Д.БОЛОРМАА
Байгаль орчин,
ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулгатай ярилцлаа.
-МАХН-ын дарга Н.Энхбаярын давж заалдах шатны шүүх хуралд ажиглагчаар оролцсон хүний нэг та. Шүүх хуралдаан хууль ёсных гэхээс илүүтэй улс төрийн захиалга биелүүллээ гэж өмгөөлөгч С.Нарангэрэл дүгнэж буй. Та шүүх хурлын үйл явцад ямар дүгнэлт өгч байна вэ?
-Хурлын үйл явц бэлтгэгдсэн жүжиг байсан нь эцсийн шийдвэрээр тодорхой харагдлаа шүү дээ. Давж заалдах шатны хурал болохоос өмнө С.Нарангэрэл багшид хэд хэдэн мэдээлэл ирсэн байдаг юм билээ. Тухайлбал, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Н.Энхбаяр нарт ногдуулсан ялын тогтооолыг хэвээр батална. Та яах гэж ийм хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон юм” гэж С.Нарангэрэл багшийг дарамталсан байх жишээтэй. Энэ мэт мэдээллийн дагуу өмгөөлөгч С.Нарангэрэл шүүгч нарт “Хэрэв та нар дээрээс ирсэн шийдвэрийнхээ дагуу явах юм бол бусдыг гүтгэсэн хэргээр давхар ялтай шүү” гэдгийг анхааруулаад шүүх хурлыг эхлүүлсэн. Мөн шүүх хуралдааны үйл явцыг олон нийтэд мэдээлэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон шүүгдэж байгаа хүмүүсийг оролцуулаач гэж албан ёсоор хүсэлт гаргасан байсан. Харамсалтай нь шүүх бүрэлдэхүүн бидний хүсэлтийг хүлээж аваагүй. Үүнээс харахад шүүгдэгчийг оруулахгүй, олон нийтэд хаалттай явуулсан нь урьдчилан бэлтгэсэн жүжиг байсан нь тодорхой харагдаж байгаа юм. Олон нийтэд шүүх хуралдааны үйл явцыг мэдээлэхгүйгээр зүгээр л гэм буруутай мэтээр ойлгуулахыг хичээсэн хэрэг байхгүй юу. Шүүх хуралдааны явцад шүүгчид анхан шатны гаргасан шүүхийн шийдвэр, зүйлчлэл ангиллыг буруу юм биш үү гэдгийг өмгөөлөгч болон прокуророос асууж байсан. Энэ үед прокурорууд яллах үндэслэл, тулгаж байгаа зүйл ангиа хамгаалж чадаагүй. Энэ утгаараа Нийслэлийн шүүх шударга үнэнийг тогтоох нь гэсэн итгэл өвөртлөөд сууж байлаа. Гадны ажиглагчид ч гэсэн тэгж дүгнэж байсан гэсэн. Гэвч шүүх хурал завсарласнаас хойш хоёр цагийн дараа анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Дахин хэлэхэд энэ бол урьдчилан дэглэсэн зохиомол жүжиг байжээ гэдэг нь Нийслэлийн шүүхийн шийдвэрээс илүү тодорхой харагдлаа.
-Анхан шатны шүүх хурлаар цагаатгах талын нотлох баримтыг авч үзээгүй. Энэ удаагийн хурлаар ч гэсэн энэ байдал давтагдсан уу?
-Хуулиараа анхан шатны шүүх хурлаар мэтгэлцэж, давж заалдах нь мэтгэлцдэггүй. Шүүгч нар “Анхан шатны шүүх нотлох баримтыг шинэчлэн судлаагүй. Нотлох баримтын талаар мэтгэлцээгүй. Түүнээс гадна гэрчүүдийг оролцуулаагүй нь хууль зөрчсөн” тухай ярьсан. Гэвч өөрсдөө хууль бус байсныг хүлээн зөвшөөрсөн атлаа нотлох баримтыг хэлбэр төдий хэлэлцүүлсэн болоод шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан юм. Эндээс харахад Монголын шүүх улс төрийн нам болоод улс төрчдийн захиалгаар ажилладаг болсон нь харагдсан. С.Нарангэрэл багшийн хэлснээр “Шүүх шударга үнэнийг тогтоох ариун сүм байх ёстой”. Тэгвэл улс төр, намын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж суудаг шүүгч нар энэ ариун сүмээс гарах ёстой. Тэд АН эсвэл МАН-ын байранд очиж шүүх хурлаа явуулах хэрэгтэй гэж хэлье.
-Нэгэнт шүүгч нар улс төрийн захиалга биелүүлж байна гэж дүгнэж байгаа бол Улсын дээд шүүхэд бас итгэх нь эргэлзээтэй байна уу?
