М.Цэцэг

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр УИХ-ын чуулганы танхимын өмнөх индрээс мэдэгдэл хийлээ. Тэрээр өмнө нь УИХ-ын чуулганыг хаалттай зохион байгуулж, улс оронд болж бүтэхгүй байгаа зүйл, тусгаар тогтнол, эв нэгдлийн талаар ний нуугүй хэлэлцье хэмээн танхимын гишүүддээ уриалж байсан ч бүтээгүй. Хэрэв хаалттай чуулган хуралдуулсан бол түүн дээр хэлэхээр зэхэж байсан үгээ энэ удаад хэвлэлийнхний өмнө нээлттэй хэлж байгаа гэдгээ онцлов. Түүний мэдэгдлийг бүхэн эхээр нь хүргэж байна.

Н.Алтанхуяг:

-Манай ард түмэн хоёрхон сарын дараа сонголтоо хийх гэж байна. Маргааш энд УИХ-ын хаврын чуулган эхэлнэ. Ийм хариуцлагатай цаг үед би ард түмэндээ тодорхой зүйлсийг анхааруулж, мэдэгдэхээс өөр аргагүй байдалд хүрлээ.

Өнгөрсөн намрын чуулганаар би Монгол төр үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадаж байгаа юу, УИХ-ын бие даасан байдал бодитой байна уу, үгүй юу, ер нь монголын төрийг хэн удирдаж байна вэ зэрэг үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой асуудлаар хаалттай хуралдаан хийж нэг сайн ярилцаад асуудлуудаа шийдье гэж удаа дараа хүсэлт тавьсан. Гэвч харамсалтай нь миний саналыг хүлээж авсангүй, хоёр чуулган дамжаад энэ асуудлыг ярьсангүй. Тиймээс хаалттай чуулган дээр ярих байсан зарим зүйлээ монголчууддаа нээлттэй хэлэхээс өөр аргагүй боллоо.

Хоёрхон сарын дараа болох сонгуулиар хэрэг зохиож, хүний хувь тавилангаар тоглодог хуйвалдагчид хэрээс хэтэрч, зохиомол, магадгүй тоглоомын УИХ-ыг бий болгох хуйвалдааны нөхцөл өнөөдөр бүрдчихээд байна. Өнөөгийн эдийн засгийн хямралт байдлын уг сурвалж нь шударга ёсны хямрал. Өнөөдөр монголын төрд, Монгол Улсад шударга ёсны хямрал нүүрлэчихээд байна. Өнөөдөр монголын төр хүчгүйдэж, сульдаж байгаа мэтээр харагдуулсны цаад талд  хуйвалдааны төр улам хүчирхэгжээд байна. Эх орноо гэх сэтгэлгүй, ханаж цаддаггүй шуналтай хүмүүс төрийн эрх мэдлийг хувийнхаа явцуу зорилгодоо увайгүй ашиглаж, монгол хүн монголдоо сайхан амьдрах хүслийг нухчин дарж, Засгийн газрыг хүртэл огцрууллаа. Тэд төрөө хутган үймүүлж, баялаг бүтээгчдээ айдас хүйдэст автуулж, хуулийн нэрээр далайлган, айлгаж, мөнгө, бизнес, лицензийг нь ил тод дээрэмдэж байна.

Төрийнхөө төлөө ажиллаж байгаа төрийн албан хаагчид ч хэрэгтэн болж нэр хүнд, хувь тавилангаараа хохирч байна. Ер нь энэ хуйвалдааны төр монголын ард түмний хүсэл захиалгаар бий болсон Ардчилсан намын нэр хүндэд зориудаар халдаж байна. Ардчилсан намын хийсэн бүтээсэн бүхнийг үгүйсгэн харлуулж, энэ нам засаглаж чаддагүй, хоорондоо хагараад ажил хийдэггүй гэж харагдуулах ажлуудыг зориуд санаатайгаар зохион байгуулсаар, үргэлжлүүлсээр байна. Энэ хуйвалдаанд сөрөг хүчин гэх МАН чимээгүйхэн шиг гэтээд, баясаад сууж байгааг бас бүү март.

