Б.ТҮШИГ
Дагестаны тэргүүн Р.Абдулатипов Халимагийн нийслэл Элстэйд дагестан бөх Буддын хөшөөг бузарлан доромжилсонд албан ёсоор хүлцэл өчсөн захидлыг Халимагийн тэргүүн А.Орловт илгээсэн тухай “РИА Новости” агентлаг мэдээллээ. Тус захидалд, “Манай бүгд найрамдах улсын иргэний Элстэйд үйлдсэн бусармаг хэргийг Дагестанд эрс буруушаан хилэгнэн хүлээн авсан билээ. Бүдүүлэг харанхуй байдал, боловсрол хүмүүжлийн доголдол зэрэг нь өршөөж боломгүй ийм ичгүүртэй үйлдэлд хүргэсэн нь харамсалтай. Хойшид ийм зүйл гаргахгүйн тулд боломжтой бүх арга хэмжээг авах болно. Чөлөөт бөхийн багийн дасгалжуулагчийг халсан бөгөөд Дагестаны биеийн тамир, спортын сайдыг тамирчдын дунд хүмүүжлийн ажлыг зохих түвшинд хийгээгүй гэж үзэн донгодлоо” гэжээ.
Энэ сарын 2-нд шилжих шөнө Элстэйд чөлөөт бөхийн тэмцээнд оролцож байсан Дагестаны 22 настай тамирчин С.Османов багийн нөхдийнхөө хамт сүмд орон шээгээд Буддын баримлын хамар руу өшиглөжээ. Энэ бүхнээ тэрээр видео дүрсэнд буулган “Periscopе” нийтийн интернет сүлжээнд тавьсан юм.
Элстэйн оршин суугчид “Periscopе”-д тэрхүү видеог үзээд С.Османовын байрласан зочид буудалд ирж, түүнийг гудамжинд хүчээр гарган өвдөг сөгдүүлээд олны өмнө хүлцэл өчүүлсэн билээ. Удалгүй тэнд цагдаа нар хүрэлцэн ирж үндэстэн хоорондын зөрчил даамжирахаас сэргийлж, С.Османовыг саатуулан цагдаагийн хэлтэст аваачсан байна.
Энэхүү хэрэг явдлаас үүдэн Халимагт Дагестаны Засгийн газрын тэргүүн А.Гамидов яаравчлан хүрэлцэн ирж Халимагийн ард түмнээс хувиасаа болон нийт Дагестаны нэрийн өмнөөс уучлал гуйсан билээ.
Элстэй хотын шүүх С.Османовыг зургадугаар сарын 2 хүртэл хорих шийдвэр гаргажээ. Халимагийн соёл, аялал жуулчлалын дэд сайд Н.Санжиевын хэлснээр, Буддын бузарлагдсан хөшөөг ариутгах шашны тусгай зан үйл явуулахаар болсон байна.
Эх сурвалж: www.polit.mn