М.ХҮСЛЭН
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Азербайжан болон Армен улсад зэр зэвсэг худалдахыг дэмжиж буйгаа мэдэгдсэн байна. Тэрээр өнгөрсөн бямба гаригт Оросын “Россия-1” сувгийн “Вести в субботу” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа “Хэрэв Москва мөргөлдөөн болж байгаа бүс нутагт зэр зэвсэг өгөхөөс татгалзвал, биднээс бусад орнууд зэвсэг нийлүүлэх л байсан. Зэр зэвсгийг зөвхөн дайтах гэж худалдаж авдаггүй. Түүнчлэн “мөргөлдөөнийг сааруулагч”-ийн үүрэг ч давхар гүйцэтгэдэг” гэжээ.
2010-2014 оны хооронд Азербайжан Орос улсаас нисдэг тэрэг, зенитийн пуужингийн систем, танк, их буу, артиллери зэрэг нийт өртөг нь дөрвөн тэрбум ам.долларын зэр зэвсэг худалдаж авах гэрээ байгуулсан аж.
Харин Армени улс 2013 онд гэхэд Оросоос 16 сая ам.долларын үнэ бүхий зэвсэг худалдаж авчээ. Түүний дотор олон төрлийн хүнд зэвсгүүд байсан гэж ВВС агентлаг мэдээлэв. Гэвч 2014 онд Ереван Москвагаас зэр зэвсэг худалдаж аваагүй аж.
Уулын Карабахт энэ сарын 2-нд хоёр тал дахин мөргөлдөж байдал хурцадсан билээ. Түүний дараа сүүлийн 22 жилийн турш харьцангуй тайван байсны дараа хамгийн том мөргөлдөөн болж хоёр талаас олон арван хүн алагдаж, шархдаж, ор сураггүй болсон юм. Армен болон Азербайжаны тал энэ сарын 5-нд буудалцааныг зогсоох тухай хэлэлцээрт хүрсэн. Гэвч удалгүй хоёр тал хэлэлцээрийг зөрчсөн хэмээн бие биенээ буруутгаж эхэлсэн юм.
Уулын Карабахын мөргөлдөөн 1980-аад оноос эхэлсэн. Азербайжаны бүрэлдэхүүнд багтдаг Уулын Карабахт тусгаарлах үзэл гарснаар 1991 онд тэнд дайн эхэлж байсан. 30-аад мянган хүний аминд хүрсэн уг дайныг 1994 онд энхийн хэлэлцээрээр зогсоож байв. Түүнээс хойш Уулын Карабахт Армений тал хяналтаа тогтоосон билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин