Ц.БАЯР

Шийдвэр гаргах төвшинд эмэгдтэйчүүдийн оролцоо үндэсний чуулган өнөөдөр / 04.05 / СТӨ-нд болж байна. УИХ-ын болон орон нутгийн сонгууль ойртож байгаа цаг үетэй давхцан эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцэж байна. Чуулганд 330 сумын, 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлийн ИТХ-д сонгогдсон 2200 гаруй эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 450 гаруй төлөөлөгч эмэгтэй, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг нийт  600 гаруй хүн оролцож байна. Чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн. Бүх шатны ИТХ-д сонгогдсон төлөөлөгчийн дунд эмэгтэйчүүд 27.3 хувийг эзэлж байна. Харин Засаг захиргааны төвшин ахих тусам эмэгтэйчүүдийн төлөөлөл багасдаг. Төр засагт үр нөлөөтэй ажиллаж чадах авъяаслаг эмэгтэйчүүд санхүү, нийгэм, эрх зүйн саад тотгороос шалтгаалан нэр дэвшиж чаддаггүй. Хэрэв эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшинд ажиллах юм бол эмэгтэйчүүд нийгэмд тустай шийдвэр гаргаж чаддаг гэдгийг УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүдийн жишээнээс харж болно. УИХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь 2012 оны сонгуулийн үр дүнд түүхэнд хамгийн бага үзүүлэлттэй байсан 3,9 хувиас 14,5 болж өссөн хэдий ч Мянганы зорилтын хувьд хүрээгүй. 2015 онд баталсан Сонгуулийн хуульд эмэгтэй нэр дэвшигчийн квотыг 30 хүртэл хувьд хүргэхээр нэмэгдүүлж баталсан нь сайшаалтай ч сонгуульд нэр дэвшүүлэхэд эмэгтэйчүүдийн шударга төлөөллийг хангахад намуудын хүсэл зориг чухал гэдгийг тэд хөндлөө.Чуулганы эхний хуралдааныг  УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг удирдаж УИХ-ын гишүүн Г.Уянга, Д.Оюунхорол, М.Батчимэг С.Одонтуяа нар илтгэл тавьсан. УИХ-ын гишүүн М.Батчимэг “ Засаглал ба эмэгтэйчүүд” илтгэлдээ   “Эмэгтэйчүүд эрх мэдэл, албан тушаал хуваалцах гэж улс төрд ордоггүй. Эмэгтэйчүүд улс орноо эмх цэгцтэй байлгах, эв эеийг хичээх, хөгжүүлэх гэж улс төрд ордог, үүрэг хүлээдэг. Тиймээс эмэгтэйчүүд эмх цэгцийг өөрсдөөсөө эхэлье. Эмэгтэйчүүд тайван тогтвортой амьдрал, хуулиа дээлдэг, сахилга бат дүрэм журамыг бий болгодог. Манай улс төрийн амьдралд ийм л зүйл дутагдаж байна. Үүнийг засахад эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшинд олноор гарах хэрэгтэй. Мөн эмэгтэйчүүд сэтгэл зүй, оюун санааны төвлөрөл, эрч хүч, эмх цэгцтэй байдлаар улс төрд  амжилт олно”  гэсэн. Түүнчлэн эмэгтэйчүүд олонтой компани борлуулалтаараа тэргүүлдэг  гэсэн судалгааг АНУ-ын  нэгэн байгууллага гаргасныг тэрээр дурьдсан. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “ Сум баг хорооны хэдхэн эмэгтэй Засаг дарыг эс тооцвол аймаг, нийслэл сум дүүрэгт нэг ч эмэгтэй Засаг даргагүй. Жендерийн тэгш байдлыг хангаж сонгуулийн хуульд эмэгтэй нэр дэвшигчийг 30 хүртэл хувиар квотыг нэмэгдүүлсэн ч энэ нь хангалтгүй” гэв. “ Эмэгтэй төлөөлөгчдийн үүрэг оролцоо” сэдэвт хуралдааныг  УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл удирдсан. Дорнод,Сүхбаатар, Ховд, Баянхонгор, Хэнтий, Завхан  аймгийн ИТХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүд илтгэл тавьсан. Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг дарга Я.Баасанхүүгийн тавьсан илтгэл сонирхолтой шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүд гарснаар нутаг орны хөгжил, нутгийн өнгө зүс хэрхэн сайжирсан. Архидалт гэмт хэргийн гаралт буурсан зэргийг бодит жишээгээр харуулсан. Энэ үеэр зарим эмэгтэйчүүдийн сэтгэгдлийг сонслоо.

