Үүнд хууль ёсны хариу өгөх, заримыг холбогдох бодлогын хэлтсээр судлуулж хариу өгүүлэх гээд ажил их. Иргэд өмнө нь даваа гаригийн 17:00 цагаас хойш Засаг даргатай уулздаг байсан. Миний хувьд төрийн бодлогыг иргэдэд нээлттэй тэдэн рүү чиглүүлэх бодолтой ажиллаж байгаа учир томилолтоор ийш, тийш яваагүй үедээ иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээж авч уулздаг. Тэдэнд нээлттэй байж чөлөөтэй уулзъя гэдэг үүднээс цагийн хуваарь тогтоогоогүй. Иргэд үүнд таатай ханддаг юм билээ.

-Та Засаг даргын албыг аваад хэдхэн сар болж байгаа. Энэ хугацаанд хийсэн ажлаасаа онцолж дурдаач?
-Ажил хүлээж аваад таван сар гаруй болж байна. Хуучин нэг агентлаг хариуцан ажиллаж байсан. Тэгэхэд нэг чиглэлийн асуудлыг шийдэхэд амархан байлаа. Одоо бол Засаг дарга, мөн намын дарга гээд нэр хүндтэй, хариуцлагатай хоёр албыг хүлээж авлаа. Итгэл хүлээлгэсэн хүмүүсийнхээ итгэлийг яаж дааж ажиллах вэ гэж санаа зовж байсан. Ажилтайгаа дөнгөж танилцаад УИХ-ын сонгууль болсон учир сонгуулийн кампанит ажил руу орсон. Бусад нөхдийнхөө мэдлэг, туршлагыг дайчлан ажиллаж манай намаас УИХ-д нэг гишүүн сонгогдсон нь амжилт гэж бодож байгаа. УИХ-ын сонгууль дуусаад улсын баяр наадмын бэлтгэл ажил угтсан. Манай аймгийнхан өргөн дэлгэр наадамлаж иргэд маань өндөр сэтгэгдэлтэй байгаа. Анх удаа 256 бөх барилдаж аймгийн шинэ арслан, харцага, начин цолтнууд төрлөө. Анх удаа орон нутагт есөн насны морь уралдлаа. Өнгөрсөн дөрвөн жилд бидний хийсэн том ажлын нэг бол 6000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барьсан. Энэ цэнгэлдэх хүрээлэндээ цэргийн, хүчний байгууллагуудын парадыг анх удаа зохион байгуулсан. Манайхан өргөн дэлгэр сайхан наадамласан. Харамсалтай нь наадмын дараа хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж манай аймаг анх удаа гамшигт өртсөн. Аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж найман ажлын хэсэг байгуулж шуурхай ажилласан. Харамсалтай нь хоёр хүний алтан амь эрсдэж, олон автомашин үерт урссан, хотын зам үерт автсан, далан, суваг шуудуу гэмтсэн. Гэр хорооллын 200 гаруй өрх үерийн усанд автаж, орон сууцны хонгилд ажилладаг байгууллагууд хохирсон. Улсын чанартай гүүр эвдэрч, өндөр хүчдэлийн шугам гэмтсэн гээд 7,4 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар 398 сая төгрөгийн хохирлыг барагдуулахаар шийдсэн байна. Энд голдуу төрийн байгууллагуудын хохирол орсон. Гамшгийн тухай хуульд гамшиг осол болсон нөхцөлд хохирлыг тухайн аж ахуйн нэгж, иргэд хариуцана гэсэн болохоор энэ асуудлыг шийдэж өгөөгүй. Тэгэхээр бид орон нутагтаа асуудлаа шийдсэн. Манай уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийнхэн ч их тусалсан. Асуудлыг шийдэхийн тулд нийгмийн чиглэлийн ТББ-уудад хандан ажиллаж байна. Тэгсэн ч гомдол тасраагүй хүмүүс бий. Хохирлыг барагдуулж арай дуусаагүй байна. Машин явах аргагүй болсон замаа энэ оны хөрөнгө оруулалтын ажлын тендерийн хэмнэлт, Засаг даргын нөөц сан, гамшгийн сан зэргээс хөрөнгө гаргаж зассан. Манай гэр хороолол хот төлөвлөлтийн дагуу яваагүй учир үерийн далан, хамгаалалт байхгүйгээс айл өрх их өртсөн. Ирэх жилээс 20 гаруй км үерийн далан барих зураг төсөл гаргаж зохих хөрөнгө гаргаад эхлүүлсэн. Аймагт ирсэн УИХ-ын дарга, гишүүдэд энэ тухай саналаа уламжилсан. Ингээд үерийн ажилтай зууралдаж байтал иргэдийн амралт эхэлсэн. Хүмүүстээ богино хугацаанд амрах үүрэг даалгавар өгөөд ажилдаа орцгоосон. Би ч амарч амжсангүй.
-Танайх эртнээс цэвэр хот гэдгээрээ бусаддаа үлгэрлэдэг. Таныг сүүлийн үед хогийн цэг дээр нэлээд ажиллаж байгаа гэж сонссон. Эрдэнэт цэвэр гэсэн “имиж”-ээ хадгалж чаддаг уу?
-Манай аймаг цэвэр хотоор нэрлэгддэг байсан. Энэ нэрээ хадгалахын тулд хот тохижилтын асуудал, хог цэвэрлэгээний ажлуудыг нэлээд хийж байна. Энэ чиглэлээр ажлын хэсэг гаргаж сарын аян зохион байгуулсан. Ажлаа аваад эзэнгүй дүүргийн орчин тойрны цэвэрлэгээг зохион байгууллаа. Харамсалтай нь иргэд маань ухамсаргүй хандаж хашааны хогоо хаа хамаагүй газар хаяснаас байгаль орчин бохирдож байна. Ямар боловч эхний ээлжинд хогийн цэг дээр хогоо шууд буулгах боломжтой байхаар зам зассан. Одоо нүхээ ухаж, дарах ажлыг зохион байгуулж байна. Мөн хотын гэрэлтүүлгээ дахин сэргээх, шинэчлэх, бүгдийг нь асдаг болгох гэх мэт хот тохижилт, эрүүл, цэвэр орчин бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Өнгөрсөн дөрвөн жилд аймгийн хэмжээнд мөш их хөрөнгө оруулалтын ажлыг хийсэн. Ялангуяа автозамыг сэргээж шинэчлэх, гэр хорооллоо хатуу хучилттай замтай болгох, энэ талаар цаашид хийх ажил их бий. Түүнийгээ төсөвт хөтөлбөрт тусгуулаад явж байна. Мөн олон сургууль, цэцэрлэгийн байр барьж ашиглалтад өгч байна. Явц нь удааширч байгаа ажил бий. Тендерт ялагдсан компани нь шүүхэд асуудал үүсгэдэг, тэгээд уддаг ажил байгаа.
-Таныг өмнөх Засаг даргын бодлогыг залгамжлагч гэж хэлж болох байх. Та энэ аймгийг цаашид авч явах ямар бодолтой ирсэн бэ?
-Тийм шүү. 2008-2012 оны сонгуулийн дөрвөн жилд өмнөх Засаг дарга маань мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэл, бүх зүйлээ боловсруулж ажиллаж байсан. Түүнийг нь үргэлжлүүлэн ажиллаж байна. Минийх гэсэн мөрийн хөтөлбөр байхгүй. Яагаад гэвэл энэ богино хугацаанд хөтөлбөр боловсруулах хугацаа алга, тийм шаардлага ч байхгүй. Тиймээс өмнөх ажлыг нь үргэлжлүүлж байгаа. Миний хувьд өмнөх Засаг дарга ажлаа хангалттай сайн хийсэн гэж үздэг. Манай аймагт зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалт, засвар, шинэчлэлтийн ажлууд бүгд тусгагдсан мөрийн хөтөлбөртэй байсан. Түүнийг нь бүрэн хэрэгжүүлээд дуусч байна.
-Та Засаг даргаас гадна намын даргын ажилтай. Хоёр сарын дараа орон нутгийн сонгууль болно. Орон нутгийн удирдлагын хувьд хуулийн талаар ямар бодолтой байгаа вэ?
-Орон нутгийн сонгуулийн тухай хууль нэг намын эрх ашгийг хамгаалсан хууль болсон. Учир нь хуулийг хэлэлцэхэд Ардын намын гишүүд оролцоогүй, саналыг нь тусгаагүй. Орон нутагт саналын хуудсыг автомат машинаар тоолж, сонгуулийг холимог хувилбараар явуулна гэж байгаа. Иргэд өөрсдийнхөө төлөөллийг сонгох нь шударга сонголт гэж боддог. Түүнээс намын жагсаалтаар хэн дуртай нь сонгогдох учир дутагдалтай. Тэд иргэдийг төлөөлж ажиллаж чадах уу, үгүй юу гэдгийг бодолцох ёстой. Зөвхөн тойргоос сонгогдсон хүн иргэдийн төлөө ажиллаж чадна байх. Заавал тийм үнэтэй машинаар санал тоолох шаардлагатай эсэхэд иргэд эргэлздэг. УИХ-ын сонгуулийн үеэр ч ийм шүүмжлэл өрнөж байсан. Иргэд, нам, нэр дэвшигчид аль, аль нь эргэлздэг. Орон нутгийн сонгуулиар хяналтын гар тооллогыг явуулвал буруудахгүй. Манайхан түүхэндээ ийм орой сонгууль явуулж байгаагүй. Малчид өвөлжөөндөө буусан, хүйтэн, өдөр богино болсон үед сонгуулиа өгч амжих уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй. Манай аймгийн хувьд малчид цөөхөн учир бусад аймгийг бодвол хүндрэл арай бага болов уу.
