр анхаарч ажиллана.
-Эрүүгийн хуулиар эмч нарыг хорьж, цагдах заалтууд орсон талаар шүүмжилж байна. Үнэхээр эмч нарыг хорьж, цагдах заалтууд оров уу?
-Барьж хорьдог тухай харилцааг зохицуулдаг хууль нь одоогоор батлагдаагүй байгаа. Одоогийнхоор бол Эрүүгийн байцаан шийтгэх хууль. Шинээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль батлагдана. УИХ-ын төвшинд хэлэлцүүлж байгаа. Эрүүгийн хуулийн хувьд яах аргагүй тодорхой хэмжээнд хариуцлагыг чангаруулсан нь үнэн. Эмчийн мэргэжил онцлог. Хүний амьд явах эрхтэй шууд хамааралтай. Нийгэмд үйлчилдэг онцгой алба. Энэ албандаа хариуцлагагүй хандах юм уу, өргөсөн тангарагаасаа няцсан тохиолдолд хүлээх хариуцлага энгийн нэг хүнээс өөр байх ёстой гэж үзсэн.
Эх сурвалж: www.polit.mn