М.ХҮСЛЭН
АНУ-ын нийслэл Вашингтон хотод өнөөдөр Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний чуулган эхэллээ. Дэлхийн 52 орны төлөөлөгчид хүрэлцэн ирсэн дээд хэмжээний чуулга уулзалтын гол сэдэв цөмийн терроризмээс ирэх аюул заналхийлэлтэй хэрхэн тэмцэх тухай аж.
Цөмийн аюулгүй байдлын чуулга уулзалтын өмнө болсон хэвлэлийн хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлыг эрхэлсэн туслахын орлогч Бен Родс хэлсэн үгэндээ “Өмнөх хэд, хэдэн чуулга уулзалтад бид цөмийн аюулгүй байдлын асуудал, цөмийн материалыг хадгалах болон цөмийн зэвсгийг террористуудын гарт очихоос сэргийлэх зэрэгт анхаарлаа хандуулсан. Хэт даврагчид цөмийн зэвсэгтэй болохыг хүсдэг нь тодорхой. Тэд цөмийн хошуутай пуужинтай болохыг хичээдэг. Тухайлбал, “Аль-Кайда” болон “Исламын улс” бүлэглэл зэрэг байгууллага” гэв. Цагаан ордны төлөөлөгчийн мэдээлснээр энэ удаагийн чуулга уулзалтад оролцогчид “Исламын улс” байгууллагын зүгээс ирэх аюул заналыг голлон авч хэлэлцэхээр болжээ. Тодорхой хэлэхэд цөмийн зэвсгийг террористуудын гарт очихоос урьдчилан сэргийлэх асуудлыг онцгойлон авч үзнэ.
Одоогоор “Исламын улс” бүлэглэл болон бусад алан хядах байгуулагынхан цөмийн зэвсэгтэй болох тухай ямар нэгэн баримт байхгүй. Гэвч тэд цөмийн зэвсэгтэй болохыг хөөцөлдөж магадгүй гэсэн таамаг л явж байна.
Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний чуулган хоёр өдөр үргэлжилнэ. Эхний өдөр ёслолын голдуу үйл ажиллагаа болно. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама төлөөлөгчдөд Цагаан ордонд хүндэтгэлийн зоог барина. Харин хоёр дахь өдөр чуулганы гол гурван хурал болно. Энэ өдөр хэд, хэдэн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, чуулганаар баталсан шийдвэрүүдийг ажил хэрэг болгохыг хянах ажлын хэсэг байгуулах юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин