М.ГАН

“Ерөнхий сайд-30 ми­нут”ээлжит уул­залт өчигдөр боллоо. Монгол Улс хойд, өмнөд хоёр хөрштэйгээ автозамаар холбогдох боломжтой болжээ. Ерөнхий сайд Сайншанд-Замын-Үүдийн чиглэлийн 116 км замын нээлтэд орол­цоод ирсэн юм. Тэрээр хэвлэлийнхний асуултад ийм хариулт өглөө.

-Сүүлийн үед монгол хэлнээс дөрвөн үсэг хасах гэж буй мэдээлэл байна.  Үүнд хариу өгнө үү?

-Өглөө харлаа. 11-11 төвд энэ талаар хамгийн олон мэдээлэл иржээ. Засгийн газраас ийм тогтоол гараагүй. Эрдэмтдийн дунд ийм яриа байдаг, одоо ч гарч л байна. Харин ч Засгийн газар монгол хэл, бичгийн боловсролыг сайжруулах, нэг мөр болгох талаар 2013 оны хоёрдугаар сард тогтоол гаргасан. Тэгсэн чинь Засгийн газрыг шүүхэд өгсөн ч манайх ялсан мэдээ байна. Нэг хүн нэг толь бичиг гаргадаг бизнес байдаг юм байна. Тэгээд л шүүхэд өгсөн байх. Харин ч Засгийн газар монгол хэл, бичгийг нэг мөр болгох шаардлага тавьж байгаа.

-Ам.долларын ханш өссөөр байна. Ханш барих бодлого байна уу?

-1700 гараад явчихаж. Хэтийн төлвөө харвал буурна гэж Эдийн засгийн хөгжлийн яам үзээд ирэх оны төсөвт ам.долларын ханшийг 1384 төгрөг байхаар тооцсон. Ханш буулгах арга хэмжээгээ авах байлгүй.

-Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох гэж байгаа гэсэн үнэн үү?

-Удвал сайдыг маань бараг Элчингээр явуулчихсан байна лээ. Эрүүл мэндийн салбарт асуудал бий. Гэхдээ Элчин гээд яриад ирэхээр өөр л юм яваад байна.