- Улс төрийн захиалга биелүүлэх байдал цаашид даамжирвал Монгол ардчилсан орон байх эсэх тухай асуулт тулгарч байна. Үүнийг засах ёстой. Тодорхой шүүгч нар шударга үнэний талд зогсч, хэн нэгнээс хараат бус байж чадаж байна уу гэдгийг УИХ-ын төвшинд ярих хэрэгтэй. УИХ-аас өчнөөс хууль баталдаг ч түүнийг нь шүүгч нарүл ойшоож өөрийн үзэмжээр хэрэглэж байна шүү дээ. Ер нь хэрэгт тулгаж байгаа хүний талд аль хуулийг хэрэглэх вэ гэдгийг тодорхой заасан юм байна. Аль болох ял тулгаж байгаа хүнд ашигтай байхаар хэрэглэдэг. Гэтэл тэр заалтыг хэрэглэх боломжийг олгохгүйгээр зөвхөн яллах талд ашигтайгаар мушгин гуйвуулж байна. Давж заалдах шатны хуралд оролцсон өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг сонсоод хэлэх үггүй хоцорно лээ. “Бид хуулийн дагуу ажиллаад юу ч баталж нотолж чадахгүй юм байна. Хууль зүйн бус улс төрийн шийдвэр гараад байхад хүч хүрэхгүй нь” гэсэн мэдэгдэл хийж байсан. Энэ утгаараа Улсын дээд шүүхэд итгэх эсэх нь асуултын тэмдэг болж үлдэж байна.
-Гадны ажиглагч нар шүүхийн үйл явцыг хараад ямар дүгнэлт өгч байх юм бэ?
-Гадны ажиглагчтай уулзаж ярилцаагүй. Тэр хүн энэ талаар өөрийн дүгнэлтээ хэлэх болов уу гэж харж байна.
-Анхан шатны шүүх хурал нээлттэй болчихоод давж заалдах хурал хаалттай болов. Шүүх хурлыг олон нийтэд үзүүлэхгүй байх ямар үндэслэл байсан юм бол?
-Дэглэсэн жүжгээ ард түмний нүдэн дээр харагдуулахгүй гэж шийдсэн байх. Ард түмэн үнэнийг мэдчихнэ гээд хаалттай шүүсэн болов уу. Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн бүр шүүх ажиллагаанд биечлэн оролцох ёстой тухай заасан. Үүнийг манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр ч гэсэн баталгаажуулсан байхад Нийслэлийн шүүх энэ эрхийг хангахаас татгалзсан. Татгалзах шалтгаанаа тайлбарлахдаа “Шүүх хуралдааны танхим давчуу учраас олон хүн багтахгүй. Тэгээд ч шүүхийг хүчлэн хамгаалах хэрэгсэл байхгүй. Н.Энхбаярын биеийн байдал сайнгүй учраас оролцуулах нь боломжгүй” гэсэн хариулт өгч байна лээ. Энэ хариултад тайлбар хийе. Нэгдүгээрт, иргэдийн хувьд шүүх рүү довтолж дайрах гэсэн зүйл байхгүй. Хэдийгээр хамгаалалт байхгүй гэж хэлсэн атлаа цагдаагийн бие бүрэлдэхүүн Нийслэлийн шүүхийг хамгаалсан байсныг олон нийт харсан байх. Хоёрдугаарт, Н.Энхбаяр даргыг эрүүл мэндийн шалтгаанаар оруулахгүй гэсэн ч тэрээр эмч, хамгаалагчтайгаа шударга үнэнийг олохын тулд оролцох боломжтой байсан. Үндсэн хууль болоод олон улсад нэгдэн орсон улс төрийн болоод иргэний эрхийн фактад “Шүүх хуралдааныг хуульд зааснаас бусад тохиолдолд ил тодоор явуулна” гэж заасан. Мөн шүүгчийн тангарагт “Монгол Улсын шүүгчид аливаа хэрэг маргааныг хянаж шийдвэрлэхдээ зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн асуудлыг шударгаар шийднэ. Хэрэв энэ үүргээсээ няцах юм бол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн” гэж бий. Үүнийг нь С.Нарангэрэл багш шүүгч нарт уншиж өгсөн ч тэд хүсэлтийг нь хүлээж аваагүй. Шүүх хуралдааны үед С.Нарангэрэл багш Н.Энхбаяр даргад тохсон хэргийг зохиомол гэдгийг хангалттай нотолсон. Дээрээс нь прокурор Ё.Сагсай, О.Мөнхбаатар нарыг яллах талаа баталж чадаагүй.
-Тухайлбал?