-Сайд, дарга нарыг ирэх үеэр эрдэнэтийнхний байнга ярьдаг нэг сэдэв нь “Зэс эрдэнийн хувь” хувьцаат компани. Нутгийнханд ашигтай, ашиггүй гэх зэргээр асуудал хөнддөг. Энэ юу болсон бэ?
-Орон нутгийн иргэдийн төлөө хийж байгаа ажил гэж анхнаас нь бид дэмжсэн. “Эрдэнэт” үйлдвэрээс овоолгыг нь авч, түүнээсээ дээж авч туршилт явуулах, техник эдийн засгийн үндсэн үзүүлэлт хийх боломж нөхцлийг хангаж өгсөн. Харамсалтай нь тэд УИХ-ын сонгуулийн дараа таг болсон. Тэгэхээр улс төрийн зорилготой байсан болов уу. Түүнээс иргэдийн төлөө явж байгаа бол дэмжинэ. Миний хувьд ч гэсэн иргэдийн төлөө ажиллая гэсэн хүн болгоныг дэмжихэд бэлэн байгаа. Орхон аймгийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй, бүтээн байгуулалт хийж байгаа, иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлье гэсэн санал, санаачилга гаргаж буй хүмүүсийг би дэмжинэ.
-Бас нэг улиг болсон асуулт байна. Танай аймагт Бурхан багшийн сэрэг дүр гээд олон жил ярьсан ажил бий. Энэ талаар юу хэлэх вэ?
-Олон жил яриад дуусдаггүй, иргэдийн маань итгэл алдарсан ажлууд байсан. Энэ бүгдийг хөөцөлдөж Бурхан багшийнхаа сэрэг дүрийг амилуулж, равнайлж, шүншиглэж дууссан. Бурхан багшийнхаа суурь, сүм дуганыг бүрэн дуусгасан. Тохижилтын ажил хөрөнгө мөнгөгүйгээс хийж болохгүй байна. Иргэд сүсэгтэн олон маань бурхан багшид хандив, буян өргөх санал их ирж байгаа. Тэгэхээр сүсэгтэн олныхоо хандив буянаар орчны тохижилтыг удахгүй хийчих болов уу. Маш том цэцэрлэгт хүрээлэн байгуулж олон мод тарина. Орхон аймгийн маань иргэд тэнд очиж салхилж, чөлөөт цагаа зөв өнгөрүүлж, цогцолбортой танилцаж, бурхан багшдаа мөргөдөг байх сайхан орчныг бүрдүүлэх бодолтой байна. Бурхан багшийн маань сэрэг дүр Орхон аймагт төдийгүй Монголд байхгүй, Азид дээгүүрт орох бурхан шашны, урлагийн бүтээл болсон.
-Эрдэнэтийнхний хүлээлттэй байгаа нэг асуудал нь долдугаар хороолол. Тендерт орж ажил авчихаад хаячихдаг хариуцлагагүй компаниудаас болоод бүтээн байгуулалтын ажил удаж байна уу?
-Яахын аргагүй энэ бол олон жил болсон ажил, манай аймгийнхны уйдсан асуудлуудын нэг. Анхны компани нь тэр дор нь хийнэ гэж газар авсан ч олон жил боллоо. Ажлаа хийдэггүй, барьсан барилгууд нь чанар муутай болсон. Тиймээс өмнөх Засаг дарга энэ ажлыг явахгүй байгаа учир өөр компанид төсөл сонгон шалгаруулалтаар өгсөн. Тэр компани нь шүүхэд хандсан. Инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг нь бид шийдчихсэн. Шүүхээр асуудал нь шийдэгдчихвэл түргэн хугацаанд дуусах боломж нээлттэй бий.
-Та аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар 12 жил ажилласан төрийн албаны туршлагатай хүн. Ямар мэргэжилтэй вэ, уншигчид таны тухай төдийлөн сайн мэдэхгүй болов уу?
-Санхүү эдийн засгийн мэргэжилтэй. Булган аймгийн хүн. Энэ нутагт олон жил ажиллаж, амьдарч байна. Нефьтийн салбарт 12, нийгмийн даатгалын салбарт 12 жил ажиллаж байгаад улс төрийн албан тушаалд томилогдоод байна.
-Өмнө нь улс төрийн ажил хийж байв уу?
-Төрийн албаны тухай хууль батлахаас өмнө 2004 онд орон нутгийн сонгуульд өрсөлдөж аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байсан. Тухайн үед улс төрд идэвхитэй оролцдог байлаа.