 2d738d883fd6d6615c5f6b16f3adeb1bbig

01Завхан аймгийн Шилүүстэй сумын ИТХ-ын тэргүүлэгч, Засаг дарга Я.Баасанхүү: Эмэгтэй удирдлагатай сум орон нутагт хорт зуршил архидалт үгүй болдог

-Орон нутгийг хөгжүүлэх, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалттай биш. Эмэгтэйчүүдийг чамлах голох зэргээр сонгуульд оролцох эрхийг нь хязгаарлаж байдаг. Манай Шилүүстэй сумын тухайд сумын засаг дарга, ИТХ-ийн тэргүүлэгчдийн дарга хоёиулаа эмэгтэй. ИТХ-ын 46 хувь нь эмэгтэйчүүд  эзэлдэг. Шийдвэр гаргах төвшинд илүү олон эмэгтэйчүүд ажиллаж байна. Эмэгтэйчүүд олон байх тусам аливаа зүйлд ажигч гярхай, нямбай, эмх цэгцтэй, тавьсан зорилгодоо заавал хүрдэг энэ чанараар эрэгтэйчүүдээс илүү. Эмэгтэй удирдлагатай сум орон нутагт хорт зуршил архидалт үгүй болж гэмт хэрэг хэв журмын зөрчил багассан зэрэг сайн нөлөөтэй. Гадна дотны зочин ирэхэд сум орон нутгийн өнгө зүс сайжирсан байх жишээтэй.

02“Монголын Байгаль Орчины Иргэний Зөвлөл”-ийн тэргүүн Л.Оюунчимэг : Эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдээ дэмжье

-1998 онд би Сэлэнгэ аймгийн “Лебарал эмэгтэйчүүдийн оюуны сан”-гийн  тэргүүн байсан. Тэр үед манай аймгийн шийдвэр гаргах төвшинд нэг ч эмэгтэй төлөөлөлгүй. Суманд 3-4 төлөөлөгч байсан. 20 жилийн дараа эргээд харахад бидний бэлтгэсэн 40-50 орчим эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшинд байна. Тэд байгаль орчины, эх хүүхдийг хамгаалах чиглэлээр ТББ байгуулж  үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг илрэл нь байгаль орчины ногоон парламентын гишүүн “Экологи  сэтгүүл”-ийн сэтгүүлчийн хувьд улсын тэргүүний  Мандал суманд “Ном эрдэм төв”-ийг байгуулахаар ажиллаж байна. Монголын эмэгтэйчүүдийн тал хувь нь эмэгтэйчүүд. Тиймээс эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдээ дэмжвэл маш том хүч бий. Шат шатанд өөрсдийнхөө давуу талыг ашиглаж шийдвэр гаргах төвшинд олуулаа болж чадвал өнөөдрийн яригдаад байгаа хямрал,ороо бусгаа байдал, үл ойлголцлыг даван туулж чадах юм.

Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Дулмаа: Эмэгтэйчүүд нэгдэж  ажиллаж чадвал үр дүнтэй

-Баянхонгор аймгийн эмэгтэйчүүд нэгдэж шийдвэр гаргах төвшинд орон нутагт тулгамдсан асуудлаар санал санаачлага гаргаж, хөтөлбөр боловсруулж ажилснаар эрүүл мэнд боловсролын байгуулагуудад ахиц дэвшил гарсан. Хүүхдийн гар угаалтад онцгой анхаарч тусгай хөтөлбөр хэрэгжүүлснээр халварт өвчин гаралт буурсан. Эмэгтэйчүүд нэгдэж, бие биеээ хүлээн зөвшөөрч нам гэж туйлшралгүй ажиллаж чадвал үр дүнтэйг бид харуулж чадсан.

Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Урансувд: Эмэгтэйчүүд хүйсийн давуу талаа ашиглая

-Гэр бүлийн оролцоонд эмэгтэйчүүд ямар их үүрэгтэй байдгийн адилаар улс орны шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг цаг тутамд мэдрүүлж байна. Дорнод,Сүхбаатар, Хэнтий аймгийн хүн амын хүйсийн 50 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг ба шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 28 хувьтай байгаа нь чамлалтай. Түүнчлэн  2008 оны сонгуулийн үр дүнг 2012 онтой харьцуулахад эмэгтэйчүүдийн эзлэх хувь буурсан. Тиймээс эмэгтэйчүүд өөрсдөө эмэгтэйчүүдээ дэмжих нь чухал юм.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: “Эх орны эмэгтэйчүүд цахим сүлжээг” санаачлан эхлүүллээ  

Үндэсний чуулганы үдээс хойшхи хуралдааныг нээж УИХ-ын гишүүн, АЭХ-ны тэргүүн С.Одонтуяа илтгэл тавилаа. Тэрбээр УИХ-ын хамгийн сүүлийн сонгуулийн үр дүнд Парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 14,5 хувь болж өссөн ч дэлхийн дундаж болох 21,9 хувиас доогуур байгааг онцолж, 2012 онд УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд анх удаа намын харъяалал харгалзахгүйгээр Эмэгтэйчүүдийн бүлэг байгуулж, аюулгүй байдал, байгаль орчин, эрүүл мэнд, гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн асуудалтай холбоотой олон чухал хуулийг батлуулахад онцгой үүрэг гүйцэтгэснийг сайшаасан юм. С.Одонтуяа гишүүн цааш нь хэлэхдээ “Миний бие Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүнээр сонгогдоод хоёр сар болж байна. Энэ хугацаанд хөдөө орон нутагт ажиллаж АН-ынхаа бүх аймаг, дүүргийн удирдах ажилтны зөвлөлгөөнд оролцож, бүх шатны сонгуульд эмэгтэйчүүдийг дэмжихийг намынхаа удирдлагууд, гишүүдэд уриаллаа. Улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж байгаагаас гадна үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр орныхоо ажлыг давхар нуруундаа үүрч байдаг эмэгтэйчүүд бидэнд хаана байгаагаасаа үл хамаааран асуудлаа хамтран шийдэх асар том боломжийг шинэ зууны цахим ертөнц буюу “Зөөлөн дэд бүтэц” олгож байна. Өнөөдөр цахим ертөнцөд үзэл бодол, хүсэл сонирхлоороо нэгдсэн олон группүүд идэвхтэй ажиллаж байна. Эдгээр ашигтай, амьдралд хэрэгтэй, сургамжтай зөвлөгөө, нөү хау, амьдралын түүхүүд, шийдэл хичнээн олон эмэгтэйчүүдийн амьдралыг өөрчилж, урамшуулж, зоригжуулж байгааг тооцож баршгүй. Түүнчлэн олон улсад эмэгтэйчүүдийн эрх ашгийг нэгтгэсэн цахим сүлжээнүүд амжилттай ажиллаж байна. Тиймээс бид “Эх орны эмэгтэйчүүд цахим сүлжээг“ санаачлан эхлүүлж байна. Энэ бол хэн нэгний, аль нэг намын бус Монгол эмэгтэйчүүдийн асуудлаа хамтран хэлэлцэж шийдэхиндэр байх болно. Энэхүү сүлжээнд Монгол улсын өнцөг булан бүрт байгаа эмэгтэйчүүд нэгдэхээс гадна гадаад улс оронд амьдарч байгаа монгол эмэгтэйчүүд нэгдэн орж асуудлаа хэлэлцсэнээр цаг алдалгүй шийдлээ олох боломжийг нээх зорилготой юм.” гэлээ. Тэрбээр илтгэлээ өөрийнхөө байнга хэлэх дуртай “Эрчүүд алсын онч хараатай байдаг бол эмэгтэйчүүд бид хараандаа бүх асуудлыг зэрэг байлгах чадвартай.” гэсэн ишлэлээр төгсгөв.

Эх сурвалж:www.zms.mn