-Шүүх хуралдааныг товчхон ярихад шүүгдэгчдийн өмгөөлөгч давж заалдах гомдлоо танилцуулсан. Дараа нь тодорхой хэмжээнд нотлох баримтыг шинэчлэн судлах ялимгүй оролдлого хийгээд удалгүй анхан шатны шүүхийг хэвээр үлдээсэн. Уг нь шүүх хуралдааны явцад прокурорууд урьдын адил ялагдсан. Бүр сүүлдээ эрээ цээргүй дайрсан довтолгооныг өмгөөлөгч нар руу хэлж байлаа, тэд. Н.Энхбаяр даргыг дөрвөн хэргээр ялласны нэг нь телевизийн тоног төхөөрөмжийг хувьдаа ашигласан гэж. Би анхан шатны шүүх хуралдаанаар үгүйсгэсэн үндэслэлээ хангалттай тавьсан. Японы буддын “Агон Шү” байгууллагаас “Монголын ард түмэн, сүсэгтэн олонд буддын шашин, соёл, түүх, уламжлалыг сурталчлах телевиз байгуул гээд Гандантэгчилэн хийдэд өгсөн 119 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг Н.Энхбаяр хувьдаа завшсан гэж ялласан хэрэг юм. “Агон Шү” гэдэг байгууллага нисэх онгоцоор тус төхөөрөмжийг тээвэрлүүлэхдээ хандивын барааны жагсаалтыг япон болон англи хэлээр бичээд хавсаргасан байдаг. Тэр бичигт “УИХ дахь цөөнхийн бүлгийн дарга, МАХН-ын дарга Н.Энхбаяр танд эдгээр төхөөрөмжийг хандивлалаа. Япон улсын буддын “Агон Шү” байгууллагын тэргүүн гээд албан ёсныхоо бланк дээр тамгалаад явуулсан байдаг. Тэр бичгээс юу ойлгогддог вэ гэхээр хандивласан юм байна. Ингэхдээ манай улсын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц хоёрт Монголд буддын шашныг сурталчлах үйлсэд зориулж хандивласан гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. АТГ-ынхан Н.Энхбаярт хандивлаагүй болгохын тулд хууль бус бичиг баримт бүрдүүлсэн. Юу гэхээр анхны бичиг бол 2000 оны хоёрдугаар сарын 21 байсан. Гэтэл 2000 он гэх гэж байгаад 2012 он гээд бичээд явуулчихаж. Түүндээ тамга даруулаад ирчихсэн байх жишээтэй. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хууль бус замаар олж авсан нотлох баримтыг нотолгооноос хасна гэж бий. Дээрх бичиг бол хууль бус замаар олж авсан баримт. Ингэснээр Японы бүрэн эрхт байдлыг бүдүүлгээр зөрчиж, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гадаадын нутаг дэвсгэрт мөрдлөгө мөшгөлтийн үйл ажиллагаа явуулахдаа тухайн улсын Гадаад харилцаа болон Хууль зүйн байгууллагаас зөвшөөрөл авна гэснийг ноцтой зөрчсөн гэсэн үг. Дараагийн гурван хэргийн тухайд хэлэхэд Н.Энхбаяр дарга хамаагүй гэдгийг С.Нарангэрэл өмгөөлөгч хангалттай нотолсон.
-Н.Энхбаярын гэх хэрэгт таны ах Б.Хуягийн нэр дуулддаг. Үүнийг олон нийт “Бизнес хийж болохгүй нь. Үүнийхээ төлөө буруутан болох нь” гэсэн шүүмжлэл хэлж байна?
-Бизнес хийж байгаа хүнд баталгаа байхгүй юм байна. Миний ах 1999 он буюу сургууль төгссөн жилээсээ эхлээд бизнесийн салбарт ажилласан. Ер нь хэн ч гэсэн компани байгуулж Нийслэлийн өмчит газартай хамтраад ажиллаж яагаад болохгүй гэж. Тэгж явсныхаа төлөө буруутан болохыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.
- Та Н.Энхбаяртай хамгийн ойрын хүн. Биеийнх нь байдал ямар байна?
-Биеийн байдал сайнгүй байна. Шударга үнэнийг тогтоох хүртлээ сэтгэл санаа, бие махбодь амгалан байна гэж үгүй шүү дээ.
-МАХН-ын хүрээ тэлсээр байна. Долоо хоногийн дотор МАН-ын 200 гаруй гишүүн МАХН-ын батлахаа сэргээж байна. Үүнийг дагаад танай нам руу дайрсан, давшилсан зүйл харагдах боллоо. Үүнд ямар дүгнэлт хийж байна вэ?
-Жижиг асуудлаар хөөцөлдөхөө болиоч гэж МАН-ынханд хэлмээр байна. АН ч гэсэн ялгаагүй. Манай намыг сэтгэл, үнэмшлээ дагасан залуус сонгож байна. Саяхан хүртэл манай намд харагдаж байгаагүй хэдэн залуус “МАХН-аас гарлаа” гэх хэвлэлийн хурал хийж байсан. Энэ намын дотоод ажилтай зууралдаж ажилладгийн хувьд хэлэхэд огт харж байгаагүй залуус МАХН-ыг муулж буй нь МАН-ын явуулга. Энэ бол арга ядсан хувилбар байхгүй юу.