С.САРУУЛ

Гадаа гандаж, хөдөө хөхөрч явдаг малчид нэгэн өдрийг нийслэлд өнгөрүүллээ. Тэд номын дуу сонсч, бичиг үсэгтэй нөхөрлөж өнжсөн юм. Энэ бол өчигдөр /2016.04.01/ Хөдөлмөрийн сайдын санаачилгаар залуу малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэднийг сургах, ахмад үеийн малч ухааныг өвлүүлэх сургалтын агуулга, арга хэлбэрийг тодорхойлох зорилготой зохион байгуулсан “Малчны залуу халаа” уулзалт хэлэлцүүлэг.  Хөдөлмөрийн яамнаас малчдад илгээсэн урилгын дагуу Төв, Хэнтий, Баянхонгор, Дундговь, Булган зэрэг аймгаас 120 орчим хүн иржээ. Сүүлийн үед мал маллах залуус ховордож байгаа бөгөөд тоон мэдээнээс харахад жил ирэх тусам залуу малчид 1-2 хувиар буурч байгааг албаныхан хэлж байлаа. Тиймээс малчдын залуу халааг хэрхэн бэлтгэх, мөн малчдад тулгамдаж байгаа асуудал зэргээр салбарын сайдаас эхлээд төрийн байгууллагуудын төлөөлөл, малчид илэн далангүй санал бодлоо солилцлоо.

Уулзалтын үеэр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хүрэлцэн ирсэн малчдад талархал илэрхийлээд “Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 18 орчим хувийг үйлдвэрлэж, нийт ажиллах хүчний 30 орчим хувийг ажлын байраар хангадаг гэдэг утгаараа төрийн бодлогын төвд байдаг. Тэгээд ч улс орны эдийн засгийн өсөлтийг уул уурхайн салбараар төсөөлж харахаас илүүтэй буянт мал сүргийнхээ ашиг шимийг дээшлүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засгийн эргэлтийг сайжруулж, малчид, фермер эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний нэмүү өртөг бий болгоход анхаарах шаардлага тулгарч байгааг онцолсон юм. Тэрбээр мөн “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогоор дэд хөтөлбөрүүд батлагдсан. “Сайн малчин” дунд хугацааны хөтөлбөр, Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр малчдад зориулсан банкны зээлийн хүүг бууруулсан нь өрхийн амьжиргааг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг өсгөх, үйлдвэрлэлд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх боломжийг бий болгож байна.  Түүнчлэн мах болон мал аж ахуйн түүхий эдийн үнэ унаж, малчид бэлэн мөнгөний хомсдолд орж байгааг анхаарч тэдэнд зориулсан зээлийн хүүг бууруулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна. Манай Хөдөлмөрийн яам хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаагийн нэг нь Малчны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр юм.  Хөтөлбөрийн хүрээнд малчдад мал маллагааны арга ажиллагааны болон аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах арга хэмжээг хэрэгжүүлж, шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр ханган 9568 иргэнийг сургалтад хамруулж, 4821 байнгын ажлын байрыг бий болгоод байна.Засгийн газраас малчдын хөдөлмөр эрхлэлт, мал аж ахуйн салбар, холбогдох үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа тул мал сүргийн тоо толгойг өсгөх, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ажиллах хүчний эрэлт хэрэгцээ их байна” гэдгийг онцоллоо.

Мэргэжлийн боловсрол, сургалтын есөн байгууллагад эрчимжсэн мал аж ахуйн фермер мэргэжлээр 157, малын эмчээр 57, малын асаргаа мэргэжлээр 38 гээд нийтдээ 252 хүн сурч байгаа нь Монгол Улсын эдийн засгийн гол салбар болсон уламжлалт мал аж ахуй орхигдож буйг илтгэж байгаа аж. Түүнчлэн малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэн малчны мэдлэг, ур чадварт үндэслэн малчин мэргэжлийн зэргийг тодорхойлох, түүнд тохирсон нийгмийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай. Сайн, туршлагатай малчны амьдралын арга ухааныг мэргэжлийн боловсрол, сургалттай хослуулан шинэ залуу малчдаа сургаж бэлтгэх эрэлт хэрэгцээ байгаа учраас залуу малчдыг бэлтгэх мэргэжлийн сургалтын агуулга, арга хэлбэрийг тодорхойлж хэлэлцүүлэгт ирсэн малчдын санал, зөвлөгөөг үндэслэн МСҮТ-үүдээр дамжуулан малчны залуу халааг бэлтгэх юм байна.

ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлого зохицуулалтын газрын дарга С.Жавхлан “Малчдын талаар төрөөс баримтлах бодлогын талаар малчдад танилцуулсан юм. Тэрээр “Жил ирэх тусам залуу малчдын тоо буурч байна. Тиймээс мал аж ахуйн салбарыг төрөөс дэмжиж, холбогдох хууль тогтоомжийг батлуулахаар ажиллаж байна. Малчдын Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийг жил хоёр сараар ажилласан хугацаанд тооцно. Мөн малын хулгай, гоц халдварт өвчин гээд малчдад төлбөргүй санал зөвлөгөө өгдөг 109 утсыг ажиллуулж эхэлсэн. Малчын ипотекийн зээл, Сайн малчин, мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр гээд малчдад зориулсан олон хөтөлбөр хэрэгжиж байна. Эрүүл бүсийн махыг экспортод гаргаж эхэлсэн. Цаашид өөр улс оронд мах гаргахаар судалж байгаа” зэрэг мэдээллийг малчдад өгсөн юм.

Хөдөөд сайхан амьдрах боломж байна

Хэлэлцүүлэгт  Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас ирж оролцож буй залуу малчин Г.Ганхүлэгийн сэтгэгдлийг сонссон юм. Би суурин газар амьдарч байгаад сүүлийн 4-5 жил мал маллаж байна. Залуу хүмүүсийн ихэнх нь биеийн амрыг бодож, дээр нь орлогын эх үүсвэр багатай учраас мал маллахаас халширч байх шиг байна. Малчид зөвхөн малынхаа түүхий эдээр орлогоо олж, амьдралаа залгуулдаг. Энэ жил  аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ унасан учраас малчид хэцүүхэн байдалд байна. Мөн манай аймагт ноолуур гарсан ч үнэ тааруухан байна. Өнгөрсөн жил 70 мянгатай байсан ноолуур энэ жил 50 дөнгөж хүрч байна. Залуучууд зориглоод мал маллаад явах юм бол хөдөөд сайхан амьдрах боломж байна.

Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр нь малчдад мал маллагааны арга ажиллагааны болон аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах, хадлан тэжээл бэлтгэх, сүү цагаан идээ болон мал аж ахуйн багаж, тоног төхөөрөмж худалдан авахад дэмжлэг үзүүлэхэд зорилготой юм. Уг хөтөлбөрт зөвхөн 2015 онд нийт 2385 малчин өрхийн 4497 иргэнийг хамруулж 6.4 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Үүнээс малжуулах арга хэмжээнд нийт 1194 өрхийн 2399 малчныг хамруулсан. Мөн мал маллах сургалтанд 252 малчныг хамруулж, малын хашаа хороо барих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах дэмжлэг туслалцааг 269 малчинд үзүүлж, шавь сургалтыг  16 малчин өрхөд явуулан 20 дадлагажуулагч малчныг хамруулсан байна. Малчдын дунд зохион байгуулсан аж ахуй эрхлэлтийн сургалтанд 497 малчин өрхийн 547, туршлага солилцох уулзалтанд 314 иргэн оролцжээ.

Эх сурвалж: www.polit.mn