Хуйвалдааны төр бүлэглэл үүсгэсэн. Хууль хяналтын байгууллагыг бохир зорилгодоо ашигладаг болсон. Тэд таалагдаагүй, барьцаалах боломжгүй, золиослох шаардлагатай хүмүүсээ тэр шударга бусын хонгилоор ямар ч шударга ёсны хэмжүүргүйгээр зохиомол хэрэг үүсгэж, ялтан хэрэгтэн болгож чадаж байна. Тэд ашиглах гэсэн зарим хүнийхээ шийдвэр гаргах эрхийг сүрдүүлээд, барьцаалаад сейфэнд нь хийгээд цоожилчихдог болсон. Цоожтой сейфэнд чухал шийдвэр гаргагчдын эрх мэдлийг барьцаалсан энэ хуйвалдагчид Монгол Улсын тусгаар тогтнол, халдашгүй байдалд аюул занал учруулахуйц хэмжээний эрх мэдэлтэй болж, хүссэн шийдвэрээ зоргоороо гаргадаг боллоо. Үүний нэг жишээ нь Шинэчлэлийн Засгийн газрыг хуйвалдан огцруулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авснаас шууд харагдаж байгаа юм. Энэ хуйвалдагчид ард иргэдийн амьдралд хэрэгтэй бүтээн байгуулалтын ажлуудыг гацааж, иргэдийнхээ төлөө ажилласан хүнийг ялтан болгож, иргэдийг өрөөр айлгаж, зохиомол дуулиан шуугиан үүсгэж, хооронд нь талцуулан хагаралдуулж, санаатайгаар бүх зүйлсийг эмх замбараагүй байдалд оруулж байна. Монголын ард түмний баялгийг хуйвалдан мөлжиж хүчирхэгжсэн бүлэглэл Монгол Улсыг хуваан эзэмших увайгүй оролдлого хийж байгаад "Битгий давар" гэж хэлэх цаг болжээ.

"Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээдэг" гэж ардын зүйр үг бий. Энэ бүхнийг удирдан зохион байгуулж байгаа хүмүүсийн нэгийг өнөөдөр би нэр цохон хэлэхээс өөр аргагүй боллоо. Хүн бүхэн мэдэж байгаа боловч хэн ч тэр хүнийг зориглон нэрлэж чаддаггүй. Яагаад гэвэл тэр хүмүүсийн үүсгэн байгуулсан шударга бусын хонгилоос айдаг, хэлмэгдэхээсээ айдаг болсон. Гэсэн ч Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө хэлэх нь зүйтэй гэж үзлээ. Тэр хүн бол "Шударга байцгаая" гэж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүнтэй үгсэн хуйвалдагч төрөөс төрсөн тэрбумтны бүлэглэл энэ мэдэгдлийн араас ашиг хонжоогоо хувааж чадахгүй арсалдаж байгаа амин найзуудтайгаа намайг хамаатуулаад "Авлигатай тэмцэх ч амаргүй ажил юм. Энэ амаргүй ажилд маань саад учруулж байгаа" мэтээр ард түмнээсээ тусламж хүсч жүжиглэнэ гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

Миний өнөөдрийн мэдэгдэл амь нас, ойр дотны хүмүүст маань аюултай. Гэсэн ч надад айх зүйл алга. Өөртэй нь үгсэн хуйвалддаггүй, өөрийнх нь бүлэглэлд ордоггүй учраас над руу ирж байсан асар их гүтгэлэг, доромжлол, дарамт, шахалт, нухчин дарах ажиллагаа өнөөдрөөс бүр илүү идэвхжих нь тодорхой. Угаасаа хоёр гурван жилийн туршид асар их материалыг бэлдсэн байгаа.

Ардчиллаа хамгаалж үлдэх цаг ирсэн. Ард түмэн айдас, талцлаасаа хагацах цаг болсон. Авлигачид худлаа ярьж, нөхдөө хорьж, намаа бутаргаж, улсаа худалддаг тэр цаг дууссан. Монголын маань заяа их юм. Монгол хүний ухаан уужим, хараа хол. Үеийн үед юугаа ч зориулахад бэлэн эх орончид байдаг учраас Монгол оршдог. Цаашид ч Монгол үүрд оршин тогтнох болно. Шударга ёсны төлөөх тэмцэлд Ардчилсан намынхаа гишүүд, дэмжигчид, монголынхоо ард түмнийг уриалж байна. Шударга ёсны хямралыг зогсоож, шударга ёсыг жинхэнээр нь тогтоохын төлөө би эцсээ хүртэл тэмцэх болно. Бидний Монгол үүрд бадраг.