Д.ГЭРЭЛ

“Монгол Аура” энер­гийн төвийнхөн билэгт сайн өдрийг тохиолдуулан өнөөдөр “21 Дарь-Эхийн хийд”-дээ ном айлдаж, сүсэгтэн олондоо үнэ төлбөргүй үйлчлэх юм байна. Энэ талаар тус төвийн  тэргүүн Б.Сарандаваа өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. “Монгол Аура” энер­гийн төв үүсэн бай­гуулагдсны тав, Бясалгал зурхай, сүнс, сэтгэл судлалын академи үүсэн байгуулагдсны 10 жилийн ой энэ сарын 10-нд тохиох юм байна. Ойн хүрээнд энэ сарын 10-нд “Аз жаргалын арван алтан түлхүүр” сэдэвт цэнгүү­нийг “UB Palac”-д зохио­хоор болжээ. Тоглолтод Б.Сарандаваа доктор амьдралдаа мөрдөх 10 алтан зарчмын талаар өгүү­лэхээс гадна мөнгөний даллага авч, 21 морин хуурч эгшиг түрж, 21 цам харайж, 21 уртын дууч ая дуугаа өргөх юм байна. Түүнчлэн ойн хүрээнд орон гэргүй хоёр өрхөд гэр барьж өгсөн бол тоглолтын үеэр амьжир­гааны төвшин доогуур Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны 10 өрхөд мөнгөн тусламж үзүүлэх юм байна. Ой угтаж Нийслэлийн ерөнхий боловсролын сурагчдын дунд “Энерги бидний амьдралд” сэдэвт эссе бичлэгийн уралдаан зарлажээ. 9-11 дүгээр анги тус бүрээс 1-3 байр эзлүүлж  мөнгөн шагнал олгохоор төлөвлөжээ.